Sun12212014

Last updateSat, 20 Dec 2014 11am

 
 

Articles

ЭНЭ ОЛОН ОРДНЫ ЭНЭ ОЛОН ДУГУЙЛАНГИЙН АЛИНД НЬ ЯВАХ ВЭ, ТА МИНЬ ЭЭ.

Хамгийн анх би 2-р ангидаа Монголын Пионерийн Ордны шатрын дугуйланд очлоо. Шатар сонирхдог хүүхэд ганц би биш юм санж. Шатрын дугуйлангийн өрөөгөөр дүүрэн хүүхэд. Хаа очиж хангалттай шатар, шатрын хөлөг – ширээтэй аж. Багшийн заавраар бид хэн нь ч хэнтэйгээ хамаагүй шатар нүүж гарлаа. Хоёр багш маань бидний дундуур холхиод л, одоо бодоход хэн нь ямар тоглож байгааг ажиж, анализ хийж байж. Энэ явдал хоёр дахь, гурав дахь удаагаа давтагдлаа. Харин надад дөрөв дэх удаагаа болон цааш цаашдаа шатрын дугуйландаа очих сонирхол төрсөнгүй.



 Зүгээр л хүүхдүүдтэй  хоорондоо тоглоод байх юм бол тэгж хол явж гай удаж яах юм бэ. Гэртээ ах нартайгаа, эсвэл найзуудтайгаа зүгээр тоглож болно ш дээ  гэж балчирхан дүгнэсэн нь шатарчин багш нарынхаа сургалтын эхлэл хэсгийн тэр холын хараа, лут тактик, стратегийг ойлгох ухаан 2-р ангийн надад үнэхээр дутагдсаных биз ээ. Шууд л шатар хэрхэн мундаг тоглохыг заагаад эхэлнэ, тэгэнгүүт нь л дор нь сураад л дорхноо мундаг шатарчин болчихно гэж мөрөөдөж очсон байдаг.

Дараа нь 3-р ангидаа ангийн анд Итгэлийгээ дагаж, мөн л Пионерийн Ордонд слесарийн дугуйланд орлоо. Тэнгэр минь, соц. Монголд байгаагүй дугуйлан байгаагүй юм шүү. Слесарийн дугуйлан хүртэл байсан. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд ятгын, шанзны, хуучрын, ёочингийн, драмын, найрал дууны, нэхмэлийн, хатгамлын, зургийн, баримлын,  сийлбэрийн, хөөмлийн,  гэрэл зургийн, үлээвэр хөгжмийн, гитарын, ардын болон нийтийн бүжгийн, за бас орос, англи, герман, испани хэлний дугуйлан, Залуу Техникчдийн Ордонд радиогийн, загвар зохион бүтээх, өсвөрийн зохион бүтээгчдийн, идэр техникчдийн, физикийн, математикийн, химийн дугуйлан, Монголын Пионерийн Ордонгоор дүүрэн дээрхтэй адил дугуйлан, Спортын Төв Ордонд спортын бүхий л төрлийн секц ажиллаж байсан. Бүгд төлбөргүй! Гайхамшигтай!

Яг үнэндээ би яагаад слесарийн дугуйланд орсон бэ гэвэл Итгэл л: -  Слесарийн дугуйлан ёстой гоё. Дараа нь токарь болно гэсэн юм. Слесарь гэж юу болохыг жоохон ч атугай ойлгоод байгаа юм, харин токарийг бол юуг нь ч бүү мэд байсан ч нэгд, Итгэл миний сайн найз, хоёрт, токарь гэдэг нь их гоё юм бололтой тул би тэр дугуйланд явлаа. Овоо тэвчээртэй, бараг өвөл болтол явсан. Дугуйлан маань үдээс хойш эхэлдэг, 5 цаг гээд л харуй бүрий болж эхэллээ. Нялх хүүгээ гэсэн сэтгэлээр ижий минь хэлж байна: -  Хүү минь одоо эрт харанхуй болж эхэллээ. Пионерийн Ордон гэдэг чинь тэр хол газар. (Нээрээ л хүүгээ гэсэн Эхийн сэтгэлд болоод 3-р ангийн надад Пионерийн Ордон хол газар санагдаж байв.) Ер нь тэгээд наад слесарийн дугуйлан гэдэг чинь хар төмөртэй ноцолдсон, миний хүүд хатуудах ажил юм биш үү гэж энхрий зөөлөн дуугаар хэлж байсан нь надад одоо ч санагдаж байгаа юм чинь тэр үедээ бол “гүнзгий” нөлөөлсөн бололтой. Би маргааш нь дугуйланд явахаа больсноо Итгэлдээ хэлж, дахиж яваагүй. Итгэл маань цаашдаа явсан, бүр дэвшээд токарь болсон эсэхийг бүү мэд. Харин том болоод 120 мянгатын Итгэлээс эхлээд Халхын Итгэл болтлоо тодорч томорсон атаман болсныг олон хүн сайн мэдэж буй биз ээ.

5-р ангидаа бас л Пионерийн Ордонд (пионер юм чинь) зургийн дугуйланг зорьж очлоо. Эхлээд шалгаж байж авна гэнэ. Маягтай цуснууд вэ, зураад өгье л дээ гэж бодоод зогсож байсан чинь бас л над шиг зураач болох сонирхолтой дөч гаруй хүүхдийг зургийн том танхимдаа оруулаад нэг, нэг зургийн ширээний ард суулгачихлаа. Энийг зур! гээд нэг бөмбөрцөг, нэг куб дөрвөлжин бидний өмнөх ширээнээ тавилаа. Би эвгүй байдалд орж байна шүү. Учир нь би гэрийнхээ ерийн ширээнд суугаад уул ус, морь мал, эсвэл танк, онгоц, герман цэрэг, Дундад зууны баатрын зургийг ном, сэтгүүлээс харж, хуулж зурж байсан болохоос тийм хачин өөдөөс ташуу босгосон ширээнээ, тэгээд тийм хачин дүрснүүдийг хэзээ ч зурж байгаагүй.
- Шугам байна уу, багш аа гэсэн чинь
- Шугам хэрэглэхгүй зурна шүү, хө гэж доогтой дугарч байна. Ямарч гэсэн зураад хураалгалаа. Маргааш ирж хариугаа сонс гэв. Маргааш нь яваад очлоо. Зургийн дугуйлангийн эрхэм тансаг танхимд хоёр дахь удаагаа орох ч заяа надад олдсонгүй. Намрын нарлаг дулаахан өдөр зураач болох том санаа өвөрлөсөн нөгөө дөч гаруй хүүхдийн хорь гаруйг нь нэр дуудан ялгаж нэг эгнээ болгоод, нэр дуудаагүй хүүхдүүд бас нэг эгнээ болоод өөд өөдөөсөө хараад зогсож байтал, нэр дуудсан эгнээг:  -  Баруун тийш эрэг. Алхаад марш гээд тэд Пионерийн Ордон руу яваад орчихлоо. Үлдсэн манай эгнээг:  -  За уучлаарай, хүүхдүүд ээ. Та нар энэ удаа тэнцсэнгүй. Зургаа улам сайн зураад, дараа жил сайн зурдаг болоод ирэхээр чинь дугуйландаа хүлээж авна аа. Зүүн тийш эрэг, гэр гэртээ харьцгаа гэдэг байгаа. Доржмаа гэж манай нөгөө ангийн хөөрхөн охин тэнд байсан, цуг нэг дугуйланд явах нь гэж баярлаж байсан юм сан, тэр ч лөөлөө боллоо. Гэртээ “Халагдчихлаа!” гэсээр ороход минь манай гэрийнхэн намайг өхөөрдөж бөөн инээд болоод өнгөрч билээ.

Дараа жил нь, 6-р ангидаа Хүүхдийн Парк-д билүү, Спортын Төв Ордонд ч билүү, тэшүүрийн дугуйланд яваад очлоо. Тэгсэн тэнд бас Доржмаа явж байна.  Над шиг зурах ч, тэших ч сонирхолтой бололтой. Нэгд, Доржмаатай цуг, хоёрт, шалгаж маягладаггүй, хэн хүссэн нь ордог дугуйлан юм. Миний баярлаж байгаа гэж. Яг хаана очиж байснаа одоо санахгүй байгаагийн нэг том шалтгаан нь бид дандаа гадаа хичээллэдэг байсан. Парк дундуур гүйгээд л, Дунд голын Улаан гүүрэн дээгүүр гарч гүйгээд л. Хаана анх бүртгүүлсэн, хаанахын харьяа дугуйлан байсныг одоо мартжээ. Гэтэл … би бас л залхаж эхэллээ. Тэшүүрийн дугуйлан л гээд байдаг, тэшүүрээр гулгаж сурч байгаа юм байдаггүй. Хийж байгаа дасгал сургууль нь болохоор гүйгээд л, гар хөлөө сарвалзуулаад л, хамгийн сонирхолгүй хөнгөн атлетикийн дугуйлан шиг. “Өвөл мөс тавихаар цөмөөрөө сайхан мөсөн дээр гарна аа” гэж багш маань яриад л байдаг. Хүүхдийн Парк мөсөө 12-р сарын сүүлээр, аягүй бол 1-р сард тавина гэнэ ээ. Хэзээ болох 1-р сар вэ? Тэгээд бас багшийн маань хуурай газар зааж байгаа дасгалууд нэг л биш ээ. Хоёр гараа хүчтэй хаялан, хоёр хөлөө хол хол тэшин … бидний нөгөө норвеги коньки гэдэг, урт балиус шиг  тэшүүрээр мөсөн талбай тойрон уралдахад суралцах нь ээ, янз нь. Шал сонирхолгүй, балай юм. Би бол хамгийн гол нь канад конькигоор мундаг гулгадаг, тэгээд хоккей сайн тоглодог болох нууц хүслэн өвөртөлж очсон хүн л дээ. Гэтэл …. Зүгээр л, мөсөн талбай той-ой-роо –оод л… Шал утгагүй, уйтгартай юм. Больж үзье. Ядаж байхад Доржмаа намайг хялайж харах ч янз алга аа.

Ямар дугуйлан мундсан биш, тэр чигтээ гарч гүйгээд Спортын Төв Ордны боксын дугуйланд, алдарт Олзод багш дээр яваад очлоо. Бас л манай Монголын хүүхэд сурагчдын дунд зохиож байсан олонхи секц, дугуйлангийн нэг адил хэн хүссэн нь орж болдог дугуйлан, үгүй ээ, боксын секц гэдэг байсан, юм санж. Ашиглаж чадсан бол азтай л үед өнгөрч дээ, бага өсвөр нас минь. Бүр хэзээ ч хамаагүй орж болж байсныг харав уу. Чи намар бүртгүүлэхэд байгаагүй, дураараа нөхөр вэ гэж хэн ч надад хэлээгүй. Гэтэл энд, АНУ-д бол дугуйланд хүүхдүүдийг шилж сонгож авдаг юм байна. Жишээ нь сагсан бөмбөгийн дугуйланд орохын тулд тэр дугуйланг эрхлэн хичээллүүлэх багшийн анхааралд өртөхүйц сайн сагсчин байх ёстой. Үүнийгээ try-out гэнэ. Америкийн хүүхдүүдийн дунд хэчнээн секц, дугуйлан байдаг, ямар дугуйланд нь хэн дуртай нь ордог, аль нь  try-out  хийж байж хүүхдээ сонгодгийг би даанч мэдэхгүй юм. Үүнийг судлаад бичвэл сонин л юм гарах байх. Манай Монголд бол харин хөгжмийн эсвэл бүжгийн, дууны, жүжгийн зэрэг урлагийн талын дугуйлангууд хүүхдүүдийг шалгаж, шалгаруулж авдаг, өөрөөр хэлбэл try-out хийж байж авдаг байсан. Дээр дурдсан зургийн дугуйлан мөн адил. Тэгэхээр сийлбэрийн, баримлын, хөөмлийн дугуйлан бас шалгаж авдаг байсан байх.

Гэтэл хайрлан хүндэлж явдаг Олзод багш маань гэнэтхэн хойшоо, Эрхүү явах болчихлоо. Нэг өдөр:  -  Хүүхдүүд ээ, багш нь ажлаар Эрхүү явлаа. Өнөөдөр та нарт Ганболд нырок заана. Манай Гамбаа бол нырокийг их сайхан хийдэг, манай их техниктэй боксчдын нэг байгаа юм гээд Эрхүү яваад өглөө. Ганбаа тэр өдөр нырок заалаа. Дараагийн өдөр өөр багш, эсвэл багш ирэхгүй ч байх шиг, ирэх ирэхгүй нь мэдэгдэхгүй ч байх шиг, секц маань нэг л сонин болчихлоо. Тэвчээргүй би тэндээс хулжих болсны бас нэг шалтгаан нь секц маань 6-8-р ангийн хүүхдүүдийнх. 8-р ангийнхан 6-р ангийн мань мэтээс бие нь ч, зан нь ч, дуу нь ч хамаагүй том, пээдгэр. Энэ муу бацаан, тэр муу бацаан гээд дээрэлхүүдүү.

7-р ангидаа сургуулийнхаа хөгжмийн дугуйланд явлаа. Эхлээд басс хэмээх жигтэйхэн овортой, том хүнд аргил бүрээ үлээж байснаа нэг л мэдэхэд труба үлээж зогсов. Бид “зөнөг” гэж хочилдог дууны багш Чойжиндаш манай дугуйланг эрхэлнэ. Нэгд, хөгшин, хоёрт, нэг үг хэлээд л мэд үү! (мэдэв үү)  гэдэг нь бидэнд тийн хочлуулах шалтгаан болжээ. Би угаасаа хөгжмийн хүн биш юм санж. Надтай хамт явсан ангийн анд Гомбодорж маань үлээвэр хөгжмөөр зогсохгүй гитар, баянхуурыг хүртэл өөрөө л аяндаа сурчихсан. “Анх до ноот заасан багш минь” гэж Чойжиндашийг хүндлэн дурсана. Гэтэл би ноот ч сураагүй. Хэдийд нь до заасан юм, бүү мэд. Гэхдээ нууцхан мөрөөдөл минь том оо, том. “Энэ труба чинь тэгээд эстрад хөгжимд ордог юм уу даа? Байдаг юм уу?” гээд байгаа юм аа, бас. “Байдаг юм аа, яагаав, С чего начинается, Родина гээд араас нь трубаны гоё гоцлол явдаг ш дээ” гэж Гомбоо маань намайг зоригжуулна. Хэчнээн зоригжуулаад ч  явахгүй хүн бол явдаггүй юм билээ. “Муу нохойн санаа цаад захын туулайнд” гэгчээр бас амихандаа эстрадад санаатай, аан. Тэр үед бид эстрад, хөнгөн хөгжим гэхээс рок, поп гэж сонсоо ч үгүй явсан.

8-р ангидаа сагсны секцэд орох гээд больсон. Би дэндүү оройтжээ. “Хөгширчээ”. 6-р ангиасаа эхлээд сагсны секцэд явсан ангийн хүүхдүүд 8-д ороход илт ялгарч эхэллээ. “Зүгээр л” тоглож байсан над шиг хүүхдийн дэргэд тэд чинь “холбож тоглох, хамгаалж тоглох” ч гэх шиг, бөөн онол яриад, үг яриа нь ч ойлгогдохгүй, үйл хөдлөл нь ч гүйцэгдэхгүй, гарч өгөв өө. Гэтэл би дөнгөж эхлэх гэж байдаг. Шараа, шараа. Тэр дөрвийн хүчээр манай анги 9-р ангидаа сургуулийн аварга болж, тэд 9-р ангиасаа сургуулийн шигшээ багт тоглож эхэлсэн.

8-р ангид манай орос хэлний багш Люба намайг орос дууны дугуйланд оруулав.
- Та намайг дугуйландаа оруулж яах нь вэ? Би ерөөсөө дуулж чаддаггүй, Та мэднэ ш дээ гэхэд минь
- Карин тийгээд би чимайй зориюуда оруулажа байгаа юмм даа. Чи-и самбарын емөнө гараад л, тийгээд л сандраад л байдак. Тий-гээд чи-и эн-нэ дугуйланд-а иваад-а  тикэк-гүй, сандраккүй болонош диэ гэж Люба багш минь хэлж билээ. Люба багш-ш гэж. Хүний сайн нь сүүлд мэдэгддэг шиг багш ч адилхан юм билээ. 10 жилд байхад тэрэн шиг муу, муухай багш бараг байгаагүй дээ. Бидний хувьд л шүү дээ. Люба багштай хэрэлдсэн хүүхэд тэр жилдээ биш юм гэхэд хэдэн өдөртөө л бидний хайрыг татна.
- Энэ муу местный орос байж худлаа нэг их жинхэнэ орос хүүхэн болох гэж маяглах юм.
- Насаараа манай Монголд байж, манай Монголын хоолыг идчихээд монголоор зүгээр ярихгүй худлаа маяглаад, энэ муу зүгээр.
- Энэ муу чинь орос хятадын эрлийз гэнэ лээ.
- Паах тийм үү? гэхчлэн бид түүнийг элдвээр муулна. Хамгийн их хэрэлдэж, хамгийн их харааж, муулж байсан Люба багшийнхаа ач, гавьяаг бид тун удалгүй, арваа төгсөөд уралдаант шалгалтад өрсөлдөхөд л ... ангиараа мэдэж авсан. Өөр сургуулийн өрсөлдөгч нар маань (мэдээж, бүгдээрээ биш л дээ) платье гэж бичиж чадахгүй байв! Тэр үед орос хэл хамгийн чухал, адаглаад л ямар ч дээд сургуульд элсэх уралдаант шалгалтад гурван хичээлээр шалгадгийн нэг нь заавал орос хэл байсан.
Намайг олны өмнө гараад тэвдэж сандардаггүй хүн болгох гэсэн багшийнхаа сэтгэлийг бодоод орос дууны дугуйланд нь нэг хэсэг явсаан, хөөрхий. “Люли, люли заламати...” гээд л байх нь тэр. Эсвэл “Полюшка поле Поле широких поле...” ч бил үү, анги дүүрэн хүүхэд ширээгээ хуруу хумсаараа тогшоод л, явж өгнө дөө.

10 жилийн сургуульд байхдаа явсан, явах гэж оролдсон дугуйлангууд маань ерөнхийдөө иймэрхүү. Амьдрал гэдэг 10 жилийн сургууль гээд л нэг юм, ажилчин болохоор бас нэг юм болж тасалддаг эд биш, үргэлжилж л байдаг эд болохоор үргэлжлүүлээд бичье, яадаг юм, цус гэж. Ажилчин болсон хойноо би Энхтайван, Найрамдлын Ордны орос хэлний дугуйланд явсан. 50 төгрөг төлөөд, 6 сар. Бас л миний санаснаар болсонгүй. Би бол орос хэлэндээ сайжраад, “Правда”, “Огонёк” уншаад нэвт ойлгодог, орос кино үзээд сая юу гэчих вэ? гээд байхгүй болъё гэж очсон юм. Гэтэл тэнд монгол хэлнээс, чухамдаа гэвэл монгол өгүүлбэрүүдийг орос руу орчуулахыг зааж гарав. Багшаа дагаад орчуулж гарав. “5 жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх явцад гарсан нэг нааштай том алхам бол ...  ...  нь юм” гэхчлэнгийн өгүүлбэрүүдийг орос руу “элдээд” байх нь тэр. Би алтан курсийнхэндээ санаагаа хэлээд үзвэл надтай адил санаатай ганц л хүн байв. Бусад нь цөм:  -  Яалаа гэж дээ, энэ чинь л хамгийн чухал. Ингэж монголоос орос руу орчуулж чадаж байвал л бид орос хэлтэй гэгдэнэ. Ингэж чадаж байж л албан газраа бид орос хэлэндээ мундаг гэгдэж, хойшоо сургууль курст явах, албан тушаал дэвших зам маань нээгдэнэ гэцгээв. Тэдний дунд би ганцаараа дээд сургууль төгсөөгүй, ажилчин байсан ч хамгийн сайнд тооцогдож байсан нь Люба багшийн минь тавьж өгсөн баттай суурь.

50 төгрөгийн орос хэлний дугуйлангаасаа өмнө, 1978-1979 онд билүү дээ, Хотын Эвлэлийн Төв Хорооны дэргэдэх нийтийн бүжгийн дугуйланд явснаа орхичих шахав байна. Төлбөргүй. Жав багш бидэнд заасан. Багш гэдэг нь би нэг их мундаг шавь нь болчихоод хэлж байгаа юм биш, бүгд түүнийг Жав багш гэж дуудаж байсан. Манай нийтийн бүжгийн, ер нь бүжгийн том төлөөлөгч, алдартай том багш юм байна гэж би ойлгосон. Танихаас манай алдарт зохиолч Чойжилын Чимид гуайн хүү Энхээ бас тэнд явсан. Чимидийн Энхээ тэр үед зохиолч, сэтгүүлч, орчуулагч гэдгээрээ бус, аавтайгаа адилхнаараа ямар нэгэн хэмжээгээр нэрд гарсан залуу байв. Бүр багаас нь, манай 1-р сургуульд байхад л хүүхдүү түүнийг Ч.Чимид гуайн хүү гэж мэддэг, Чимидийн зулзага гэдэг сэн. Бас нэг олны танил байсан нь хүүхэн Гамбууш. Гэхдээ Гамбууш маниус шиг бүжиг сурах гэж бус, бидэнд бүжиг заах гэж ирдэг, Жав багшийн орлогч, туслах багш шиг байв. Эрэгтэй эмэгтэй хэнийг ч ялгаагүй баруун, солгойгүй хөтөлж удирдаж авч яваад, яаж хөдөлж яаж эргэхийг хэнд маань ч гэсэн сэтгэл харамгүй хэлж зааж өгөөд, биеэрээ үзүүлээд л. Тэр үед Гамбууш юу гэж гомо момо гэдгээ хамаагүй ярихав, бид ч тэрнийг нь яаж мэдэхэв. Би л хувьдаа явж, гүйж, хөдөлж барьж байгаа нь эм хүн шиг болохоор нь “хүүхэн” гэж хочилдог юм байна, нээрээ ч хүүхэн шиг золиг юм гэж бодож байсан. Энэ дугуйланд нийтийн бүжгийн бараг бүх төрлийг заасан, ча-ча-ча-г хүртэл заасан, бид ч овоо юм сурсан. Чарлстон, твист, румба гурваас бусдыг нь бараг заасан. Чарлстон, твист хоёрыг ч яаж заахав, нэр нь ч, бүжиг нь ч хөрөнгөтнийх юм чинь Хотын Эвлэлийн Хорооноос зохиож байгаа бүжгийн дугуйланд яаж заах вэ. Румбаг бол Жав багш, хүүхэн Гамбууш хоёр ч өөрсдөө мэддэггүй байсан байх. Бөгс хагсаа тэгж хачин хөдөлгөдөг, тийм хөрөнгөтний секс бүжиг социалист Монголд орж ирээгүй л байсан болов уу. Бусад маань яасныг бүү мэд, би тэр үед нь овоо болж ирээд нийтийн бүжиг гээч юмыг, ер нь аль ч юмыг тэр байх аа даа, үргэлж хийж, сургуулилж байхгүй бол тэгсгээд мартагддаг юм санж.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд гэрэлзургийн дугуйланд явсан. Бидний үндэсний ухамсар сэргэж, хамаг юм Монгол болоогүй 1980-аав оны дөнгөж эхээр гэрэлзургийн ч гэхгүй, фотозургийн дугуйлан гэдэг байсан. Зургийн аппарат гээч айл болгонд байхгүй нандин эдтэй байх ёстой. Пленка, цаас, 1, 2-р хор авах мөнгө энэ тэр гээд бага сага зардалтай дугуйлан. Зурагчин хүн гараа үргэлж угааж байх хэрэгтэй, гарын цэвэр арьс чамайг хамгаална, бохир гар элдэв бодист автах нь амар гэж багш маань эхний хичээл дээрээ сургасан нь зөвхөн гэрэлзурагт ч бус, ер нь нийтлэг чухал зөвлөгөө тул марталгүй тогтоож авчээ. Эхний дадлагаа бас сайн санаж байна. Багш маань биднийг дагуулан явсаар Дунд голын эрэгт ирлээ. Бага байхдаа зуны цагт байрныхаа хүүхдүүдтэй эрэгт нь өнждөг, усанд нь шумбаж өссөн, Улаан Гүүрний доор зэрэг зарим гүнзгий газар нь муухан сэлдэг хүүхэд ойртдоггүй байсан танил дотно гол маань ширгээд хариугүй жаахан юм шагайгаар татмаар шахуу шарвалзан урсана, хөөрхий. Өвөл арай ч эхлээгүй ч эрэг хэсгээрээ захалж хөлдөөд, хөлдсөн мөсөн доогуур урсах усны урсгалын зургийг авах гээд багш маань биднийгээ дагуулаад л гүйх юм. Манай дугуйлангийнхан ч нэг, нэг Орос аппарат барьчихаад л, ФЭД, Зенит, Зоркий, зарим нь муу Смена-тай юу, багшийг дагаад гүйх юм. Муу хүний дуу их гэж, “Бид заавал усны зураг авах албатай юмуу, энэ чинь!” гэж чангахан дугарч орхилоо. Гэтэл дугуйлангийн маань нүдэнд дулаахан үеийн бүсгүй ганцаараа намайг дэмжиж: “Харин тийм ээ, энэ багш чинь л “Ус, ус” гээд орилоод байх юм” гээд бид хоёр өөд өөдөөсөө хараад зөндөө хөхрөлдөж билээ. Өөрсдөө юу ч зураг авч чадахгүй байж багшийгаа шоолж хөхрөөд л, багшийг өөрийн ухаангүй дагаж гүйх бусдыгаа шоолж хөхрөөд л, аа-я-я, бид хоёр бусдаасаа тасархай ухаантай, аан, заавал усны зураг авах албагүй гэсэн өөрсдийн “оригиналь” сэтгэлгээтэй, аан. Гэрэлзургийн дугуйлангаас юу сурснаа бүү мэд, лав л зурагчин болж чадаагүй юм даг. Харин намрын сүүл сарын тэр нэг сайхан өдөр, үеийн тэр сайхан бүсгүйтэй Дунд голын эрэгт зөндөө инээлдэж, хөгжилдөж байсан сайхан дурсамж л үлджээ.

Дараа нь англи хэл чухал болж ирэхэд “эхлэнгээс” нь аваад “гүнзгийгийн гүнзгий” хүртэл явсан. Зарим “гүнзгийгийн гүнзгий” нь зүгээр “гүнзгийгээсээ” долоон дор, худлаа реклам, мөнгө олох гэсэн явуургүй арга байв. АНУ-д байдаг, мөнгө олох гэсэн элдвийн худал рекламтай ижил төстэй зүйлтэй бид Монголдоо тулгарч эхэлж байжээ, одоо бодоход.

Дараа нь жолооны курст явсан.

Лондонд 1995 онд очоод, мотоцикль барьдаг байсан бол сав угаагчаас хамаагүй хөнгөн, аятайхан, бас хийморьтой пицца зөөх ажил амархан олж болохыг мэдээд, Монголдоо эргэж ирсэн хойноо манай мотоспортын нэрт мастер, хувийн мотоклубын эзэн Эрдэнэбилиг дээр очиж мотоцикль барьж сурах гэж оролдов. Намайг “сайжирч байна” гэж урамшуулж байсан Эрдэнэбилигийн нэг шавийн оронд нэг өдөр заасан өөр шавь нь:  -  Та шал дэмий юм хийж байна. Таны гадаадад очоод барих гэж байгаа мотоцикль, энэ мотоцикль хоёр чинь шал хоёр өөр юм байхгүй юу. Энэ чинь кроссын (уралдааны гэсэн үг бололтой) мотоцикль! гэж хэлснээр би дахиж тэр клуб рүү очоогүй.

Компютер чухал болж, компютерийн олон курс Монголд нээгдэхэд би нэгэнд нь оров. Тэд сургадаг нь биш байв уу, би сурдаг нь биш байв уу, шал дэмий мөнгөө өгөөд салсан.

“Жуулчин”-д ажилладаг нэг танил маань надад:  -  Одоо хүн бүхэн англи хэл гэж байна. Уг нь герман хэл их чухал ш дээ. Манайд Герман, Швейцарь, Бельги гээд германаар ярьдаг анчид их ирж, ан хийдэг байхгүй юу. Барууны анчин дагаад явахад ч мөнгө сайн олно доо гэж зөвлөснөөр би МУИС-ийн оюутан байхдаа герман хэлний дугуйланд явав. Явахгүй юм билээ, сэтгэлгүй юмыг хүчилж сонирхоно, сурна гэж байхгүй юм билээ. Дугуйлан маань хичээлийн дараа залгаад эхлэхийг ч хэлэх үү, өглөө идсэн хоёр зүсэм масло, сахартай талх хаа ч байхав, одоогийнх шиг сандвич хийгээд цүнхэндээ аваад явна энэ тэр гэж мэддэггүй ч байсан юм уу, ходоод хонхолзоод, толгой эргээд, гуч гарч яваа хөгшин оюутан би залуу хүүхдүүдийн пянг даахгүй юм билээ.

Нэгэнт бичсэнийх, 34-тэйдээ ушу-гийн секцэд явснаа болоод бас л бүтэлгүйтсэнээ ч үл орхин өгүүлье. Уг дарааллаараа бол мотоциклийн ба жолооны курсийн урд орох ёстой байсан юм, за яахав. Тэтгэвэр авдаг  ээжтэйгээ амьдарч байсан “хөгшин” оюутан би амьжиргааны арга сүвэгчилж, нэг өрөөндөө  сарын 100 төгрөгөөр Батням, Сосор хоёрыг суулгав. Урлаг судлаач Сосор бүсгүйн нөлөөгөөр Шилэн үзэсгэлэнд нээсэн зургийн үзэсгэлэнгүүдийг дандаа үздэг сэн. Батнямын зурсан “Ажилчны хороолол” хэмээх өвөрмөц сонин зургийг үзсэн. Нэг өдөр би Батнямд:  -  Чамд таньдаг боксын, зодооны хүн бий юү? Биеэ хамгаалах эрдмийг эзэмших юм сан гэв. Батням:  -  Өө тэр амархан. Би Танд амархаан заагаад өгнө гэж байна. Сүүлд мэдэхнээ Батням тэр үеийн толгой зодоонч аж. Гэвч Батням надад заасангүй, Ганданд Сэнгэ-Очир гэж лам бий, миний найз, түүн дээр оч гэв. Би очлоо. 1989 оны 11-р сард. Лам хувцастай л болохоос лам хүний дүр төрхөд нэг л нийцэхгүй, нүд нь гялалзсан, сэргэлэн туранхай залуу:  -  Ноён Хутагт Равжаа шиг заларч байгаа биз, би гэж угтав.
-    Сүүдэр хэд хүрч байна гэж байна.
-    33.
-    Та надаас арав ах юм байна гэхчлэн хөөрөлдөөд шинэ 1990 он гарахаар
хичээлээ эхэлнэ, Үйлдвэр комбинатын сургууль дээр гэв. Бид тэр сургуулийн хурлын бага зааланд ороод, сандлуудыг нь зайлуулж, хөшгөө хааж, хаалгаа дотроос нь шүүрний модоор түгжиж байгаад хичээлээ эхэллээ. Лам хүн гүйлгүү ухаантай, сэтгэлгээ сайтай байдаг биз, Сэнгэ-Очир эхний хичээлээрээ үзүүлэн тоглолт хийж биднийг ёстой ангайлгав. Ушу-гийн зодооны маш хэцүү хөдөлгөөнүүдийг үзүүлж, гараараа хий цохиход нь ханцуйных нь салхи сүп-сүп дугарч, Бурхан минь, Шао Линь сүмийн зодоонч лам нар гардаг Хятад киноны баатар мэт сэтгэгдлийг бидэнд төрүүлэв. Надаас гадна 27-той нэг залуу, 24-тэй нэг залуу, бусад нь 18-тууд. 24-тэй залуу гэхэд л 18-туудын дэргэд илт хөгшин харагдаж байгаа юм чинь. 27-т маань ямар ч эвсэлгүй, надаас дор ганц хүн нь. Би 4 сар ушу-даад, сүүлдээ пянг нь дийлэхгүй, нүд гархилаад, секцдээ очно гэхээс зүрх үхэж эхлэв. Хайрт ээж минь хүүгээ хамгийн сайн мэдэх юм даа.
-    Ээ дээ, хүү минь, одоо наадах чинь миний хүүд хатуудалгүй яах вэ. Залуу хүүхдүүдийн ажил гэж байна. Ядаж байхад бас Сэнгэ-Очирын сургалтын тактик нь “Энийг л хийгээд сурчихвал бусад нь амархан” гээд хамгийн хэцүү дасгалаасаа эхлэх юм. За энэ ч унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг болчихлоо. 18-тууд болоод 24-т маань урьд нь оролдож байсан, эвсэл сунгалт энэ тэр нь юүххэв зүгээр, хөл нь тээр дээр гарч ирээд л. Жолооны, компютерийн, мотоциклийн, англи хэлний курсуудын адил ушу-гийн секц маань төлбөртэй. Төлбөр нь их онцлог. Ер нь тэр үед ушу-гийн секцүүд өөр газруудад бас бий болсон байсан. Жишээ нь, МУИС-д Төмөрбаатар хамгийн хямд, сарын 60 төгрөгөөр хичээллүүлж байв. Харин манайх “300 төгрөг өгөөд бүтэн жил явж болно.” Нэг өдөр Батням манай секц дээр ирж Сэнгэ-Очиртой уулзаад явсны дараа багш маань биднийг тойруулж суулгаж байгаад:  -  Манай хуулиар бол авсан нь ч буруудна, өгсөн нь ч буруудна шүү гэхчлэн ярьж, энэ секцдээ мөнгөний оролцоо байгааг нууж хаах учиртай болохоос хамаагүй чалчиж болохгүйг бидэнд анхааруулж билээ. “Асар гайхамшиг гэж юуг хэлэх вэ, та нар юу гэж бодож байна? Бурхан Будда багш “Асар гайхамшиг гэж юу вэ” гэсэн хамгийн хайртай шавь Анандынхаа асуултад хариулахдаа “Болгоомжлол” гэжээ. Нээрээ ч болоогүй, ирээгүй тэр зүйлийг, аюулыг урдчилан харж болгоомжилно гэдэг бол асар гайхамшиг юм даа” гэхчлэн Сэнгэ-Очир багш минь ярьж, биднийг болгоомжлуулж билээ.  Би яагаад үүнийг дурдав гэвэл лав л 1990 оны өвөл, хавар хувийн секц, өөрөөр хэлбэл багшдаа мөнгө төлдөг энэ зарчим “хориотой, болохгүй” зүйл хэвээр байсан. Хамгийн гол нь хэдэн жилийн дараа зарим хүн сонин хэвлэлээр
-    :Би 1985 онд каратэ-гийн секцийг Монголд анх хичээллүүлж байлаа гэхчлэн зад бүлтэрсэн нь оргүй худал, 1985 онд каратэ манайд сураг ч үгүй байсан, Дорно дахины гар зодооны урлаг манайд анх  1990 оны орчмоос, за жаахан эрт ч байж магадгүй, ушу-гаар эхэлсэн гэдгийг үнэнээр нь бичиж үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Тэгээд тун удахгүй хамаг юм чөлөөтэй болсон л доо. Батням Сэнгэ-Очир хоёр 5-р ангиасаа Буядаа багштай жудо-гийн секцэд явж, улмаар гар зодооны урлагийг бие даан суралцаж эхэлсэн ба тэр үед, яг хэдэн оныг би лавлаж асуугаагүй нь харамсалтай, Улаанбаатарт ийм төрлийн ганцхан секц байсан нь нэг зөвлөлтийн мэргэжилтэн “Монголын танхайчуудаас биеэ хамгаалах секц” гэсэн иймэрхүү нэртэй гар зодооны секц хичээллүүлдэг байж, мань хоёр тэнд хааяа очдог байсан гэж Батням надад ярьсан болно.

Яах гэж би энэ бүхнийгээ бичнэ вэ? Өнөөдөр хүн болгон онгирч, гайхуулж, сагсуурч, “Бага тэнэг биеэ магтана, дунд тэнэг морио магтана, адгийн тэнэг авгайгаа магтана” гэсэн үг аль хэдийнэ “хоцрогдож”, бүгд л би чинь ийм ч мундаг явлаа, ингэж ч сургуульдаа шагшигдаад, тэгж ч түмнээс шигшигдээд, багадаа ийм ч цовоо сэргэлэн, дуулдаг, хуурддаг, тэр атаманыг ч тэгж тавьж унагаад гэхчлэн, бүр цаашилбал би чинь ийм ч удам угсаа сайтай, манайхан чинь чухам нутаг усандаа гайхагдсан айрагтай, цайтай, уран, оёдог, хатгадаг,  дуулдаг, ерөөдөг, барилддаг, булгиулдаг, уургалдаг... нягт нямбай, цэвэрч цэмцгэр... улс байлаа гэж толгойтой бүхэн улс орон даяараа бие биеэсээ өрсөлдөн шаагилдаж байхад?!.

Харин би нэг л дугуйланд хамгийн жаргалтай байсан. Уран зохиолын дугуйланд! Тэнд л би насны найзуудаа олсон. Тэнд л би амьдралын замаа олсон. Тэнд л би ёстой усандаа байгаа загас шиг байсан. Байсан гэж, одоо ч би тэр л “дугуйландаа”. Олон дугуйланд явсан тухай энэ бичвэр минь ч бас тэр “дугуйлан” минь юм. Яахав тэгээд, багачуул залуус үүнийг минь уншаад сүрхий дүгнэлт хийгээд, сонирхсон нэг л зүйлдээ тууштай яваад, юманд хүрвэл сайн л биз.

                                                                             Л.БАТБАЯР

                                                                             1 – 18 – 09.

Comments   

 
0 #9 Зочин 2013-05-11 17:33
Салан баавгай шиг л байж дээ хөөрхий.
Quote
 
 
0 #8 хот 2012-12-03 11:40
Их гоё нийтлэл байна. Сонирхолтой ч юм. Шүүмжилсэн хүмүүсийн комент бүүр инээд хүргэчихлээ байна.
Quote
 
 
0 #7 Guest 2012-09-26 04:59
aimshigt :eek: :-x :-x :-x :-x :-x :-x
Quote
 
 
0 #6 Guest 2012-09-11 09:35
оролдлог сайт оройд нь
Оролдлого муут ёроолд нь гэдэг шүү дээ. Оролдож байгаа л бол болно доо.
Quote
 
 
0 #5 Guest 2012-02-25 06:05
ARTI COUR GALLERY
ZURGIIN DUGUILAN 7 HONOGT 3 UDAA 2 TSAGAAR HICHEELLENE. ODOR BUR BURTGEJ BNA. 1 SARIIN TOLBOR 60.000 DELGERENGUI MEDEELLIIG:Face book Arti cour 99999259, 99259559,911192 592
Quote
 
 
0 #4 Guest 2011-06-06 04:22
Хүүхэд байхад угаасаа бөөн мөрөөдөл л байдаг байлаа ш дээ. энийг чхийх юмсан, тэрийг ч чадчих юмсан гээд л юм юмны захаас самарддаг л байлаа. Би ч гэсэн олон л дугуйланд явсан. Тэглээ гээд муу юм болоогүй.
Quote
 
 
0 #3 Guest 2011-01-03 09:07
:-* aimar yum we
Quote
 
 
+1 #2 Guest 2010-06-18 04:15
зуны дугуйлан төгөлдөр хуур 3 охин
Quote
 
 
0 #1 Guest 2010-03-30 04:20
:D eostoi yum yumnii banzal baijee. odoo ger bvliin tal deer yamar ve.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио