Thu10022014

Last updateSun, 28 Sep 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home

Articles

Халх голын дайн хийгээд тусгаар тогтнолын тухай зарим бодол

М.Далайхүү
Цэргийн түүх судлаач, эрдэмтэдийн үзэж байгаагаар Халх голын дайн 1939. 05. 11-нд Монголын зүүн хилийн дагуух 20 орчим км өргөн зурвас газраар японы 6 дугаар Армийн анги нэгтгэлүүд БНМАУ–ын дархан хилд гэнэт халдан довтолсноор эхэлжээ. Энэхүү байлдаанд хоёр талаас 1000 гаруй нисэх онгоц, 600 гаруй их буу, минемет, 200.0 мянга орчим цэрэг, 1000 орчим танк, хуягт оролцож, байлдааны ажиллагаа 4 сар шахам үргэлжилсний 2 сар нь жинхэнэ цус асгаруулсан тулаан байсан байна.   

Японы цэрэг 1931 оны 9 сард Мүгдэн хотыг довтолж 1932 оны 1 сард Манжуурыг эзлэв. Мөн оны 9 сард Манж чин улсын сүүлийн эзэн хаан Пу И-г залж Манжго улс гээчийг байгуулснаа зарлаж өвөрлөгчийн Хөлөн буйр, Жирэм, Зост, Зуу-Үд зэрэг чуулган /аймаг/-ыг эзлэн авч Автономит Монгол улс гэгчийг Манжго улсын бүрэлдэхүүнд байгуулснаа зарлаж, Японы цэргийн хүчийг нутаг дэвсгэртээ байрлуулах тухай цэргийн холбооны гэрээ байгуулж, Квантуны армийн командлагчийг Манжго дахь Японы элчин сайдаар томилов. Зүүн хойт Хятадыг эзлэн авсан Японы цэргүүд 1934 оны эцэс 1935 оны эхээр БНМАУ-ын дорнот хилд тулж ирэн, хилийн дагуу цэргийн хүч хуримтлуулах, засмал зам, төмөр зам, холбооны шугам тавьж, нисэх онгоцны буудал, цэргийн бэхлэлт барьж байгуулж эхлэв.

Манай улсын дорнот хил дээр дайны хярвас ханхалсан ээдрээ түгшүүртэй хэцүү үеүүдэд П.Гэндэн тэргүүтэй Монголын төлөөлөгчид Зөвлөлт засгийн газрын урилгаар 1934 оны 10 сар, 1935 оны 12 сард хоёр ч удаа Москвад айлчилж гэрээ хэлцэл хийсний дүнд 1936 оны 3 дугаар сарын 12-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Тус  протоколоор “БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсыг ямар нэгэн гуравдугаар этгээд халдан довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” хэмээн өмнө нь тохирсон аман хэлцлийг хүчин төгөлдөр баримт бичиг болгож, манай улсыг олон улсын харилцааны эрх зүйн субьект гэдгийг сануулсанаараа чухал үйл явдал болсон юм. Энэхүү үйл явдлаас хойш 75 жил өнгөрч байгаа ч өнөө хир түүхэн ач холбогдлоо алдаагүй байгаа билээ.

1936 оны 3 сарын 01-нд И. Сталин АНУ-ын “Скриппс-говард ньюспейперс” сонины нэгдлийн дарга Рой Говардтай хийсэн ярилцлагадаа “хэрэв Япон БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. Бид БНМАУ-д 1921 онд тусалсан шигээ тусална” гэж мэдэгджээ. Ийнхүү БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд Монголын нутагт ирж, тус улсын дорнот хэсэгт байрлав. Монгол-Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан командлагчаар нь Г.К.Жуков \1896-1974\-ыг томилжээ. Энэ үед бүх цэргийн жанжны орлогчоор корпусын комиссар Ж.Лхагвасүрэн \1912-1982\-г тохоон томилсон байна. 1936 онд батлан хамгаалах зардлыг 2 дахин, цэргийн тоог 30.0 хувь, зэвсэг техникийн хангамжийг 40.0 хувь нэмэгдүүлж, цэргийн алба хаах хугацааг 2 жил байсныг 3 жил болгов.

Монгол Зөвлөлтийн цэргийн ангиуд манай нутагт цөмрөн орж ирсэн Квантуны армийн анги нэгтгэлүүдийг нэгэн зэрэг хэсэглэн бүслэн авч хүчийг сарниулах тактик хэрэглэсэн нь амжилтанд хүрч Японы 25.0 мянга цэрэг дайны талбарт амь үрэгдэж, манай талаас 9824 хүн үрэгдэж шархтжээ. Японы “Асахи” сонины 1939.10.04-ний дугаарт “Болж өнгөрсөн үйл явдал нь цар хүрээ хүнд ноцтойн хувьд нэг өдөр ярьж барахгүй тийм өргөн агуулгатай ажээ. Монголын талд манай цэргийн хүүр багширч үлджээ ...... Номун хааны районд олж авсан сургамжаа бид хатуу санаж байх хэрэгтэй” гэж бичиж байсан байна. Халх голын дайнд оролцсон ахмадуудын дурсамжинд агаарын тулааны үед нар харагдахгүй болж байсан тухай яриа нь тийм ч ор үндэсгүй зүйл биш бололтой.

Зөвхөн 1939.06.27-нд Тамсагт байрласан манай нисэх базыг Японы 24 хүнд бөмбөгдөгч, 6 хөнгөн бөмбөгдөгч, 77 сөнөөгч нийт 107 онгоцоор довтолсон байна. Халх голын энэ дайнд японы тал 660 онгоц, Зөвлөлт-Монголын тал 204 онгоцоо алджээ. Зуу зуугаараа нисэж яваа онгоц байтугай, арав хориороо цуваад явж байгаа машин хараагүй Монголчуудын хувьд энэ агаарын тулалдаан үнэхээр сүрдмээр, гайхмаар байсан нь хэнд ч ойлгомжтой байгаа байх. Ийнхүү Монгол-Зөвлөлтийн арми манай хилд шургалан орсон дайсныг бут цохиж үлдэгдэл хэсэгийг нь үлдэн хөөж хилийн дээс давуулснаар Халх голын дайн дуусгавар болж Япончууд 1939 оны 9 дүгээр сарын 16-нд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар төгсгөл болсон түүхтэй билээ.

1911 онд Богдын засгийн газар, 1921 онд Ардын засгийн газраас дэлхийн нөлөө бүхий гүрэн АНУ, Англи, Япон, Франц зэрэг орнуудад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж элч томилж, цахилгаан илгээж дипломат харилцаа тогтоох талаар санал тавьж байсан ч хариу ирүүлж байсан нь нэгээхэн ч үгүй билээ. Харин Англи 1963, Франц 1965, Япон 1972, ХБНГУ 1974, АНУ 1987 онуудад тус тус манай оронтой дипломат харилцаа тогтоосон байна. Жижиг буурай улсын зовлон гэж ийм байдаг ажгуу.. Улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үхээгүй амь, урсаагүй цус, асгараагүй хөлс гэж байдаггүйг дэлхийн түүх гэрчилнэ. Ийм болохоор тусгаар тогтнолоо аварч үлдсэн өвөг дээдэстээ бид хүндэтгэлтэй хандаж, авах гээхийн ухаанаар дүгнэж цэгнэж явах учиртай. Хэрэв би байсан бол, бид байсан бол тэгэх, ингэх  байсан гэж цээжээ дэлдэх хэрэггүй. Яагаад гэвэл түүхэнд “хэрэв тэгсэн бол” гэдэг ойлголт огт байдаггүй билээ.

Монгол улсын тусгаар тогтнолын тухай ярих бүрт бидний бор тархин дахь санах байгууламж Манжийн дарлалын эсрэг 1755-1758 онд баруун зүүн Монголын ард түмний зэвсэгт тэмцлийг манлайлан тэмцэж явсан Ойрадын Амарсанаа, Хотгойдын Чингүнжав, 1911 оны Үндэсний эрх чөлөөний болон 1921 оны ардын хувьсгалыг удирдаж ялалтанд хүргэсэн баатарлаг хүмүүсийн тухай аяндаа дурсаад эхлэдэг нь нэг л учиртай болов уу?. За тэгээд 1924.11.27-нд БНМАУ-ын анхны “Үндсэн хууль”-ийг батлалцаж, тусгаар тогтнолоо тунхаглаж байсан төлөөлөгчид, 1945.10.02-нд эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх “Бүх ард түмний санал асууулга”-д  оролцож хурууныхаа хээг дарж буй сонгогчид, 1967.11.27-нд НҮБ-ийн нэр хүндтэй индэр дээрээс Монгол улсаа төлөөлөн үг хэлж буй Д.Цэвэгмид гуайн дүр,1990 оны Ардчилсан хувьсгалын жагсаал, цуглааны дүрс бичлэг ар араасаа цувраад, хөврөөд гараад ирэх жишээтэй. Мартаж болдоггүй юм гэж байдаг ажээ.
Одоо бол “морь унаж, мод тохсон, моторт хүлэг жолоодсон, буу шийдэм агссан хүмүүс” ирээд  Монголыг эзлээд авах нь юу л бол. Харин “Хуулийн төсөл сугавчилсан, хүний эрх ярьсан, хуурамч инээмсэглэл бэлгэлсэн зөвлөх  нар л” Монголыг эзлэх нь шиг байна. “Миний нутгийн газар шорооноос сөөм газрыг ч бусдад бүү өг”  гэсэн өвөг дээдсийн сургаал мартагдаж, газар нутгийн 60 хувь нь ашигт малтмал хайх, олборлох нэрээр гадныхны мэдэлд орж, Монгол улсын иргэн оршин суух газраа өөрөө сонгоно гэсэн “Үндсэн хууль”-аар олгогдсон дархан эрх алдагдаж, хэдэн малчид нь харийнхнаар буух газар, буурилах нутгаа заалгаж, хөөгдөж туугдаж явахад манай дээдсүүд газраа, байгалийн баялагаа зарж хагартлаа баяжиж, ТҮ-9 телевизээр гарч буй “Гаадаа мээрэн” киноны Дархан ван аятай залуу үжингээ дагуулаад гадаадын орноор зугаалж явах жишээтэй.

Харин яг өнөөдөр үе үеийн эх орончид амь нас, асгарсан цусаараа дэнчин тавьж, өртөөлөн авчирсан тусгаар тогтнол “дээсэн дөрөө”-н дээр дэнжигнэж байгаа бус уу! Одоо л нэг жинхэнэ Тусгаар тогтносон улс боллоо гэж өмнөхөө үгүйсгэн онголзож байсан хүмүүс  өнөөдөр яагаад дуугаа хураачихваа? Арай санасан санаа нь биелсэн юм биш биз дээ. Хүний үр хүрэн бөөртэй гэж..

2011.05.01.

Comments   

 
0 #4 Guest 2012-03-07 06:35
:D
Quote
 
 
-2 #3 Guest 2011-11-16 06:54
худлаа мэдээлэл бна тоогоо алдаа биз
Quote
 
 
-1 #2 Guest 2011-11-13 05:04
gaigui l yum
Quote
 
 
-2 #1 Guest 2011-05-03 09:35
Mongold odoo 800 000 hujaa bn gej medeelj bnlee !
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио