Wed07302014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 

Articles

СУУТНЫ АХ ДҮҮС

Л.БАТБАЯР  СОНИН ТОХИОЛ номоос
Хөгжмийн суутан Петр Ильич Чайковскийн үхлийн шалтгаан тодорхойгүй. Түүний амьдрал битүүлэг, хөгжим нь нууцлаг, үхэл нь оньсого. Сексийн хувьд гэхэд л тэр үед тун ховор, тун нууц байсан гомо байв. Бүр хожим 1960-аад онд Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд Сургуульд зарим нэг багш нь оюутнуудтайгаа гомодсон хэрэг гарч бөөн хэл ам дэгдэхэд /мэдээж энэ тухай тэр үеийн ЗХУ-ын хэвлэлд юу гэж дурдахав/  Соёлын Яамны сайд Фурцева авхай тус сургууль дээр ирж, багш – оюутны хурал хийлгэж, “Та нар агуу их Чайковскийн нэрэмжит сургуульд яаж ийм бузар булай хэрэг хийж чадаж байна аа” гэж индэр балбан зандчихад Петр Ильичийн гомо байсныг сайн мэдэх хөгжмийн сургуулийнхан урдаас нь нирхийтэл инээлджээ. Фурцева харин тэд яагаад инээлдсэнийг хэзээ ч ойлгоогүй өнгөрсөн гэдэг.


1883 оны 10-р сард Чайковскийн 6-р симфонийг Язгууртны хурлын танхимд тогложээ. Петрбургийн хөгжмийн хүрээнд шинэ симфонийх нь тухай бүр хэдэн сарын өмнөөс шуугиж байсан юм. Гэтэл ... үзэгчид зохиогчийнх нь өндөр их алдар хүндийг бодоод арга буюу алга ташиж, шүүмжлэгчид “Найрал хөгжмийн удирдаач нь тэр орой тун тааруу байв” гэцгээлээ. Яг 10 хоноод Петр Ильич нас барлаа. “Тэгнэ ээ тэр, нэг л хачин хөгжим байсан юм, үхлээ зөгнөж байж. Моцарт үхэхийнхээ өмнө “Реквием”-ээ бичсэн шүү дээ” гээд л Петрбург даяар шуугиж гарлаа.

Ингэхэд Чайковский хэрхэн яаж өнгөрсөн бэ? Албан ёсны, өөрөөр хэлбэл эмчийн магадлагаагаар бол гэдэсний хижиг өвчнөөр. Гэвч талиигаач-д амар тайван нойрсох боломж өгсөнгүй. Эхлээд “хүнцэл ууж амиа хорлосон” гэсэн цуу түймэр шиг л тархлаа. Үнэн Алдартны шашинт Орос оронд аминдаа хүрнэ гэдэг том нүгэл. Тийм нүгэлтнийг хүлээж авах сүм ч байхгүй, хойтохыг нь унших  лам ч олдохгүй. Тэгэхлээр, удаан жилийн зузаан холбоотой хувийн эмч нь хүнцлийг хижиг гэж оношилсон хэрэг. 1893 оны 10-р сарын 21-ний өглөө босч ирэхдээ бие эвгүй байна гэж хөгжмийн суутан гомдоллож байжээ. Гэхдээ үхэх тухай бодсонгүй, хоёр ч захидал бичиж илгээсэн байна. Нэг нь бүр ирэх зуны айлчлан тоглолтынхоо талаар урдчилан тохиролцоо хийсэн захидлыг зохион байгуулагчдаа бичжээ. Хэвлэлд энэ тухай мэдээлмэгц өнөө цуу үгийн чиглэл өөрчлөгдөж “Амиа хорлосон биш, хүн хорложээ” гээд л шуугиж гарлаа. Нээрээ л амиа хорлох гэж байгаа ямар л хүн ирэх зуны тоглолтынхоо талаар бичиж суухав. Харин хижгээр үхсэн гэдэг албан ёсны мэдээлэлд хэн ч итгэсэнгүй. Петр Ильич гэдэсний хижгээр үхэх гэж үү? Арай ч дээ, ядуу гуцуу, бохир заваан амьдралтай хотын борчуулын нэг байсан биш дээ, ямар. Ариун цэврийг чанд сахидаг, цэвэр цэмцгэр, ихэмсэг тансаг тэр эрхэм 14-тэйд нь эх нь хижгээр үхсэн тул насан туршдаа хижгээс болгоомжилж явсан.  Тэр муухай өвчний талаар маш сайн мэдлэгтэй байсан. Хүнцлийн хорын шинж тэмдэг хижиг өвчнийхтэй ойролцоо нь үнэн. Туршлагагүй муу эмч андуурч будилах нь бий. Харин Петр Ильичийн хувийн эмч доктор Бергенсон муу эмч биш ээ. Суут Чайковскийн хувийн эмч яахин муу байх вэ. Хал балгүйгээр нь хижгээр үхсэн гээд чихчихэж. Хөгшин еврей хөгжимчин Билибибович шарилынх нь дэргэд сөхөрч суугаад талийгаачийн дух магнайг зөндөө үнсэж үнгэж сүйд майд болсон, хижиг туссан юм алга, зүв зүгээр эрүүл саруул явж л байна. Үгүй, Чайковский хижгээр үхээгүй.  Харин хэн түүнд хүнцэл өгч хорлосон бэ? Гэр орон, хоол унд, аяга тавгийг нь хүртэл сайн мэддэг хүн байж таарч байна. Хамт амьдарч, эсвэл орон гэрээр нь орж гарч, хоол унданд нь хүнцэл хийж чадах тэр хүн хэн бэ? Хэн байдаг юм, авьяасгүй зохиолч, арчаагүй бэртэгчин, атаач хорлогчин, дүү Модест Ильич л байхгүй юу. Өөр хэн байдаг юм.

Модест Ильичийн ажил хэрэг тэр үед тун тааруухан байлаа. Жүжгүүдийг нь тавих театр олдохгүй. Арай гэж тавихаар үзэгчид нь эвшээгээд, шүүмжлэгч нар нь эгдүүцээд. Ахыгаа нас барсан өдөр ч Модест жүжгээ орхисонгүй,  театрт очжээ. Тэр ч байтугай бүр гол баатраа хор ууж үхүүлэх сонирхолтой шийдэл бодож олсон байна. Харж байна уу? Харин яагаад тэр, ахыгаа хорлох болов? Ажил үйлс нь аяндаа бүтэж, амьтан хүн бишрэн дагадаг агуу авьяастай ахдаа атаархаж хорддог ч байлаа, хайрлаж хүндэлдэг ч байлаа. Тэр гайт өдрийн урд орой Модест ахаасаа жүжиг тавих мөнгө зээлүүлээч гэж ахиад л гуйжээ. Тэвчээр нь барагдсан Петр Ильич: “Чиний олхиогүй жүжгүүдийг тавих мөнгө найз нөхдөөсөө зээлсээр, дараа нь өмнөөс чинь төлсөөр би бүр залхаж гүйцлээ. Хэрээ мэдэж амьдрах цаг чинь болжээ. Үзэгчдийг залхаасан балай жүжгүүд бичихээ болиод урьд нь хийж байсан мужийн захирагчийн ажлаа хиймээр юм. Чи тэр ажлыг харин гайгүй хийж чадаад байсан шүү дээ” гэж зэмлэх сургахыг хослуулан хэдэн хатуу үг чулуудаад, араас нь унтахынхаа өмнө ууж заншсан хундага коньяк унтлагын өрөөнд минь авчирч өг гэж эгээ л гэрийн зарцдаа хэлж буй мэт ажиггүй хэлжээ. Үнэн үг хэдий хатуу бөгөөд гашуун ч чухам хундага коньяк авчир гэсэн тэр үг нь Модестийг галзууртлаа уурлуулах нь тэр. Ээ Модест Ильич, тэгтлээ эгдүүцэх ч гэж дээ. 19-р зуун шувтрах үеийн Хаант Орос гүрний язгууртны амьдрал аа гэж. Хундага коньяк оронд нь хүргэж өгнө гэдэг бол чухам гэрийн зарцын ажил байж. Багтартлаа уурласан Модест галын өрөөнд явж орвол шөнийн цагаар Петрбургийг хаанчилдаг хархын эсрэг хор – хүнцлийг жинхэнэ орос зангаар ил задгай тавьсан нь нүдэнд нь тусчээ. Ямар тунд хүн үхдэг юм бол?

1916 оны 1-р сарын 2-нд Модест Ильич нас баржээ. Дэлхийн 1-р дайны түймэр ид дундаа дүрэлзэж, зөвхөн Бессарабид гэхэд л нэг сая 600 мянган серб хүнийг аймаглан устгаж байсан тэр аймшигтай цагт хэн ч түүний үхлийг хайхрах билээ дээ.

                    Х        х        х

Холландын империоссинистуудын сод төлөөлөгч Винсент Ван Гог амьдралдаа ганцхан удаа, ганц л зургаа 400 франкаар зарсан түүхтэй. Орь залуудаа буянт үйлсэд амьдралаа зориулая гэж Христийн номлогч багш /пастор/ болж ч явжээ. Хүнд бэрх ажил амьдралтай уурхайчдын дунд яг л тэдний адил амьдарч хамаг гачигдал зовлонг нь хамт хуваалцдаг байсан түүнийг уурхайчид, гэр бүлийнхэн нь чухам Есүс шиг сайн сайхан хүн гэж үнэхээр хайрлан хүндэлдэг байв. Номлогчоо болиод, уранзургийн замд хөл тавихдаа уранзураг гэдэг бол өөртөө төрсөн сэрэл сэтгэгдлээ дүрслэн буулгах учиртай болохоос аливааг яг амьд юм шиг хуулбарлан буулгах ёсгүй гэсэн, тэр үедээ сонин жигтэй, нийтээр хүлээн зөвшөөрсөн том зураач нарын араас дагаагүй, тийм замаар явжээ. Эв хавгүй бие хаатай, дүр төрх нь ч тийм аятайхан бус түүнд нэг ч хүүхэн дурлаж байсангүй, гэр бүлийн жаргал эдэлж үрийн зулай үнэрлэсэнгүй өнгөрчээ. Өөрөө бол хүүхнүүдэд бишгүй л дурлаж явсан ч хариу хайр ганц ч удаа гялайсангүй. Өөрөө ч, зураг нь ч ойлгомжгүй, “тийм нэг хачин маркийн хүн” учиргүй хайраа илчлээд байхаар нь цаад /ээлжит/ хүүхэн нь урдаас нь тоглоом тохуу хийж: “Чи надад тийм л чин хайртай чинь үнэн юм бол чихээ огтлоод өгчих” гэсэнд өнөө Ван Гог чинь үнэмшсэн ч юм уу, өвчин нь хөдөлсөн ч юм уу, өрөөсөн чихээ огтлоод үнэн хайрынхаа хамт өргөн барьсан түүхтэй. 1. Ийм хүнийг чинь хэрхэн ойлгож яаж хайрлах юм бэ. Чихээ боочихсон “Өөрийн хөрөг”-өө /Автопортрет/ зурж үлдээсэн нь ч бий.  Бас нэг удаа, авьяас авьяасаа таньсан, бие биеэ хайрлан хүндэлдэг зураач, эрхэм анд Поль Гогений араас харанхуй шөнө Парисын гудамжаар хутга барьчихаад алах гээд дагаад байжээ. Шөнийн гудамжаар хутга барьчихаад дагаад байгаа хүн чинь алах л гэсэн байх даа. Алим, жимсний цэцэг навчтай мөчир гишүүг огтлон авч өргөн барих гээгүй нь л лав. Үхтлээ айсан Гоген эргэн эргэн хялалзсаар хурдлан зугтаж гэртээ эсэн мэнд орж ирээд хаалга, цонхоо дангинатал түгжиж, тэр шөнийг тун түгшүүртэй өнгөрүүлжээ.

Сод зураачийн хамгийн сонирхолтой агаад сургамжтай нэгэн түүхийг хэлбэл Гоген, Сезанн гээд санаа нийлсэн хэдэн лут зураач найзтайгаа үйл, үзлээ нэгтгэж уранзургийн шинэ урсгал чиглэлийг тунхагласан өөрсдийн нийгэмлэгээ байгуулая гэж хэлэлцээд, Ван Гогийн урьд нэгэн цагт лам явсан нийгмийн идэвх гэнэт сэргэж тэр нийгэмлэгийнхээ нарийн бичгийн дарга, ухуулагч, зохион байгуулагчаар өөрийгөө сайн дураараа томилоод, өөрийн гэсэн өрөө, ширээтэй болж аваад, нийгэмлэгийн дүрэм журам, бүртгэл, гишүүнчлэл, танилцуулга, сурталчилгаа зэрэг бүхий л бичиг цаасны ажлыг ганц биедээ үүрч, ажлыг ч оволзуулж, идэвхийг ч өрнүүлж, шинэ залуу зураачдыг өөрсөддөө татаж ... түмэн завгүй амьтан хэсэг пижигнүүлж явснаа ... гэнэт боджээ. “Үгүй ингэхэд би чинь нарийн бичгийн дарга болох гэж энэ хорвоод төрсөн үү, уранзураач хүн бил үү?” Тэгээд нөгөө нийгэмлэгээ, тэр их бичиг цаастай нь орхиод, зургийн хэрэгслээ үүрээд яваад өгчээ. Францын өмнөт нутгийн зундаа хурц нартай цэцэгт хөндийд амьдралынхаа сүүлчийг дэндүү эрч хүчтэй ажиллаж /зурж/ өнгөрөөжээ. Олон жилийн байнгын их ачаалал, үргэлжийн дутагдах гачигдахын зовлон нь хувийн жаргал эдлээгүй зураач-д бас азгүй төгсгөл авчрах тавилантай байж, зуны халуун наранд өдөржин зогсон зургаа зурж байсан Ван Гогийг унадаг өвчин, солиоролтой давхцан дайрч иржээ. Зурж байсан газраасаа ухаан мэдрэлгүй гүйсээр нэлээд холдоод голын эргийн элсэнд толгойгоо шааж унасныг нь нутгийн тариачид олжээ. Тэрбээр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байхдаа ч эмчээсээ гуйж  өрөөндөө мольбертоо авчруулаад зурж байв. Амьд ахуйд нь хүнийх нь хувьд ч, зураачийнх нь хувьд ч ойлгосон хамаатан бус бөгөөд зураач бус ганц хүн бол эмч Гашек юм. Ван Гог бол агуу зураач гэсэн утгатай өгүүлэл сонинд нийтлүүлж, Ван Гог ухаан мэдрэлээ алдаагүй байгаа дээрээ амиа хорлосон нь дээр юм байна, өөрийн мэдрэлгүй болчихвол энэ эмнэлгийн архаг өвчтөнгүүд шиг “Адгуус, хүн хоёрын хооронд Амьтны доог болж явах нь” /А.С.Пушкин/  гэж сэтгээд биеэ буудахад нь дуудлагаар яаран очиж: “Эрхэм Ван Гог Та яаж байгаа чинь энэ вэ?” гэж цурхиран уйлж, булшин дээр нь “Манай гараг нэгэн сод зураачаа алдлаа” гэж хэлж байсан хүн бол хэн нэгэн урлаг судлаач юм уу, эсвэл нэгэн цагт нийгэмлэг хамт байгуулж явсан зураач нөхдийн аль нь ч биш, чухам эмч Гашек юм.

Амьдралдаа ганцхан удаа ганц зургаа 400 франкаар зарж үзсэн Ван Гогийг насан туршид нь хэн тэжээж, тэтгэж байсан хэрэг вэ? Тэр үеийн 400 франк гэдэг насны хоол болох тийм их  мөнгө байгаа юу? Үгүй дээ, төрсөн ах Теодор Ван Гог нь зураач биш ч, зураг мэддэг, тэр үеийн Парист хэдэн мянгаараа байсан зураг урлалын дэлгүүрийн нэгний эзэн - ах нь, зураач болсон цагаас нь эхлэн тэтгэж, байр хоол, унаа тээврийн зардлаас нь авахуулаад бийр будаг, цаас зотонгийнх нь мөнгийг бүгдийг дааж байв. Тэр үед Парист амьдарч асан холландчууд ах дүүгээ харж асардаг тийм хатуу ёс заншилтай байгаа юу? “Чи дүүгээ харж хандаж яваарай” гэж аав, ээж нь гэрээслээд үхээ юү? Аль эсвэл зураг, урлал зарж олдог мөнгө нь дэндүү их тул олон жил дүүдээ шидэж байсан мөнгө түүний хувьд ам арчих цаасны төдий гарлага байгаа юу? Үгүй ээ, аль нь ч биш. Теодор Ван Гог нэгэнтээ дүүдээ бичсэн захидалдаа: “Хайрт дүү минь, би чиний анхны зургуудыг хараад л, урьд өмнө байгаагүй, хожим хойно ч давтагдашгүй агуу зураач гэж таньсан” гэж сэтгэл хөдлөн дуу алдсаныг үзвэл тэр үнэхээр билгийн нүдтэй нэгэн байж дээ. Дэлхийн нэгэн сод зураачийг амьдрах, туурвих нөхцөл бололцоогоор насан туршид нь хангаж байсан ухаант мэргэн ах Теодор Ван Гог Таныг магталтай.

                    Х        х        х

1956 онд хэнд ч ажиглагдамгүй нэг бяцхан үйл явдал Ливерпулийн нэг сургууль дээр болсон нь 14-тэй Пол Маккартни, 16-тай Жон Леннонтой найзынхаа зуучлалаар танилцжээ. Амнаасаа гашуун ундааны эхүүн үнэр ханхлуулах атамандуу байрын Жон түүнд ихэд таалагдаж, байдгаараа чармайн байж гитар, банжо үнэхээр муугүй тоглож, бас түүнд тоогдох сон гэсэндээ ганц нэг ая дуу зохиож оролдож байгаагаа ч тоглож сонирхуулжээ. Өөрийгөө бусдаас ер доогуур тавьдаггүй хортой шартай Жон хүү ч тэр даруй бас дуу зохиож эхэлж. Тэр хоёрын үерхэл цаашдаа юунд хүргэсэн, тэд хэн болсон нь өнөөдөр нэгэнт Дэлхий даяар илэрхий тул энэ бүхнийг товчлоод Пол Маккартний дүү Майклын тухай өгүүлье. Тэр үед Ливерпуль даяар төдийгүй Англи даяар борооны дараах мөөг шиг олширсон, Эдди Кокран, ах дүү Биверли, өнөөх цуут Элвис Пресли нарын зэрэг дандаа АНУ-ын оддыг дуурайн тоглож, болж өгвөл бас өөрсдөө тийм од болчих том санаа өвөрлөсөн үй олон хамтлагийн нэгэнд Майкл Маккартни ч бас оржээ. Битлз хар залуугаараа Дэлхийг байлдан дагуулахад залуу үзэгчид Майклыг, Полын төрсөн дүү болохоор нь л сонирхож байсанд бардам Майкл ихэд эгдүүцэж: “Би ахынхаа далбаан дор явахыг хүсэхгүй. Би тийм хүн биш. Би өөрийн чадлаар явна” гэж албан ёсоор “мэдэгдэж”, бас болоогүй ээ, Маккартни хэмээх овгийн нэрээсээ татгалзаж, Майкл Макгир хэмээх уран бүтээлийн нэр өөртөө өгч ... нэлээд хөөрхөн дөвчигнөж гүйсэн ч ёстой нөгөө “Ардын засаг ч  гэж юу байлаа” гэдэг шиг ямар нэртэй хамтлаг ч байлаа, ямар гэгчийн ая дуутай байсныг жир сонирхогчид бүү хэл хөгжим судлаачид ч санахгүй биз ээ. Авьяас билгийг Тэнгэр Бурхан ах дүү хоёрт адил тэгш заяасангүй дээ. Харин “Дэлхийн шилдэг 100 поп-рок гэрэлзураг”-т Майкл Маккартнийн авсан Битлзийн гурван ч гэрэлзураг дээгүүр байруудад ордог. “Дэлхийн шилдэг 100 рок-поп дуу”-ны жагсаалтад 9 дуу нь тун дээгүүр ордог, “Дэлхийн шилдэг 100 рок-поп цомог”-т 4 цомог нь бүр эхний 10-т ордог Битлзийн гэрэлзургууд дээгүүр эс ороод өөр хаагуур орох билээ.

                            12 – 30 – 2003.

                            Ажил дээрээ бичив.

1  Ван Гогийн чихээ огтолсон тухай өөр нэг хувилбар байдаг нь сайн найз зураач нь түүнд: “Яадаг юм, чи жаахан халтуур хийгээд, амархан борлогдох зураг баахныг зурчихаач. Эхлээд тэгж аж амьдралаа өөд нь татаач” гэж зөвлөхөд Ван Гог ихэд дургүйцэж: “Чи миний сайн найз, сайн зураач хүн атал яаж ингэж надад хэлж чадаж байна аа? Чамаас ийм үг сонссоноос чихээ онтолсон минь дээр” гээд өрөөсөн чихээ огтолсон, хэмээсэн үүнийг АНУ-д /Виржини-д/ амьдарч буй Германы харьяат Иран зураач Махмуд Шарагалазо надад ярьсан болно.

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио