Fri10312014

Last updateFri, 31 Oct 2014 6pm

 
 
Back Та энд байна: Home Батбаяр.Л СААК ЗАЛУУ

СААК ЗАЛУУ

Сониуч хорвоо сониуч хүмүүсээр дүүрэн. Сонжиж шохоорхох юмс нь байнга хувирч өөрчлөгдөнө. Нэг хэсэг шөвгөр гутал, нэг хэсэг банхар гутал, хэсэг байзнаад цахим цаг, хэсэг азнаад механик цаг, байж байгаад өргөн өмд, бас дараа нь бариу өмд, нэгэн цагт урт үс, эргэх цагт мулзан толгой...



Та бүхэн анзаарсан бол үг хэллэг ч мөн адил. Бага залуу үеэс минь цаг цагт моодонд орж байсан үгийн талаар санаж буйгаа өгүүлэхэд сонин ч юм шиг. “Хүч”, “хүчтэй”, “сүр”, “сүр эр” зэрэг үгс 1972 оноос моод болсон. Эсвэл их дэлгэрсэн гэж монгол үгээ хэрэглэе. Бүх юм л хүч, сүр болоод явчихна. Ёстой хүчтэй хүүхэн гэвэл их гоё хүүхэн гэсэн үг. Барилддаг, эсвэл туухай өргөдөг хүүхэн биш. За тэгээд л кино ч хүчтэй. Хамгийн тод жишээ нь Японы урансайхны “Зуурдын сэтгэл” бол хүчтэй кино. Нөгөө ангийн охин ч хүч, эсвэл сүр гэх мэт гоё мундаг юм бүхэн сүр, хүч. Амины цагаан малгайтай ангидаа очиход “аа манай Баги сүр эр” гэлцэнэ.

“Баадуудах”, “чангарах” хоёр ч энэ үед дэлгэрсэн. “Батсайхан өчигдөр зурагтаар ямар баадуурч байв аа” гэвэл Соёл Эрдэнэ хамтлагийн аргил гитарч Батсайхан хүзүү толгойгоо хөдөлгөн буй биеэрээ хөдлөн:
Аа аа – аа аа – аа аа
Таван тивийг учруулан
Танилцан наадацгааяа гэж сэтгэлийн их хөдлөлтэй дуулж байсныг нь хэлж буй юм. Гэхдээ Та зөв ойлгосон байх, баадуурах гэж дуулахыг хэлж буй биш. Батсайхан их онгирч буй мэт бидэнд санагдаж л дээ.

Улаан туг залуучууд хоёр ихэр юм
Уралдаан ялалт хоёрын нөхөр юм
гэж томоор бичиж үүдэнд нь өлгөсөн танхим руу хуралд орохдоо бид, манийгаа ёстой зад баадуудаад ийш нь амбаардаад хөөгөөд оруулчих юм байна л даа гэж хоорондоо ярилцана. Пионерийн удирдагч “Шовгор хар” сүүлийн үед ямар чангарч байна аа гэвэл тэр их онгирч хэнхэглэж эхэлж гэсэн үг.

Тэгж байснаа л “тийм айхтар” гэдэг үг моод болно. Хүн үг дугарав уу, үгүй юү л урдаас: -  Тий-ийм айх-хтар гэнэ. Залуухан, физикийн багш Ганбат: -  Хүүхдүүд ээ, өнөөдрийн хичээлээр жигнүүрийн тухай үзнэ. Жигнүүр! гэхэд нь манай ангийн хамгийн аалигүй охин урдаас нь: -  Тий-ийм айх-х-тар! гэх жишээтэй. Хэлний хэмнэлтийн зарчмаар ч юмуу, эсвэл би яаж мэдэхэв, өөр шалтгаанаар ч юмуу, ганц “айхтар” нь л үлдсэн. Юм болгоныг л “айхтар” гэнэ. Хамаг сахилгагүйчүүд маань Техник мэргэжлийн сургууль руу хөөгдөхөөс хараахан өмнө, 7-р ангидаа манай анги тун болдоггүй анги гэгдэж ангийн багш маань аргаа бараад бусад багш нараас тусламж хүсч Ганбат нарын гоё ярьдаг ухаалаг багш нар хичээлийн дараа бидэнд ухаалаг яриа хийж байхад ангийн атаман маань (уг нь бол хамгийн гол нь түүнд л зориулан ярьж байгаа хэрэг): -  Айх-х-тар худлаа ярьж байна даа гэж суух жишээтэй. Иймэрхүү моодны үгс зөвхөн үе, үеийнхэндээ байгаа юу гэвэл тийм бус, хавтгайдаа дэлгэрч байжээ, янз нь. Ах минь эгчийн минь хүүхдэд луувангийн шүүс бэлдэж байхад манайд байсан ангийнх нь хөгшин оюутан, өөрөөр хэлбэл ахаас маань хамаагүй ахмад эр: -  Айх-х-тар бүтээгдэхүүн гарч байна даа, наадах чинь гэж суусан сан.

Хиппи гэдэг үг манай ангиас дэлгэрсэн. Түүхийн багш Я.Намсрайжав нэгэнтээ хөрөнгөтний ялзран мөхөж буйн нэг тод жишээ бол хиппичүүдийн урсгал гэж ярив. Багшийн ярианаас бид хиппичүүд гэдэг  нь урт үстэй, уранхай ноорхой хувцастай, орон гэргүй тэнэмэл, бензин тос асгарсан цардмал замаар нүцгэн хөлөөрөө туучиж явдаг... ийм маш сонин залуусын тухай ойлголттой болов. Бид хиппичүүдийг яагаад ч юм огт жигшсэнгүй, харин тэд нэг л сонин, битүүлэг, Барууны... Ингээд манай ангид хиппи гэдэг үг дорхноо дэлгэрч... удахгүй бүр “хиппи гоё хүүхэн”, “ёстой хиппи машин” гэж ярих болов. Ингэж ярих нь энэ үгийн жинхэнэ утганд нийцэхгүй байна гэж би ганцаараа зүтгээд дийлээгүй. Манайд тэр үед энэ үгийг жинхэнэ утгаар нь нэрлүүлэх урт үстэй, ноорхой хувцастай, хөл нүцгэн явдаг залуу нэг ширхэг ч байгаагүй юм сан уу. Харин биднийг 10-р ангид доод ангийн охид арвын гурвын хиппи ах нар гэх болсон ба энэ үед хиппи гэдэг үг орон даяарыг бүү мэд, лав хот даяар дэлгэрсэн байв. Манай байрны атаман Толя хиппи залуу байсан гэхчлэн.

Гэнэтхэн л “хүүхэн цохих” гэж ярьж эхэлнэ. Уг нь “бавах, шаах” хавиар л ярьдаг сан. “Цохих” гэдэг шинэ моодны үг гарч ирээд “бавдаг” маань шууд хоцрогдож, даруй мартагдсан. “Цохих”-д ёстой цохигдсон. Муу юм арилж өгдөггүй бололтой.
Манай анги 9-р ангидаа ч мөн л муу нэртэй, луу данстай явсаар байсан тул ер нь цөмөөрөө энэ байдалдаа ноцтой дүгнэлт хийе, ний нуугүй ярилцая гээд, хөвгүүд  охидоороо тус, тусдаа хоёр өдөр дараалан хуралдав. Ёстой л илэн далангүй хуралдсаны ганц жишээг хэлэхэд л манай ангийн дарга Оргилд, ангийн багш: -  Чи тэгээд Цэ-г (манай ангийн охин) цохичихсон юмуу? гэж учиртай асуухад Оргил: - Юу? Гараараа юу? гэж гайхширав. Багш: - Би ч та нарынхаа яриаг нэг муу юм ойлгоод байгаа юм аа гэж тун донжтой хэлээд багш, сурагчгүй нөхөрсгөөр инээлдэж билээ.

Зарим үг цагийн урсгалд бас ялимгүй өөрчлөгдөнө. “Шарагдах”, “түлэгдэх” гэдэг нь их ичиж, одоогийнхоор бол  шараа болж. Энэ хоёр үг бол нэлээд дээр үеийнх. Намайг 5-6-тай байхад том ах эгч нар маань ингэж ярьдаг сан. Харин “шараа болох” гэдэг нь 1975 оноос дэлгэрсэн санагдана.

Зарим үг тэр үедээ анзаарагдахгүй өнгөрөөд, хожим моод болно. Жишээ нь “гол гаргах” гэдэг үг “Үер” киноноосоо хамаагүй хойно  гэнэт мартсанаа санасан мэт 1984 оноос дэлгэрсэн.

Зарим үг нэг хэсэг дэлгэрэн мандсанаа төд удалгүй гандан буурна. Хулгайлах, хүний юмыг сэм авах гэдэг утгыг илэрхийлсэн щёткодох гэдэг чамин үг дээрх утгыг илэрхийлсэн дэлсэх, хусах, шаах, туух, буух зэрэг бүх үгийг бут цохин гарч ирээд нэг хэсэг хүн бүрийн амны уншлага болж байсныг манай үеийнхэн байтугай санаж байгаа буй за.

Намайг 4-р ангид байхад манай ангийнхнаас аваад бүх хүүхэд, залуус бие биеэ “Өвгөөн, хөгшөөн” гэж дуудах болж, “Өвгөндөө наадахаасаа л даа”, “Алив, хөгшиндөө өгөөч” гэхчлэн ярьж эхлэхэд ээжээс минь өгсүүлээд зэвүүцэж байсан гэж тоймгүй. “Манай Батбаяр шиг жаахан, жаахан хүүхдүүд бие биеэ “өвгөөн, хөгшөөн, өвгөндөө, хөгшиндөө” гээд л, ямар муухай юм” гэж. Гэтэл одоо бүх насныхныг хамарсан, их л “найрсаг сэтгэлийн” үг мэт сонсогдох болжээ.

Чарли Уотс бол Ролинг Стоунзын Петр Бровкин нь, аа Битлзийнх бол мэдээж Ринго Стар. Хамгийн доожоогүй, ядруу нь, дээхэн үеийн үгээр бол “бараак” нь. Ангид ч тэр, байранд ч тэр доожоогүй хүүхэд байдаг даа, тэднийг хэлсэн үг. Хэлний хэмнэлтийн зарчмаар ч юмуу Петр нь яваандаа алга болжээ. Тэр муу чинь ангидаа хамгийн Бровкин нь гэхчлэн ярьдаг сан. Харин бид шинээр моод болж буй үгстэйгээ хамт алхахгүй бол хоцрогдсон домброок, Бровкин болчихно шүү дээ.

Ингээд санаад, бичээд байвал маш олон үг, хэллэг болох байх. Товчлоод үеийн  бүсгүйн яриагаар өндөрлөе.
-    Хүүгийн минь зургийг үеийн охид нь үзээд, аа ямар саак залуу вэ, хүүтэйгээ танилцуулаач гэдэг.
Саак гэдэг нь сайхан, гоё гэсэн үг аж. Уг нь дээхэн үедээ саакуу, товчлоод саак гэдэг чинь сагсуу гэсэн үг байсан юм сан. Жишээ нь, манай Доржоо чинь залуудаа саак амьтан байсан юм. Хэдэн найзтайгаа нийлээд нэг цагдааг бяц авчихсан чинь цаадах нь гялтайчихсан гэж ярина. Гэтэл цагийн урсгалд утга нь шал өөрөөр эргэжээ.
-    Саак гэнэ ээ? Юу гэсэн үг вэ? гэж би наана нь ангайж, Бровкин болоод авсан шүү.



                                                                                       Л.БАТБАЯР

                                                                                       12 – 22 – 08.

Л. Батбаяр ахын дээрх сонирхолтой өгүүлэлд зориулан энэхүү зургийг хавсаргав. Энгэрийн тэмдэг, энэ бал, бохины цаас, кноп гээд хараад байвал бас чиг бага нас санагдахаар юмс ...

М. С.

Image

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио