Wed07302014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home Пүрэв-Очир.Б “Сэгс цагаан богд” уу, аль эсвэл “Сэгсэг цагаан богд” уу?!

“Сэгс цагаан богд” уу, аль эсвэл “Сэгсэг цагаан богд” уу?!

 

Хэл соёл

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

Монгол газар, усны нэрийн сан хөмрөг, газарзүйн нэрийн толь бичигт бүртгэгдсэн оноосон нэр ба тусгай нэрсийг ажиглахад сонирхоод нягтлаад үзмээр содон сонин, бас үүсэл гарвал нь ээдрээтэй, хэдэн янз хувилбартай болсон тийм нэрс цөөнгүй байдаг. Тухайлбал, “Атас богд”-оос өгсүүлээд “Сэгсэг цагаан богд”-ыг хүртэл өдий төдий нэр бий.

Ер, тэгээд наанадаж Монгол орны газрын зураг дээр, “Монголын газарзүйн нэрийн толь бичиг”-т “Богд” гэдэг үг орсон, ямар ямар “уул” байна вэ? гээд л сонирхож, тоолж болох.

Монгол улсын ардын багш, профессор Ш.Шагдар гуайн найруулж хэвлүүлсэн “Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг” (2000)-ээс ийм тийм “Богд” тодотголтой уулсын нэрийг сонирхон түүж үзвэл:

 

1. “Аж богд уул” (Алтайн нурууны том салбар, оргил нь 3802 м)

2. “Арван найман богд уул” (Дорноговь, Мандах сумын нутагт байдаг.)

3. “Арц богд уул” (Говь-Алтайн нурууны Хойд эгнээний хамаг зүүн захын том уул. Оргил нь 2477 м.)

4. “Атас богд уул” (Говь-Алтай аймаг, Алтайн өвөр говийн захаар оршино. Зарим газрын зурагт “Ат” уул ч гэдэг…)

5. “Бага богд уул” (Өвөрхангай аймгийн нутагт Их богдоос зүүншээ, 60 орчим км үргэлжилдэг, Оргил нь Тэргүүн уул, 3590 м.)

6. “Бага богд уул” буюу “Бага Отгонтэнгэр уул” (Хангайн гол нуруунд, Отгонтэнгэр уулаас хойш оршино, 3643 м.)

7. “Бага богд уул” (Дорноговь, Улаанбадрах сумын төвөөс зүүн хойш оршино, 1053 м.)

8. “Байтаг богд уул” (Монголын баруун урд хилийн дагуу сунаж үргэлжилдэг. Оргил нь 3290 м.)

9. “Богд уул” (Хангайн нурууны өвөр, Баянхонгор аймгийн нутагт. Оргил нь 3012 м. өндөр)

10. “Богд уул” (Дарьгангын талархагт, Молцог элсний урд захаар оршдог. Дорнод монголын талын хамгийн өндөр цэг. Оргил нь 1749 м.)

11. “Богд уул” (“Чойрын”, Монголын Дорнод талд, Их боржингийн бүсэд байдаг, “Оцол-сансар” гэдэг аж. Оргил нь 1731 м.)

12. “Богдхан уул” (Хэнтийн нурууны баруун урд төгсгөл, Их тахилгат уулын нэг, хамгийн өндөр цэг нь “Цэцээ гүн”, 2265 м.)

13. “Богдхан уул” (Увс аймагт, Үүрэг нуураас зүүн хойш, оргил нь 2656 м.)

14. “Дулаан богд уул” (Арц богд уулын өврөөр, Нарийн хар уулаас зүүн тийш оршдог, оргил нь 2094 м.)

15. “Жаран богд уул” (Баянхонгор аймгийн нутагт, Их богд уулын зүүгээр оршдог, оргил нь 2757 м.)

16. “Зөөлөн богд уул” (Говь-Алтай аймагт, Аж богд уулын баруун захаар, Алаг нуураас урагш оршдог, оргил нь 2545 м.)

17. “Их богд уул” (Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул. Баянхонгор аймгийн нутгийн төв хэсэгт оршдог. 50 орчим км үргэлжилдэг.)

18. “Их богд уул” (Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сумаас баруун хойш оршдог. 2522 м.)

19. “Өндөр богд уул” (Өмнөговь аймаг, Хөрх уулын урд захаар оршдог. Оргил нь 1466 м.)

20. “Сэгс Цагаан богд уул” (Алтайн өвөр говьд, Баянхонгор аймгийн нутгийн урд захад, Индэрт уулын зүүгээр оршино. Оргил нь 2480 м. өндөр. Зарим ном зохиолд “Цагаан богд” гэж бичсэн байдаг.)

21. “Таван богд уул” (Манай улсын хамгийн баруун хязгаарт, 3 улсын хилийн уулзварт, Алтайн нуруудын хамгийн өндөр цэг - таван оргилтой. Гол оргил нь “Хүйтэн” (Найрамдал), өндөр нь 4374 м.)

22. “Талын богд уул” (Дундговь аймгийн нутгийн өмнөд хэсэгт, Шанагын тойрмын зүүгээр оршдог. Оргил нь 1253 м.)

23. “Хан богд уул” (Өмнөговь аймаг, Галбын уулын урдуур залган оршдог, тахилгат уул. Оргил нь 1651 м. өндөр)

24. “Хүрэн богд уул” (Тахийн шар нурууны зүүн хилээр үргэлжилдэг…) гэх зэрэг 30-аад “Богд”-той нэр, тэмдэглэгдэж бичигдсэн байна. Ингээд харахлаар бараг Монгол улсын 21 аймаг маань “богд”-той уултай байгаа нь сонин юм шүү! Монгол улсын маань дэлгэсэн тэрлэг шиг тэрхүү сонин газрын зураг дээр Дээд тэнгэрийн заяат “Богд” нэртэй уулс, тийм олон байдаг аж. Яахлаараа ийм олон уулыг бүгдий нь “богд” уул гэсэн юм бол? гээд бодмоор. Сүрлэг сайхан дүр төрх, сүлд тахилга, шүтлэг, савдаг сахиус, хүмүүн, байгалийн хүйн холбоотой нь холбогдоод ирэх бололтой юм.

Энэ олон “богд”-той уулаас хамгийн өндөр нь “Таван богд уул” (4374 м.),  хамгаас сонин содон нэртэй нь “Сэгс цагаан богд уул” буюу “Сэгсэг цагаан богд” болно. Энэ судалбар-өгүүлэлдээ бид “Сэгс цагаан богд” уу, аль эсвэл “Сэгсэг цагаан богд” уу? гэсэн ац асуултаар уулынхаа нэрийн учрыг сонирхож үзвэл та бидний хэл соёлын боловсролд ач холбогдолтой юм гэж үзэв.

Монголын газар усны нэрийн сан, нэртомьёог судалсан, газарзүйн зураг зохиосон эрдэмтэн судлаачид бараг л цөм “Сэгс цагаан богд уул” гэж бичжээ. Бас уранзохиолын болон сэтгүүлзүй-нийтлэлийн олон бүтээлд “Сэгс цагаан богд” гэдгээр л бичсээр ирж. Тухайлбал, зохиолч Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, С.Удвал, С.Дашдэндэв, Т.Галсан, С.Эрдэнэ, Д.Нямаа, С.Долд, Т.Очирхүү тэргүүтнээс өгсүүлээд, С.Дандар баатрын дуртхалыг хүртэл сонирхоод үзэхүл бүгд “сэгс…”-ээр бичжээ. Жишээлбэл, “Атас цагаан богд”, “Сэгс цагаан богд”-д ангуучилж явсан хүү, бараа хараа алдсан гэдэг юм хэмээн барин тавин ярьсан байжээ. (С.Эрдэнэ, “Буцааж авах эрх” зохиолоос) г.м.

Гэтэл харин, Монгол улсын анхны ардын уранзохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуай л ганцаараа “Сэгсэг цагаан богд” гэж бичсэн нь бий. Эрдэмтэн-зохиолч, их бичгийн хүн - Дамдинсүрэн алдаж хэлмээргүй еэ. Энэ их эрдэмтний нэг гол онцлог бол мэдэж судалж байж бичдэг, мэдэхгүй зүйлийнхээ талаар ам нээдэггүй, барим тавим баримт мэдээлэлд шүтэж бичдэгт нь байдгийг олон зүйл баримт судалгаагаар нотолж болно доо.

Ц.Дамдинсүрэн, “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл” гэдэг (1974) сэтгүүлзүйн төрөл зүйлээр бичсэн өгүүллэгтээ: “…Тэгээд бичих гэтэл тэргүүний ажилчин залуу эмэгтэйн амьдрал байдлыг би мэдэхгүй юм. Мэдэхгүй юмаа бичиж болохгүй гэдэг нэг хууль зохиолч нарт байдаг. Тэгэхлээр бичих зүйлээ судлах хэрэгтэй боллоо. Яаж судлах вэ? Явж судлахаас бус, сууж судалж болохгүй…” гэж сэтгүүлзүйн нэгэн гол арга, зарчмыг сануулсан байдаг. Тэгэхлээр, Ц.Дамдинсүрэн “Сэгс цагаан богд” уу, эсвэл “Сэгсэг цагаан богд” уу, аль эс бөгөөс “сэгсгий цагаан богд” уу? гэдгийг судалсан, мэдээлэл цуглуулсан, нягталсан байж таарах гээд байна даа. Зохиолч - сэтгүүлч Ц.Дамдинсүрэн 1981 онд бичсэн “Мазаалайг эрсэн нь” гэдэг баримтат-урансайхны зохиолдоо:

[…] Балсан тэргүүтэй шинжилгээний хүмүүс торой модны сүүдэрт, газрын том зураг дэлгээд явах замаа төлөвлөн хэлэлцэж байна. Сая газарчнаар авсан Норжай гэдэг ширвээ хар сахалтай, залирхаг эр чанга дуугаар, их мэдэмхий зааварлаж байна:

-Мазаалайг үзье гэвэл, Сэгсэг цагаан богдод авирах хэрэгтэй. Загийн шандад харуулдан суух хэрэгтэй. Би замыг сайн мэднэ. Дугаржав бид хоёр хэдэн жил Сэгсэг цагаан богдод мал оторлож явахдаа загийн шандад мазаалайг олж үзсэн… Хоёр машиндаа долоон хүн суугаад, Сэгсэг цагаан богдыг чиглэн хөдлөв… Цааш нэлээд явтал говийн чимэг болсон Сэгсэг цагаан богд уул, мөнгөн дээвэртэй, хар хадан хэрэм шиг сүрлэг сайхан харагдана… Сэгсэг цагаан богдын мөнгөн оргил сэтгэлийг баясган, сэрүү татна. […](Ц.Дамдинсүрэн, Бүрэн зохиол -1, 1998) гэж бичсэн байдаг билээ.

Ц.Дамдинсүрэнгийн зохиолд ийнхүү “Сэгсэг цагаан богд” гэсэн бичлэг, хэлбэр анх гарчээ. Гэхдээ уншигчдад “сэгс”, “сэгсэг” гэдэг үгийн утга сайн ойлгогдохгүй байсаар өдгөөг хүрсэн юм шиг санагдана. Иймд “сэгсэг буюу сэгсгий”-г өөр ном зохиол, толь бичиг тэргүүтнээс нягталж үзэх шаардлага гарав. Монгол хэлний “сэгсэг” гэдэг үгийн уг гарвал, утга, түүний зөөж тээж ирсэн мэдээллийг сонирхож үзэв.

“Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь” (Б.Амаржаргал, Л.Балдан, бусад, Уб., 1992) гэсэн нэг товч толь байдаг. Энэ тольд “сэгсгий” (Утга нь: хүүхдийн даахь; монгол бичгээр: “segsegei”) гэдэг үгийг тэмдэглэсэн ба “сэгс” (Утга нь: өвсөөр хийсэн сав, монгол бичгээр “segsu”) гэдэг үгээс ялгаж өгсөн байна аа. Ингээд бодохлоор Ц.Дамдинсүрэн гуайн “Сэгсэг цагаан богд уул” гэсэн хувилбар нь уг гарвал утгаараа зөв хувилбар байж болох нь илүү магадтай болж байна. Учир нь “сэгсгий” нь ярианы болон бичгийн хэлэнд үе-утгалбар хураагдаад, “сэгсэг” болсон, бүр улмаар “сэгс…” болсон байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд ийм зүй тогтол байгаа учир акад.Ц.Дамдинсүрэнгийнхээр “сэгсэг…”, эсвэл “сэгсгий цагаан богд” гэж ярьж, бичиж, ойлгож, хэрэглэвэл илүү утга төгөлдөр байж болох юм аа.

Гэтэл бас “Сэгс цагаан богд” уу, эсвэл “Сэгсэг цагаан богд уул” уу, аль эсвэл “Сөг сөг цагаан богд” уу? гээд бас нэгэн хувилбар ч байдаг нь сонин юм. “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Ижийдээн бичсэн захидал” (2008) номын “Сөг сөг цагаан богд хийгээд тэмээчин бүсгүйн нутгаар” нийтлэлд бичсэнээр болон зохиогчийн над хуучилснаар бол, нутгийн ардууд энэ сайхан уулын нэрийг “тэмээ сөглөх”-ийн “сөг сөг”-тэй холбон тайлбарладаг байна. Түүний уг улбааг эл сүрлэг уулын савдаг сахиустай холбон домоглодог аж. Тэгээд “Сөг сөг цагаан богд” нь яван явсаар сунжирч, хувьсан “сэгс…” болсон гэсэн ардын этимологи тайлбар гаргаж ирж л дээ… Бас л анзаарч, нягтлууштай сонин хувилбар гэж үзэж болмоор.

Өвлийн тасхийм цагт цасан мөсөөр молцоглоод, цагийн өнгийг илтгэж, цан хүүрэг цавцайсан тийм сайхан оргилтой, ийм сайхан ариун дагшин уулын сэрүү татсан мөнгөн дээвэр-зулайн дүр зургийг хүүхдийн даахины “сэвлэг-сэгсэг” буюу “сэгсгий”-тэй зүйрлэн нэрлэснээс утга шилжин үүссэн байж болох магадлалтай байна. Говийн тэр сайхан зулай цагаан уулын оргил тэргүүнд хангайн шинж бүрдэж, зун, намар, өвөл, хаварт ээлжилдэг байж л дээ, гэвч одоо байгаль, цаг агаарын хувирлаас болж, байдал төрх нь их л өөрчлөгджээ.

Энэ бяцхан судалбарын эцэст эргэцүүлбээс, баян Монголын өмнөд хэсгээр Баянхонгор нутаг усны маань урд захыг эмжин үргэлжлэх “Сэгсэг цагаан богд” гэсэн ертөнцийн нэгэн зураг (картина мира) байна аа.

“Сэгсэг цагаан богд” гэдэг газар усны нэр, түүний уг гарвал, хувилбарууд, тайлбар, хэрэглээ, нийгэм-соёлын тал нь хэл бичгийн шинжлэхүй ухааны нэр судлалын тусгай сонин асуудал юм.

Харин “Сэгсэг цагаан богд уул” гэдэг ерөнхий ба тусгайг орон зай, цаг хугацаа, тоо чанарын хувьсал талаас нь харвал, “Цагаан булаг”, “Сүүжийн булаг”, хүүхдийн даахь шиг “цан хүүрэг”, “цасан малгай”-наас авахуулаад л, наранд нэвт цонуулсаар, саранд цоо ширтүүлсээр, салхинд хэмх алгадуулсаар хөлийн бор авдрууд шиг юм үзсэн суварган хүрэн уулс, түүний эргэн тойрон, баян бүрд, эргэх дөрвөн цагийн өнгө аяс, хүн малын амьдрал тэмцэл, хүн байгалийн харьцаа г.з. танин мэдэхүйн нэгэн бүлэг асуудал байгаа юм.

Гэтэл бас “Сэгсэг цагаан богд уул” гэдэг нэрийн домогзүйн улбаа, ардын бэлгэзүйчдийн гаргасан тайлбар, хувилбар гээд л анзаарвал, шашин номын сэжүүр ч хамаатай аж. Энэ гурвыг нийтгэн нэгэн таширт зангидваас “Сэгсэг цагаан богд”-ын талаарх өнөөдрийн бидний “мэдлэг, мэдээлэл” арай баттай болох буй за.

 

 

Comments   

 
0 #4 Guest 2012-04-30 01:17
Богд гэж нэрлэхээс өмнө Түшээ гэж нэрлэж байсан байдаг. Богд хан уулыг Тшээ хан уул, Ханбогд уулыг харин Хантүшээ уул гэх мэтээр.
Quote
 
 
0 #3 Guest 2012-04-27 09:46
Yostoi medeelel avlaa. Oir zergeldee torj osood odoo xurtel duulaagui yum bna. Bayrlalaa.
Quote
 
 
0 #2 Guest 2012-04-26 19:09
bogd gedeg tovd yg baihaa
Quote
 
 
0 #1 Guest 2012-04-26 13:05
Gazar usny heriig zov nerlekh ni chukhal yu. Jishee ni Burkhan Buudai uul gej baidag. Setguulch Seseer guai Khicheengui baatar Gombo-Ishin gedeg zokhioldoo Khokh nuur khurekh zamd Burkhan Buudai nertei bas neg uul baidag gej bichsen baidag. Getel ene uulyn ner Buudai bish Buddha gej deer uyed tuugeer yavsan neg juulchin bichsen baikh yum. Bas Dambiijantsan baisan uulyg Maazun uul gej olon nom zokhiol deer bichsen baidag. Getel gazryn zurag deer Michin uul gej bichsen baikh yum. Iim uchraas uul usny neriig togtookhdoo zovkhon Mongoloor khyazgaarlakhgu i Ovor Mongolyn nutagt baigaa uul usny neriig khurtel negtgen neg mor bolgoj togtooj baival Mongol nutgiin tuukhend mash chukhal yum. Uund neg zuiliig dardakhad Khyataduud uul,usny neriig duraaraa oorchildog baina.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио