Fri10312014

Last updateFri, 31 Oct 2014 6pm

 
 

Articles

“АЯНЫ ШУВУУД”- ААС ”САЛХИТ ШУВУУ”- Н ДУУН ХҮРТЭЛ…

(Хөрөг-дурсамж)
 Монгол Улсын Төрийн Соёрхолт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангалын (1948 - 1996) уран бүтээлийн “Гала” үдэшлэг АНУ – ын нийслэл Вашингтон болон дэлхийн соёл, урлагийн нэгэн томоохон төв болох Чикаго хотуудад тун удахгүй 2010 оны 11,12–р саруудыг огтлон болох гэж буй (үдэшлэгийн тухай мэдээллийг http://www.zok.mn/index.php/home/post/718 – с уншиж болно) энэхэн цагийн монголын хөгжмийн амьдралын түүхэн үйл хэргийг урьтан, эл “их хүн” - ий тухай хөрөг-дурсамж бичихийг үүргээ хэмээн сэтгэж, өөрийн бодролыг бичгээр ийн хөрвүүлэхээр шийдвэй…


Дурсамж -1:
 Өдгөөгөөс бараг дөрвөн жилийн өмнө юмдаг.
Чикаго хотын монголчуудын нутгийн зөвлөлөөс зохиодог ээлжит нэгэн үдэшлэгийн үеээр хар дэвсгэр дээр илт ялгарах тод өнгийн зурагтай, роок хөгжмийн илэрхийлэл боловуу гэмээр дүрс бүхий, нэлээд үнэтэй чамин дэлгүүрийнх гэмээр  захгүй цамц өмссөн, чац биеэрхүү, нүдэнд дулаахан нэгэн шавилхан залууг “хуурай дүү” Батбаяр маань танилцуулчихуй. Тэр хүү нэрээ Эгшиг хэмээн танилцуулсан ба “…яагаад ийм дуу хуурын нэртэй байдаг билээ ?!…” хэмээсэнд: “…манайханд хөгжмийн улс олон байдаг юмаа. Та “Соёл - Эрдэнэ” – ийн Зундарийг мэдэх байх. Мөн хөгжмийн зохиолч Хангал чинь манай ээжийн төрсөн дүү байгаа юм…” гээд л ижил сүргээсээ тасарсан он жилүүдийн маань шархыг сэдрээгээдхэв… 

Төдий олон хоног удалгүй л гар утас маань жингэнэн, утасны цаана “…Би Эгшиг байна аа ! Та нэг завтай үеээрээ манайхаар нэг ороод гараач ! Ярьж, хөөрье ! хэмээв…”. Нэгэн үдэш болзоод, түүний өрөө хөлсөлдөг газар очиж, жаал зөөлөн исэг умдаан залгилж, дуу хуурын аугаа ертөнцийн тухай сэтгэлийн хүлээсээ алдартал ярьж хөөрөлдөв. Тэрээр маш баялаг хуурцаган бичлэгийн сантай ажээ. Миний мэдэхээс авахуулаад л огт мэдэхгүй роок пооп хамтлаг дуучдын бүхэл бүтэн чемодаан дүүрэн хуурцгаа тэрээр тун нандигнан, үр хүүхэд, амраг ханиасаа ч илүүтэй үздэг мэт сэтгэгдэл төрөхөөр дээдэлж буйг нь үзээд, үнээр бахархаж суув. Метал роок хөгжмийн урсгалын өнөөгийн ололтын тухай лекцийг ассан дөл шиг, итгэл цогтойгоор урсган уншиж, энэ талын мэдлэгээр дульхан манийг тэр үдэш гэгээ таттал сэнхрүүлсэн билээ л...

Эгшиг хүү үнэхээр л Монголын хөгжмийн нэгэн том гэр бүлийн гишүүн нь мөн ажээ…
 Энд дурьдан буй олдмол ах дүү хоёрын халуун яриан дундуур тэрбээр “…Надад Америкт ирсэн ганцхан биелүүлэх хүсэл байдаг юм. Хангал ахын л уран бүтээлийн концертыг энд нэг хийчихмээр байна. Та тусалж чадах уу ?! хэмээн нүдэнд нь зоримог хийгээд гүн сэтгэлийн илрэл болж, нулимс багахан цэлэлзүүлсэн нүдээр гуйнгуй харцаар харж билээ…”…

Дурсамж – 2:
З. Хангал гуайн гэргий МУГЖ Д. Ягаанцэцэг гэж нэгэн үе монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр нь гарч, алдар хүндийн тавцанд агаарын нислэгт гимнастик хэмээх урлагаар дөрөөлөн авирч, жинхэнээс ᠌”жинхэнэ урлагийн од” болон гялалзаж, төд удалгүй дэлхий дахинаа шаагин, Монгол Циркийн манежийг үзэгчдийн дуу хадаатал уулгалуулж, “Нисдэг Буниа” гэдэг шиг агаарт нисэнгээ гурвантаа хий эргэн байсан үе тэртээ хол бишээ…

Энэ хүний тухай дуулж сонсож, тоглолтыг нь багадаа үзэн сууж байснаас бус нүүр учирч байсан нь саяханыг болтол үгүй юм. Учир нь тэртээ дээр гялалзах одон ахуй мэт над мэтийн урлаг дахь нялхасын санахын ч аргагүй гялбаан байсаар ирсэн хэрэг.

Өнгөрсөн хаврын эхээр юмдаг.

Тодруулбал, 2009 оны 5 – р сарын 8, 9 – ний өдрүүдэд АНУ – ын нийслэл Вашингтон Ди Си хотод зохиогдсон АНУ дахь Монгол Урлаг, Соёлын Ажилтны Анхдугаар Чуулга Уулзалтын үеээр “зууны манлай” уран нугараач, “ардын жүжигчин, төрийн шагналт” Б. Норовсамбуу, манай анхны мэргэжлийн илбэчин “гавьяат жүжигчин” Х .Цэнд – Аюуш, алиалагч “ард түмний гавьяат” халзан Цээеэ (буюу Дорлигийн Цэдэнбал), “шаамий” Латиф нартай нэгэн үе дүгрэг циркийн үзүүлбэрийн тайз зиндаархан булаалдаж явсан, үнэхээр “урлагийн алтан үе” – ийн төлөөллийн нэгэн болох амьд домогтой учран золгож, нэр усаа хэлэн танилцах завшаан тохиовоо. 

Ягаанаа эгч энэхүү чуулганы үеээр монголын циркийн урлагийн хөгжлийн талаар тусгайлан үг - илтгэл хэлсэн ба түүний яриа ихэд эмх цэгцтэй, аргагүй л Их Урлагийн “халуун чулуу долоож, хал үзсэн хүн” гэдэг нь мэдрэгдэж байлаа. Тэрээр энэхүү чуулганы үеээр нэгэн санал өчингөө : “…Би өөрийн бүрлээч ханийнхаа дурсгалыг хүндэтгэн, уран бүтээлийг нь энэ оронд эгшиглүүлэх бодолтой байдаг юм. Үүнийг биелэл болоход урлагийн мэргэжлийн та бүхэнээсээ тусалж дэмжихийг хүсч байна…” гэсэн утга бүхий үг хэлсэн ба үүнийг бичигч ч дуталгүй чадах зүйлээ хийхэд бэлэн гэдгээ хэлэхийн сацуу тус чуулганы нэгэн оролцогч  хийгээд зохион байгуулагчдын нэгэн, хичээл орж байсан шавь, морин хуурч Уртнасанг Ягаанцэцэг гуайтай танилцуулж, Хангал гуайн морин хуур, цөөхүүл найрал хөгжмийн концертыг нь гоцлон хөгжимдөхөд бэлэн гэдэг амыг нь сонссон билээ л…

Дурсамж – 3:

 Одоогоос 30 гаруй жилийн тэртээд юмдаг.
 Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн дунд ангийн сурагч бидэнд Гадаадын Хөгжмийн Уран Зохиол гэдэг хийчээл цагийн хуваарийн дагуу долоо хоногт хоёр удаа ордог байв. Нэгэн удаа энэхүү хичээлийг заахаар Бийтлэзийнхэний пянзны зурган дээрх төрхтэй төстэй  урт үстэй (тэр үед сургууль соёлын эрэгтэй сурагч, оюутнууд үсээ урт ургуулах мөн бариу хийгээд тарпээзэн өргөн өмд өмсөх нь хориотой байсан ба “хөрөнгөтний моодыг дагалаа” хэмээн ангийн багш, хичээлийн эрхлэгч нарт хүчээр хайчлуулдаг ёсон байсан хэрэг), бариу жийнсэн өмдтэй, дугариг цулцгардуу бөөрөнхий цагаан царайтай залуувтар биеэрхүү багш Өрнө дэхиний хөгжмийн Барокко урсгалын гол төлөөлөгч болох Герман үндэстэн Иохан Себастиан Бахын (1685 - 1750) хөгжмийн уран бүтээлээс бидэнд танилцуулах хичээл оров. Түүний хичээл заах нь тийм ч мундаг гэж хэлэхэд бас боломгүй, нэлээд ширүүн багш боловуу гэсэн сэтгэгдэл төрүүлмээр. Тэрээр манай ангид тийм ч удаан хичээл ороогүй ба удалгүй балетын бүжгийн ангийн төгөлдөр хуурч - концертмейстерээр ажилласан байх.

 Хөгжим Бүжигт сурч байхдаа хөгжмийн зохиолч З. Хангал багшийн туурвисан фанфар буюу дуудлага хөгжмийг Эвлэлийн Их хурлын хүндэтгэлийн концертыг нээж (Ю. Цэдэнбал дарга, гэргий Анастия Ивановна Филатова нар биеээрээ хүрэлцэн ирсэн байсан хэрэг) нарийн бүрээний ангийн хүүхдүүдтэй хамтран бүрээдэж байсан ба МХЗЭ – ийн XVIII их хурлын төгсгөлийн найрал дуунд найрал дуучин хүүхдүүдийн дунд зогсон, “Миний нэр МХЗЭ” дууны дахилтыг нь түрж байсан зэргээр энэ том хүний уран бүтээлтэй анхлан танилцаж эхэлсэн юмдаг.

Эдгээр бол үүнийг хөрвүүлэгчийн хүүхэд ахуйдаа Хангал хэмээх хөгжмийн зохиолчийг анхан удаа нээж харсан сэтгэгдэл болой…

Хожим нь энэ эгэлгүй хүнтэй амьдралын элдэв мөчлөгт хэд хэдэн удаа таарсан юмдаг…
1989 оны хавар энэхүү бичвэрийн эзэн Монголын Хөгжмийн Зохиолчдын Хороонд гишүүнээр элсэхдээ тус хорооны нарийн бичгийн дарга нарын хурлаар орох болсон ба манай анхдагч суут хөгжмийн зохиолчид Л. Мөрдорж,Б. Дамдинсүрэн, С. Гончигсумлаа, Ж. Чулуун, Г. Бирваа нарын дунд Хангал хөгжмийн зохиолч зиндаархан сууж харагдсан сан…

1991 оны намар юмдаг.
Хөгжмийн Холбооны шинэхэн дарга, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргал (1954 – 2008) тус холбооны хөгжмийн судлал, шүүмжлэл хариуцсан нарийн бичгийн даргын сонгуультны хувьд эл дурсамжийг мутарлагчид төрийн шагналт хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн үдэшлэгийг тайлбартайгаар хөтлөн явуулах, өмнөх үгийг нь өндөр түвшинд, нухацтайгаар бэлтгэх үүрэг оноосон юм. Энэ нь манай холбооноос уламжлал болгон зохиож ирсэн “Алтан намар” хөгжмийн наадмын тэр оны цөм арга хэмжээ байсан хэрэг. Энэхүү үдэшлэгийн хөтөлбөрт Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996), Ардын жүжигчин, төрийн шагналт Жамъянгийн Чулуун (1928 - 1996), Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Билэгийн Дамдинсүрэн (1919 – 1992), Ардын жүжигчин, төрийн шагналт Дагвын Лувсаншарав (1927), Ардын жүжигчин, Төрийн шагналт Самбын Гончигсумлаа (1915 - 1991) болон энэхүү хөрөг – дурсамжийн эзэн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Зундуйн Хангал (1948 - 1996) нарын хөгжмийн бүтээлийн охь дээжис багтаж, зохиогчид нь үзэгчийн танхимд хүндэт суудалд заларч, бүтээлээ чагнаж байлаа. Энэхүү төрийн шагналт хөгжмийн зохиолчдын концертонд З. Хангалын морин хуур, цөөхүүл найрал хөгжмийн концерт (1989) нь тоглогдсон ба өдгөөгийн Ардын жүжигчин, морин хуурч Ч. Батсайхан тун хичээнгүйгээр хөгжимдсөн санагдана.

Эл арга хэмжээг Монголын радио, телевиз Монголын Үйлдвэрчний Төв Зөвлөлийн Ордоноос бичлэгээр орон даяар нэвтрүүлж, алтан сандаа ч хадгалсан байх. Ийнхүү Хангал гуайн уран бүтээлийн лабораторид анхлан нэвтрэх үүд хаалга үүнийг дурсан буй судлаачид  нээгдэж эхэлсэн нь энэ…

1995 оны намрын эхэн цаг юмдаг.
Нэгэн өдөр ангийн маань анд, хөгжмийн зохиолч Нямаагийн Болд уулзаад: “…Хоёул Хангал багшийн гэрт нь очъё ! Өмнөд Африкаас ирээд, ганцаар гэрээ сахиж байгаа гэнэ. Жаал гадны сонин сонсъё…” хэмээгээд, төдий олон өдөр удалгүй дундаа ганц юм гуялан, “гурван өндөр” – ийн дунд байрлах өндөр өргөө харшид явж орчвоо…
Тэдний гэр нь тохилог агаад тансаг аж.  Аргагүй л нэг том композитор ингэж амьдармаар даа гэмээр. Ерөөс ангийн анд бид хоёр анх удаагаа л Хангал багшийн гэрт нь орж үзэж байгаа нь энэ. Өмнө нь бид Мөөеө багшийнд бүүр сурагч байхдаа 220 – д очиж шавь орцгоож байснаас өөр алдартай хөгжмийн зохиолч айлаар тэр бүр орж үзээгүй байсан хэрэг.
Уг байрыг үүнийг өчигчийн Соёл, Урлагийн Хөгжлийн Хороо (дарга нь тэр үед Б. Бадарууган, орлогч даргаар нь Н. Энхбаяр (МУ-ын ерөнхийлөгч асан) нар ажиллаж байв) – нд хөгжмийн бодлогын асуудал эрхэлсэн алба хашиж байх үед урлаг соёлын нэрт зүтгэлтнүүдэд хуваарилсан ба орос ах нарын шилдэг технологиор бэлгэнд шилжүүлсэн гэх энэхүү боловсон сууц нь тэнгэр баганадсан өндөр хийгээд дотроо харуул хамгаалалттай үнэхээр сүрдэм, тансаг эд ажгуу.
Хангал зохиолчийн хуучин байр нь яг циркийн баруун хажууд байсан ба тэрхүү байрыг нь үүнийг сийрүүлэгчид шилжүүлэн өгөх яриа гараад, удалгүй битүүлгээр сураг алдарч байсан нэг түүх өмнө нь буй билээ.
Ангийн анд бид хоёрыг Хангал багш тун өөриймсөг угтсан ба уран бүтээлийн тухай яриа өрнүүлцгээж, тэрээр дуурийн театраас шинэ бүжгэн жүжгийн хөгжмийн захиалга аваад ажиллаж байгаа, бас бус циркийн чимэглэл хөгжим Өмнөд  Африкт байхдаа туурвисан мөн “хоёр Жа” – тай жоохон таарамж, үл ойлголцолтой байгаа зэрэг зүйлсийг ярьж билээ. Ер нь хол явсан аялал нь нэг их таалагдаагүй янзтай, нэлээд сэтгэл ханамжгүй аясаар өгүүлэх ба зүрх нь хүчтэй хатгах болсоноос гашуун нясуун зүйл бараг хэрэглэхээ больсон гэхчилэн зүйлсийг хөөрсөн сөн.
Тэрбээр нэлээд чухалчилан, энэхүү дурсамж бичигчид : “…Бидний тогоон дахь явдлыг чи л хойч үед үнэнээр нь хүргэх үүрэгтэй шүү…”  хэмээгээд ихэд найдвар тавьж, итгэдэг тухайгаа нэлээд нухацтай хэлж билээ…
Энэ явдлаас төдий удалгүй дурсамж өгүүлэгч “алтан Москва” зорьж, Ломоносовын сургуульд “гавжийн дамжаа” барихаар одсон ба хэдхэн  сарын дараа их зохиолчийг өнгөрсөн гэх мэдээ нутгаас дуулдаж, ихэд харуусахын сацуу сүүлчийн уулзалт маань түүний гэрээс нь байж дээ хэмээн хожимдон ухаарсан билээ л…

Жич дурсамж:
Зундуй гуайн гурван хүүтэй нь үүнийг сийрүүлэгч урлагийн жим нийлэх тавилантай байсанж. Эдгээр хөвгүүд нь цэл залуугаараа шахуу хорвоог орхисон хэдий ч монголын орчин цагийн хөгжмийн урлагт тодоос тод төлөөлөл болж түүхнээ үлдсэн юмаа.
Эхнийх нь энэхүү хөрөг – дурсамжийн гол баатар хөгжмийн зохиолч Хангал. Удаах нь Хангал зохиолчийн төрсөн ах Эрдэнэбилэг болой. Тэрбээр өгүүлэн буй бичвэрийн эзэнд төгөлдөр хуурийн хөгжимдөх аргыг заасан ачтан багш маань билээ.
З. Эрдэнэбилэг багш бидний бага ахуйд ерөнхий төгөлдөр хуурын хичээл “хөгжим бүжиг” – т орохын сацуу үндэсний хөгжмийн болон бүжгийн тэнхимд концертмейстер давхар хийдэг байж билээ. Энэ багшаар бараг гурван жил хичээл заалгасан нь цааш консерваторид суралцахад тун их ахиц, түлхэц болсон доо.
Тэрээр БНХАУ – ын Шанхай хотод хөгжмийн сургууль төгссөн шинэ монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурчдын нэгэн төдийгүй чухам анхны эрэгтэй төгөлдөр хуурч байсан юм. Тэрбээр тун дуу цөөтэй, хэтэрхий гэмээр чимхлүүр нямбай, эмзэг нэгэн байж билээ.  Эрдэнэбилэг багш хүүхдүүдэд хичээл заахдаа загнахгүй ч гэлээ зөөлхөн аядуу хийгээд баргилдуухан хоолойноос нь цаанаа л нэг эмээцгээдэг байсан сан. Түүнийг тун мэдрэмжтэй, өндөр ур чадвартай хөгжимчин гэж үеийнх нь хэлцдэг байсныг сонссоон…
Эрдэнэбилэг, Хангал нарын дүү нь Жүүдий буюу “Соёл - Эрдэнэ” – ийн Зундарь юм. Түүний дуунуудыг хийгээд гитарын уянгат аялгууг нь 70  - 80 -  аад оны идэр залуус үнэхээр хошууран, улайрч сонсдог үе байсаан. “Ар царамын цэцэг” гэх ардын ч гэмээр дуунаас нь авахуулаад ”Сэтгэлийн жигүүр”, ”Зүрхний айзам” гээд л түүний хийт дуунууд олон арваар үргэлжилнээ…
1990 оны намар X хорооллын нэгэн байрны зургаан давхарт үүнийг өгүүлэгч Зундарийнхтай айл бууваа. Түүний хэнз хүү нь Эгшиг нэртэй хөөрхөн, сэргэлэн жижигхээн банди байх. “Том” Эгшигийн тухайд тус дурсамжийн эхэнд өгүүлсэн ба энэ балчирхан хүү нь гэр зуураа “бага” Эгшиг хэмээгддэг аж. Энэ айл бүл ийн хоёрын хоёр Эгшигтэй юмсанж.
1991 онд “ Соёл - Эрдэнэ” хамтлаг 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн юм. Зундарь нэгэн үдэш хаалгыг маань тогшиж, орж ирэнгээ “…Ойд зориулж манай хамтлагийнханыг дууны түүврүүдээ гарга гэсэн юм. Минийхийг чи редакторлох уу !?…” л гэж байна. Нэг их бодож саналгүй “…тэгье…” л гэлээ. Ингээд төдий удалгүй тус хамтлагийн ойн жижгэвтэр нимгээн номууд хэвлэгдэн гарахад гурван ч ном – түүврийнх нь өмнөх үгийг бичиж, ноот сэлтийг нь хянан тохиолдуулах завшаан тус бичээчид тохиож билээ…
Хөгжмийн зохиолч З. Хангал гуайн хүү Булганыг манай пооп роок сонирхогчид “Харанга” роок хамтлагийн даралтат хөгжимчин байсан гэдгээр нь мэдэх хэрэг. Тэрбээр үүнийг сийрүүлэгчээс нэлээд доод ангид “их номч” Бямбын Ринчин гуайн зээ охин, манай нэрт төгөлдөр хуурч, Ардын жүжигчин Тувааны Цолмонгийн ангид суралцаж төгссөн ба хожим нь сонгодог чиглэлээр бус тэр үеийн хэлээр эстрад хөөж, өөрийн алдар нэрийн хуудсыг монголын их урлагт үлдээсэн бөлгөө…

Үргэлжлэл бий

Хөгжмийн судлаач – шүүмжич, доктор Б. Батжаргал
АНУ – ын Чикаго хот
2010 – 10 - 27

 

Comments   

 
0 #13 Guest 2011-05-11 06:59
:zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz :zzz
Quote
 
 
0 #12 Guest 2011-05-09 10:31
teneguud
:-*
Quote
 
 
0 #11 Guest 2011-05-09 10:30
whahahaha
Quote
 
 
0 #10 Guest 2010-11-20 09:25
доктор Батжаргалаа та юу хэлэх гээд байгаагаа тодруулна уу. Ер ойлгогдохгүй байна. Үүнийг чинь эссэ гэх үү, хөрөг гэх үү? эсвэл "буу хална" гэх үү. Тэр хүнийг хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгч гэдгийг бидний монголчууд бүгд л мэднэ. Харин та бидний мэддэг дээр юуг шинээр хэлэх гээд байгаа юм бэ? Таны хэллэг, мөн бичлэгийн арга зуун жилийн өмнө хаягдаад байгаа шүү, эрхэм юуны доктороо...
Quote
 
 
+1 #9 Guest 2010-11-14 03:50
saihn l bolson bn gj bodoj bn, vrgeljlel bii gj bn shvv dee, hvmvvsee :-)
Quote
 
 
-2 #8 Guest 2010-11-06 01:18
:zzz
Quote
 
 
+2 #7 Guest 2010-11-06 01:17
Ene hunii setgel N !!!! saiha yum daa...
Harin bichver n Ulsiin Filarmorniin Uhnaa gegch
koncert hutlohdoo DANDAA uuriigoo oruulj hutuldog
shig yum bolood baina aa.
Iem dursamj tudii zil bichij baiga ayum bol zugeer
Batjargal geed l bichin orond hugjim sudlaach shuumjich, doctor ene ter gej ireed l.. kk.. Tegsnee isgeluun umdaa uusnaa yariaad l...nuguu Aldart Shirchingiin baatar lugaa adil yum bolj baih shig l bn daa . Uul n ene hun iem baigaagui yum daa... Orchin ueiin dajgui setgedeg NICE GUY baisan san.. Horvoo gej huniig chi MUSHIGUURULAH yum daa ooo..
Quote
 
 
0 #6 Guest 2010-11-01 06:10
Uuniig bichigch, uuniig siiruulegch, uuniig terlegch... geh meteer uuriiguu l zavsar n havchuulj bicheed baih boltoi yumaa! Esvel uuriinhuu hurug niitleliin zavsraar n Hangal guain talaar dursamj shurguulaad baigaa ch yum shig! Suuldee ene chin"Hangal guain tuhai hurug uu?! Batjargal guain hurug niitlel uu?!" gej uuruusuu asuuhad hurlee. :sigh:
Quote
 
 
0 #5 Guest 2010-10-30 20:44
Alivaa yumiig bichihed emh tsegts des daraa ehlel ornol togsgol geed olon yum bii shuu. Sanaand orson uguulberuudee holij hutgaad bicheed baival 2 dugaar angiin huuhed ch iim yum bichij chadna. Naad US d chin dund surguulid n esee bichlegiig lut zaadiin shuu
Quote
 
 
0 #4 Guest 2010-10-28 15:54
ene chin duusaagui urgeljleltei gej baina shde jaahan tevcheereti baitsagaaya humuusee shuud l hun shuumjilchih bololtoima
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио