Tue10212014

Last updateTue, 21 Oct 2014 3pm

 
 
Back Та энд байна: Home М.Буянбадрах Уран зохиол Эрдэнэболд.С Эх оронч үзлийн тухай, Эх орончдын тухай бичлэг

Эх оронч үзлийн тухай, Эх орончдын тухай бичлэг

Эртний Персийн нэрт түүхч Рашид-Аддин: “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байжээ. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталж, төрсөн хүүхэд болгоноо удам угсаатай нь танилцуулж сургадаг заншилтай байсан. Ийм учраас удам угсаагаа мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилтай байгаагүй юм“ хэмээн бичиж үлдээжээ.

1. Ариусал …

Үеийн үед өвөг дээдэс маань чулуунд хүслээ шингээж, овоо босгон хилээн тойруулдаг байжээ. Хил манасан овооны чулуундаа өвөг дээдэс минь эх орноо хайрлах, түүнийгээ ариун дагшин байлгах эрхэм сэтгэлээ үлдээж эрх чөлөөг бидэнд өвлүүлжээ. Чулуу бүхэнд нь эх орны амь шингэж, эх орончдын сэтгэл хоргодсон Монголдоо бид хайртай. Угшил нутаг Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошууны Бүрэнгийн уулс, Хайрхан, Баян гүнээс миний эх орон эх орон эхэлдэг. Унтрашгүй тэмүүлэлт Монгол ахан дүүсийн минь зоримог харцнаас миний Монгол эхэлдэг. Анхны хайр, бороотой үдэш, гандмал навчис, яргуйн хөх туяанд ч эх орон гэрэлтдэг. Хаа сайгүй гэрэлттдэг гэрэл учраас тэр өглөө бүхэн нартай хамт манддаг юм. Эх орон гэрэлтэж байна !

2. Уриа

Эртний Персийн нэрт түүхч Рашид-Аддин: “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байжээ. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталж, төрсөн хүүхэд болгоноо удам угсаатай нь танилцуулж сургадаг заншилтай байсан. Ийм учраас удам угсаагаа мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилтай байгаагүй юм“ хэмээн бичиж үлдээжээ. Чухамдаа “Эх орон” гэдэг эцэг өвгөдийн үеэс нааш үе улиран идээшиж дассан төрөлх нутаг, хэл, үндэсний соёл зан заншлаас эхлэх нийгэм эдийн засгийн болоод улс төрийн ойлголтыг багтаан агуулах уламжлалт сэтгэлгээ юм. Эрх чөлөөний хамгийн сайхан үр жимс нь зүрх сэтгэлдээ эх орноороо бахархаж түүнийхээ хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ард түмний сэтгэлийн гүнд ургадаг. Тийм ч учраас “Бахархлын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол Үндэсний бахархал билээ”. /Шопенхауэр/ Ийнхүү үндэс удмаа сурвалжилж, овог шаштираа мэдэх нь эх оронч үзлийн эхлэл, эх оронч байхын босго буюу. Жил бүрийн 3-р сарын 1-ийг “Эх орончдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн нь эрхэм санаа юм. Үнэндээ манай Монголчууд найр наадамд хэт туйлширч, хавтгайруулан учир утгатай болоод учир утгагүй зугаа цэнгэлд хайран цагаа үрэх нь цөөнгүй. Гэвч “Эх орончдын өдөр” нь тэдгээр баяр ёслолын өдрүүдийн тэргүүн магнайд тэмдэглэгдэж утга төгөлдөр орших ёстой. Үе үеийн эрх чөлөөний тэмцэгч эх орончид, бидний өвөг дээдэс халуун цусаан асгаруулан мөнх хөх тэнгэрийн дор энэ эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ ноцож, амьдаралаараа бамбар хийн түүхэнд гэрэл нэмсээр ирсээн. Энэ ёслол бол зугаа цэнгэл, хоосон хийрхэлийн өдөр биш Монголын ард түмэн түүхэндээ гүн хүндэтгэл үзүүлж үндэстнийхээ эрдэнэ болсон эх орончдынхоо гавъяаг дээдэлж, хойч үеийнхээ үр ач нартаа үнэт сургамжаа өвлүүлэн үлдээх ариун ёслол байх учиртай. “Монгол хүн утга учиртай амьдарч, монгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн“ гэж Н.Багабанди гуйн хэлснийг онцолмоор байна. Өнөөгийн залуусын цээжинд төрийн дуулал эгшиглэж өнгөрсөн эдүүгээг жишин, ирээдүйдээ сэтгэл хандуулан, цаг давчуу, зорилго эрмүүн алхаж явахад бас ч цөөнгүй зарим нь төрийн дууллын үг байтугай эх түүхээ умартан, олон ангит кинонд олон амжилт бүтээлээ золиослонхон, шөнө үдшийн цэнгүүнд цаг наргүй зугаацан, залуу халуун насаа үрж хожмын гэмшилд хальтирч байна. Ердөө л цөөхөн, буурай гэсэн тодотголоор өнөөдөр цоллуулсаар буй эх орон минь орчлонгийн алслагдан одсон цаг хугацаанд баатарлаг суугаар бичигдэж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөөхийлгөж явсаан. Тэд маань Хаан завилгаатай, Хатан зохироотой домогт түүхийг бүтээсэн юм. “…Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” хэмээн АНУ-н Ерөнхийлөгч Никсоны хэлсэнчлэн, өнгөрсөн түүхийнхээ цогшсон гэрэлд өнөөдөр бараадаж яваа Монголчууд ирээдүйн “хөгжлийн их гал”–ыг ноцоож цаашид тоо нь цөөн ч ухаан нь өндөр, эд нь бага ч чадал нь хүчирхэг гэгээрлийн түймрийг бадраагаасай. Монголын түүхэнд товойн шалгарсан эрдэмт хөвүүн Анандын Амар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1939 оны 3-р сарын 6-нд баривчлагдахдаа: “Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг нэгэнт мэдсэн... Би хэдийгээр шашин шүтлэгтэй боловч миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг... Би улс орондоо хайртай. Би үүнийг өөрийн биеэр үзүүлсэн” хэмээн өчиж байлаа. 1941 оны 7-р сарын 10-нд Зөвлөлтөд түүнийг цаазаар авах ял оноон эцсийн үгээ хэл гэхэд А.Амар: “Том гүрэн жижиг улсыг колончлоод удирдагчийг нь баривчилдаг нь байнга л тохиолддог явдал. ЗХУ Монголд мөн л ингэж хандаж байдаг гэдгийн нэг том жишээ нь би өөрөө болоод байна” хэмээн юунаас ч эмээлгүй өчжээ. Тэрээр гуйвашгүй зүтгэлтэн, эх орноо гэсэн эрэлхэг хөвүүн байлаа. Бид тэрхүү “нэг том жишээ”-г мартах ёсгүй ээ. Жижиг улсын зовлон их ч, өс хонзонгоо авъя гэж хэлсэнгүй, гагцхүү тийм эрэлхэг зоригтой, эх орондоо үнэнч мянга мянган охид хөвгүүдийнхээ хүчээр бид өдий зэрэгтэй яваагаа л мартаж боломгүй ээ. “Үхлийн ял сонсож байсан тэр хүмүүс үндэстний аугаа их төлөөлөгчид болох нь цөөнгүй” хэмээн Э.Ренаны хэлсэн үг тохиолдлынх биш ажээ. Ирээдүй сүмбэрлэх хөгжлийн галд цучил нэмэх элэг нэгт ахан дүүсээ, үндэс хийгээд үндэстнээ хайрлаж, хүн төрөлхтөний болоод өөрсдийн бүтээсэн түүхээс суралцъя, уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадлаа зорилготой амьдралд итгэл дүүрэн зориулъя! 1.Хорьдугаар зууны эхлэл хийгээд Эх орончид Хүн хөлөөрөө эх орныхоо шороонд шигдэн ургах ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байг. Д.Сантаяана...Ойрноос борооны үүл хурмаар аядах ч ган гачиг тайлагдалгүй уджээ. /1901,1903,1904 онуудад Монгол орныг өргөн хамарсан их ган болжээ/ Улайсч хөлөрсөн наран үүлгүй шахам тэнгэрийн гүнээс өвсний ёзоорыг шарлатал нь жигнэж хүн малыг нозооруулам төөнөнө. Өргөн уудамхан талд агь гангын үнэрт хэсүүчлэх хуурай шаргал салхи үес үесхэн сэвэлзэхэд ган тайлагдахыг царайчилж, хур бороо горилсон малчин ардын сэтгэл байгаль ертөнцийнхөө аясыг даган ундуйцана. Гэвч тэдний “жинхэнэ зовлон”-гийн дэргэд хэдэн жил дараалах ган гачиг юу ч биш байлаа. Зүрх сэтгэл, оюун бодлынх нь хязгаарт ямар ч үнээр болов эдгээх сэтгэлийн шаналан оршино. Тэр зовлон бол “Харийн дарлалыг устгаж, улс орноо тусгаар тогтнуулж, ардын эрх чөлөөгөө олж, улс шиг улсаа бадрааж, хэдэн зууны өмнө түүхийн хуудаснаа алтан үсгээр гэрэлтэх гавъяаг байгуулж төр улсаа төвхөнүүлж явсан өвөг дээдсийнхээ өв их сан, баялаг уламжлалаа сэргээхийн хүслэн, зохируулахын зорилго билээ”. Эх орны эгэл чулуу, ус мөрөн, хөрс шороо, мөнх хөх тэнгэр, намхан бор толгод, хүлгийн дэлэнд шингэсэн тэр нандин хүсэл бүхнээ хамгаалахын мөрөөдөлд Монгол улс шаналж байсан юм. Чухамдаа Эх орондоо учирсан шархыг ард түмний хэлтэрхий хэн нь ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байдаг болохоор тэд ийнхүү шаналж байлаа. Энэ үе бол Манж чин улсын Бадаргуулт Төрийн 26-р он, Нийтийн тооллын 1900 он бөгөөд Хүн төрөлхтний түүхийг донсолгосон Хорьдугаар зууныг туулах түүхэн мөчлөгт ирээд байв. Ард түмэн түүхээ бүтээдэгийн язгуураар энэ зуунд Монголчуудын орших, эс оршихуйн орчин үеийн тэмцэл сонгодог утгаараа өрнөсөн юм. 1900 онд Хаант Орос улст монголын элч хоёронтаа тусламж гуйх бичиг хүргэв. Да лам Бадамдорж, дончир лам Цэрэн-Очир нар их хүрээнээс сэм одож Петербургт Оросын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа, Түшээт хан аймгийн ван Цэрэнбаавайн хошуунд феодалын дарлалыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Засагт хан аймгийн Луу жанжин гүний хошууны Энхтайван гэгч Улиастайн 2000 цэргийн бослого толгойлж, хорьдугаар зууны монголын эх орончдын ууган хөдөлгөөнийг эхлүүллээ. Монголын ард түмний хатан зориг ч ундарсаар...Энэ нь цааш өргөжин тэлсээр “Их монгол” нэрт Шаравжамцын түрүүлсэн 1911 оны Богдын наадмын үеэр Богд тэргүүтэй засаг төрийн томоохон ноёд лам нарын 18 хүн Богд хаан ууланд сэм цугларч, нууц хуралдаан хийжээ. Уг хуралдаанаар Монголыг Манжаас тусгаарлах, энэ хэрэгт Орос улсаас тусламж гуйх, Богд хаант улсыг байгуулах зэргийг хэлэлцээд тусламж гуйх төлөөлөгчөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар сонгогдов. Тэд мөн оны 7-р сарын 29-нд Их хүрээнээс нууцаар мордож 8-р сарын 15-нд Петербургт очжээ. 1911 оны 10-р сарын 11-нд Хятадад Сунь Ят Сений удирдсан “Шанхайн хувьсгал” гарч Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсыг байгуулах шийдвэр зарлагдан Манжийн төр нурж буй энэ зуур Монголд тусгаар тогтнолоо сэргээх эх орончдын ариун үйл дүрэлзэж байлаа. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар /ХХБХТЕШГ/ гэгчийг 1911оны 11сарын 30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын Долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэдний хамгийн эхний алхам бол Их хүрээн дэх Манж Чингийн эрхшээлийг унаган Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах үйлс байв. Ер нь өвөг дээдэс маань зорилгодоо хүрэхийн тулд нарийн нандин арга, овжин ухаан, аян шалтгийг гарамгай олдог байсан түүхтэй. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар байгуулагдмагцаа Жибзундамба хутагтын Лүндэнг Өвөр монголын засаг ноёд, Барга, Алаша, Хөх нуурын Монголчуудад яаралтай дамжуулахдаа, Жибзундамба хутагтыг Хаан ширээнд өргөмжлөх гэж байгааг нэгэн зэрэг мэдэгдэж юуны урьд Халхын Дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ. Ингээд хоёрхон хоногийн дотор хүрээний ойр хошуудаас 500 орчим цэрэг Түшээт хан аймгийн Жанжин Ханддоржийн шууд мэдэлд цугларлаа. Гэсэн ч тэд шууд зэвсэг хэрэглэхийг урьтал болголгүйгээр цугларсан цэргүүдээр Манжийн эзэн хааныг хамгаалуулах зорилготой мэтээр Хүрээний Манж сайд Сань До-д хуурмаглан мэдэгдэхдээ: ”Сонсвоос дотоод олон мужууд тусгай улс болсон бөгөөд Гамин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй хэмээнэ. Манай халхын Монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тулд, суусаар үзэхэд сэтгэл дүвтэхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж Дайчин улсын Хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэжээ. Тэгэхэд Сань До бичгийг хүлээн аваад Их хүрээний Монгол сайдтай уулзах гэтэл элдэв шалтаг заагаад төлөвлөсний дагуу албаар уулзаагүй байна. Сань До яах учраа ологүй яамандаа сууж байтал хэдэн Монгол лам, ноёдын хамтаар Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ хэмээгээд Сань До сайдад: “Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд Монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, Бүрэн эрхт Их Монгол улсыг байгуулж, Богд Жибзундамыг Хаан болгон өргөмжлөхөөр тогтжээ” гэж мэдэгээд, түүнийг харъяат албаны хүмүүсээ авч, маргааш нь хилээс гарч явахыг шаардсан байна.Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхрагын дэвшилтэт эх оронч хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, Монгол үндэстний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэн боссоны дүнд мөн өдрийн 19 цагт Их хүрээн дэх Чин улсын сүүлчийн Сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавилаа. Тэр даруйдаа “Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг” гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна. Ингээд 12-р сарын 3-нд Манж Чин улсын “Хэвт ёс”-ны тооллыг халж Монголын 12 жилийн цаг тоог баримтлан “Цагаагчин гахай жил” хэмээн нэрийдэв. Ийнхүү 1911 оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Mонгол улс байгуулагдлаа. Нэгэн цагт ертөнцийн дайтыг ирт сэлмийн тохилт, эмээлт морины давхилаар нумлаж асан Монголчуудын тэнгэрт “төрийн од” эргэн гийж 200 илүү он ноёрхсон харийн дарлалаас ангижирсан бөлгөө. Хэдийгээр арайхан олон улсад хүчин төгөлдөр зөвшөөрөгдөөгүй цаг зуурын шинжтэй байсан энэхүү эрх чөлөө нь өнө эртний түүхтэй Монгол нутгийн ариун голомтонд төр улсаа төвхөнүүлэн, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлийн үндсийг сэргээж, итгэлийн галыг ноцоож хойч үеэ гийгүүлсэн юм. Нэгэн сонирхолтой баримт сөхөхөд: Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны Наймдугаар сарын 6-нд Богд хаанд ийнхүү өргөн мэдүүлжээ :“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж уг үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд Монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн бичжээ. Тэнд гайхмаар баатарлаг тулалдаан болжээ! Өөрийнхөө хүчнээс 5 дахин илүү дайсны халдагчдийг хиар цохисон Монгол цэргүүд зөвхөн 1913 он гэхэд Хятадын цэрэгтэй байлдсаар 60 гаруй удаагийн тулалдаанд дайсныг ялж зөвхөн “Дархан уул”-ын хавьд Хятад цэргүүдийг бут ниргэж их буу 1, их бууны сум 304, пулемёт 1, пулемётны сум 5000, синсали буу 101, сум 150000, сэлэм 421, майхан 203, шинель 1074-ийг олзлон эх орондоо халдан довтлогчдод үхлийн цохилт ч өгсөөр байлаа. Дээрхи тулалдаануудыг гарамгай удирдсан Л.Сумъяагийн байгуулсан гавъяаг Богд хаан тухай бүр хүндээр шагнаж байсан бөгөөд ард түмэнд “Сумъяа Бэйс” хэмээх нэр ийнхүү алдаршсан юм. Эрмэг зоригтой, цөөхөн ч гэсэн баатарлаг цэрэг эрсийн өвөг дээдэс нь болох 13-р зууны Их Монголчууд 1235 онд Өмнөд Сүн улсад дайлаар мордож Хувилай хаан 1271 онд Юань гүрнийг үүсгэх хүртэл 35 жил үргэлжилсэн их дайнд үндсэн 100 мянга орчим цэрэгтэйгээр Хятадын 30 гаруй сая хүнийг устгаснаар Гиннесын номд 1991 онд тэмдэглэгджээ. “Их юмны үлдэц” дайчин удмынхан өөрсдийгөө хэн гэдгийг мартаагүй бололтой. Хожим нь 1921 оны 3-р сарын 18-нд мөн л Хиагт хот дахь 10000 гамин цэргийг Монголын хагас мянга ч хүрэхгүй хөвгүүд очиж түйвээгээд тусгаар тогтнолоо сэргээж Ардынхаа хувьсгалыг тунхаглаж байлаа. Энд нүүдэлчин Монголчуудын дайсныхаа цусыг асгаруулах авъяасыг онцлох гэсэнгүй ээ. “Хүний сүрийг өндрөөр нь хэмждэггүй шиг, ард түмний сүрийг түүний тоогоор хэмждэггүй, цорын ганц хэмжүүр нь тэдний оюуны хөгжил болон ёс суртахууны түвшин, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр байдаг” хэмээн нэгэн сэтгэгч айлджээ.Тэгвэл ёс суртахууны чинад дахь хамгийн эрхэм зүйл нь төрж өссөн нутаг, өв соёлоо хайрлах түүнийгээ ариун нандин байлгах эрх чөлөөг эрхэмлэгч эх оронч үзэл билээ. Гагцхүү Хорьдугаар зууны Монголын түүхийг хувьсгалаар эхлүүлэгчдийн баатарлаг зориг нь эх оронч сэтгэлгээгээр хөвчрөгдөн төрөлх орон гэр, улс үндэстнээ хамгаалахад бүхий л хүч чадлаа зориулан ямар ч саад, хэдэн мянган бэрхшээлийг ч хага ярж чадах үндэсний тэмүүлэлт үзлийг нь өгүүлэх гэсэн юм. Тухайн цагтаа буурай бүдүүлгээрээ гоочлуулж өнчин ишиг шиг торойсон эх орон минь сэтгэл зүрхэндээ нүүгэлтсэн зовлонгийн бараан үүлийг хуу татаж намхан ч гэсэн тусгаар тогтнолынхоо овоог босгосон билээ

2. Эх орончдийн цуваа тасардаггүй, эх оронч сэтгэл мөхдөггүй “

Баатарлаг хүмүүсгүй орон азгүй” гэсэн үг нэгэн цагт сэтгэгчийн амнаас унажээ. Энэ үг унахдаа олон олон учрыг дагуулсан биз ээ. Харин бид азтай ! Бүр од нь гийж оч нь гэрэлтсэн ерөөлтэй улс. Орчлонгийн бүхэл бүтэн зуунуудыг өөрийнхөө түүхээр овоглуулсан шалмаг нүүдэлчдийн удам. Анхны төрт улс Хүннүгийн Модун Шаньюй үнэт зүйлсээ таягдан эх орныхоо сүр хүчийг өргөж, эрхий дарам газрыг бурхнаас ч харамлаж байсан гэдээг. Түүний түүхийг улбаалсан хэд хэдэн эзэнт гүрнүүд он цагийн уртад ээлжлэн төр барьсаар Хамаг Монголын эзэн, Хабулын удам, Есүхэйн хөвүүн Мянганы сод хүмүүн Тэмүүжин төрж анд Жамуухын хатуужуулснаар, ертөнцийг эзэлсэн баатар болсон юм. Их Монгол Гүрний эзэгнэл цаашлаад бага хаадын үе дуустал Монголчууд бид хэний ч өмнө өвдөг бохирч яваагүйг түүх гэрчилнэ. Чухамдаа Чин гүрний 200 гаруй жилийн ноёлолд л тэр эрхэм нандин чанартаа сэв суулгасан ч тэмцэн боссоор ирсээн. Чин гүрэнд өөрийн хүчгүйдээ бус зуурын эвгүйдээ автсан бөлгөө. Тэр бүх хугацаанд Монголчуудын зүрхэнд эх оронч үзлийн гал догширон, иссэн дарс мэт чангарсаар, гүн хөх утаагаа 20-р зууны эхдээр зад тургиж эхэллээ. Түүний үр дүнд 20-р зууны ууган эх орончид болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч Богд Жибзундамба тэргүүтэн гүн, ван, бэйл бэйс хэргэмтэнгүүд болох Чагдаржав, Ханддорж, Цэрэнчимэд, Намнансүрэн зэрэг олноо алдаршсан эх орончид тодорсон юм. Тэднийг залгамжлан 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэгчдийн эгнээ болох Данзан, Бодоо, Сүхбаатар болон журмын олон нөхдийн нэр урсах бөгөөд “Цэцэг нуурын дугуйлан”-гийн Ард Аюуш ч зүй ёсоор дуурсагдана. Тэдний үеэс эхлэн 1990 он шахтал Оросын бодлогоор Монгол орон замнасан ч ард түмний зүрхэнд хоногшсон Догсом, Лосол, Дэмид, Гэндэн, Амар, Чойбалсан Самбуу, Цэдэнбал Лхагвасүрэн, Дандар, Олзвой гээд нэр нь үл дундрах эх орончдын цуваа үргэлжилнэ. Өнөөдрийн өндрөлгөөс хүмүүс эдгээр болон энд нэр дурьдагдаагүй хүмүүсийн хатан зоригийг бахдахаас гадна зарим нэгийг нь түүхэн шалгуураар шүүмжилж байна. Түүх түүхээрээ л үлддэгээс хойш тэдний эх орныхоо төлөө хийж бүтээж, тэмцэж ирснийг бас ч ойлгон тунгааж ухаарах хэрэгтэй. Цухас дурьдан буй эх орончдын нэр ч 1990 ээд оноос эхлэн цааш үргэлжилнэ. Ардчиллыг авчирсан хувьсгалчид эдүүгээ бидний дотор төр түмний хэрэгт зүтгэж байгаа тул тэдний гавъяаг дүгнэхээ түүх шарлатал хүлээзнэе. Гэхдээ үйл хэрэг мөнх учраас ардчилал авчирсан залуусаараа бид бахархах ёстой. Энэ орчлонд амьд явахад хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэж юу байдгийг хүн төрөлхтөн зөвхөн Ардчиллаас л асуудаг юм. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн Ардчиллыг авчирагсдын нэг С.Зоригийн хэлсэн үг, ”Улс төр, эдийн засгийн хүрээнд нэгэн зэрэг шилжилт хийх нь Азийн орнуудад тохирохгүй гэсэн хандлага түгээмэл байдаг. Бидний Монголчууд ийм ойлголтыг эвдэж, цогц өөрчлөлтийг эрчимтэй хэрэгжүүлж байна...” хэмээсэн үг нь Вашингтон пост сонины 1998 оны шилдэг ишлэлээр шалгарч байсан Ц.Элбэгдоржийн үйл хэрэг хийгээд эвийг эрхэмлэгч, чигт шударгууд зүтгэгч зарим хичээнгүй түшээд, ард түмний дуу хоолой болсон эгэл иргэний харцнаас өнөөдөр бид эх оронч хүний итгэлийн галыг олж харна. Нүргээн шуугиантай Хорьдугаар зуун Ленин, Муссолини, Мустафа, Троцкий, Рузвельт, Хитлер, Сталин, Чөрчилль, Мао Зэдүн, Никита Хрушев, Ким Ир Сэн, Хо Ши Мин, Фидель Кастро, Дэн Сяопин, Жон.Ф.Кеннеди, Мартин Лютер Кинг, Махатма Ганди гээд олон үндэстэн улсын нэр цуутай, цөөнгүй удирдагч, соён гэгээрүүлэгч, тэмцэгчид бас дарангуйлагчдыг төрүүлсэн. Эдний хувь заяанд шүтэгдэх ерөөл, хараагдах тавилан аль нь ч бий. Гэвч эдний ихэнх нь цаг үеийн олон янзын өнцөгт эх орончдын дүрээр илэрч байсан. Гэвч энд нэгэн зүйлийг онцлон хэлье ! Эх оронч үзлийн гол төлөөлөгчөөр хэн нэгэн удирдагч дарангуйлагчийг төсөөлдөг байсан, дайн дажинтай холбож хэт явцууруулж байсан өнгөрсөн зууны ойлголт түүх болон үлдлээ. Одоо шинэ үе эхэлж байна. Түүх соёл, уламжлалт ухаан, нутаг дэвсгэр, ард түмний нийтлэг үнэт зүйлсээс эх оронч үзэл төлөвших нь гарцаагүй бөгөөд одоо хүн бүрд эх оронч байх боломж, бас үүрэг улам бүр ихэсч байна.Хамгийн эрхэм зүйл юу вэ гэвэл ? Бурхан хэн нэгэнд “ Чи эх оронч болоод түүхийг эзэгнээд ир” гэж явуулдаггүй. Хүн бүхэнд эх оронч байж дэлхий ертөнцийн гялалзагч одон болох хувь тохиол хайрладаг. Эх орончид тусдаа төрдөггүй. Тэд өөрөө өөрийгөө төрүүлдэг. Тэднийг ард түмэн нь, цаг хугацаа нь, зүрх сэтгэл нь, өөдрөг том зорилго нь, бас хүн чанар нь төрүүлдэг юм. “Хүнд нөхцөл байдалд ард түмнийг баатарлаг явдал аварч болох ч, өдөр тутам өчүүхэн жижиг сайн үйлс бүтээгчдийн цогц л түүний сүрийг тоодорхойлж байдаг” хэмээн Г.Лебоны өгүүлсэн туйлаас үнээн.Шударга ёсны нар тусаж, Үнэний гэрэл гэрэлтэж, Хүнийг хайрлахын цэцэг дэлбээлж, эх түүхээ мэдэхийн саран гийсэн, эрх чөлөө ардчиллын салхи сэвэлзсэн, ухаарал гэгээрлийн одод сувдарч, итгэл бишрэлийн мод ургасан эгэл гоо үзэсгэлэнгээр сэтгэлийнхээ гүн дэх Эзэнт улсаа гоёж, нуран унашгүй оюунлаг цамхаг барьснаар чиний зүрх эх орончийн цохилтоор цохилно. Тийнхүү эх орноо хайрлах мэдрэмж эхэлнэ. Хэлж чадах зоригтой, хийж чадах тууштай, итгэж чадах сэтгэлтэй, Зорилго дүүрэн өөдрөг амьралаар өөрийгөө тойруулан амьдарч чадвал энэ бол эх оронч хүний хувь заяа. Зөвхөн амьдрах ч бус түүхийн шаргал хуудаснаа, ард түмний зүрх сэтгэлнээ домог болон гэрэлтэх хувь тохиол юм. Заримдаа түүх гуйвна. Өнөөдөр шүтээн байсан эрдэнэ маргааш адгийн зүйлд тооцогдож магадгүй нөгөөдөр бурхан мэт тахигдана. Улиран одох цаг хугацааны араншинд хүмүүний амьдралын ээдрээ нугачаанд сэтгэл зүрх бүү хэл, орчлон хорвоо ч орвонгоороо өөрчлөгдөж байдаг. Гэвч гуйвашгүй нэгэн түүх бий. Тэр түүхийг өгүүлэгч нь ард түмэн юм. Ард түмний зүрх сэтгэлд батарлаг үйл, шударга үзэл, оночтой, голчтой, ариун үйл хэргээрээ мөнхрөгсөд бол жинхэнэ эх орончид юм. Тиймээс эх оронч үзэл хэзээ ч мөхдөггүй билээ.

3.“Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”

Ард түмэн харахгүй байж болно, гэвч тэд ямагт мэдэрч байдаг. Д.ХаррингтонТодорхой бие хүмүүс ёс суртахууны хувьд ялзарч болдог ч харин ард түмний хувьд бол хэзээ ч үгүй. Тийм ч учраас жинхэнэ эх орончид ард түмний гүнд нь байж тэдэнд ойр хандаж чаддаг.Тэгвэл жинхэнэ эх оронч гэж хэнийг хэлэх вэ? Тийм хүнд эх оронч үзэл, эх оронч ухамсар, эх оронч итгэл үнэмшил, үйл хэрэг цогцолсон байдаг юм. Нэгэн цагт Авраам Линколин Алдарт Геттисбергийн үгэндээ: “Ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засаг газрын хөрснөөс арчигдах ёсгүй “ хэмээсэнчлэн “Ард түмний дундаас ард түмний сэтгэлийн гүнээс ундран гарсан эх оронч үзэл ард түмний ой ухаанаас мартагдах ёсгүй юм”. Эх оронч үзэл бол өнгөрсний тусгал, Үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг билээ. Яагаад эх оронч үзэл хэрэгтэй вэ? Хэдэн жилийн өмнө Монголд, “Та өөрөөсөө урагш хэдэн үеэ нэрлэж чадах вэ? гэсэн социологийн асуултанд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувь нь ердөө л 1-3 үеэ мэднэ гэж хариулжээ. Энэ юу гэсэн үг вэ? Уламжлал соёлоо гадарлахгүй, өвөг эцгийнхээ нэрийг ч мэдэхгүй иргэд төрөн гарахыг хэлж байна. Түүх соёлоо мэдэхгүй хоосон сүржигнэгчийг эх оронч бус “эх орогногч” гэлтэй. Тиймээс “Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”. Эх оронч байх гэдгийг цэрэгт мордох, улс төрд зүтгэх мэтээр хязгаарлаж болохгүй. Эх орон гэдэг ээжийн саяхан чанасан цайнаас амтагдаж, аавын дөнгөж өгүүлсэн сургаалиас мэдрэгдэж, амрагийн уруул, дүүгийн гэгээн хүслээс эхэлдэг.Эх оронч байна гэдэг бусдыг гайхшруулсан баатарлаг үйл бүтээхдээ биш өдөр тутам шинийг эрэлхийлж, өөрийнхөө ирээдүйд үнэнч зүтгэж, цаг хугацааг бяцхан ч гэсэн амжилтаар дүүргэж, сайн сайхныг бусдад хүссэн эгэл жирийн өглөөнөөс эхлэнэ. Чухамдаа эх орон нар мандахад ургаж үдэш нь ододтой хамт түгдэг. Эх орон эрх чөлөөтэй хамт, энэрэл хайртай хамт өглөө бүхэн эхэлдэг. Хэний ч хоолойгоор ямар ч хэлээр сонссон энэ үг аз жаргал мэт сонсогдоно. Ингэж эх орончдоор цаг хугацаа дүүрдэг билээ. Өнөөдөр !Залуучуудын цөөнгүй хэсэг эх оронч ухамсраар цангаж зорилгогүй амьдарч, амар хялбар ахуйд дурлаж, эх оронч үзлийн төлөвшилт ганхмал байгаа нь эх түүхийн мэдлэг буурайдаж өнгөрсөн одоо ирээдүйн залгамж холбоонд уламжлалт соёл ховордож байгаагийн учир юм. Энд улс төр, эдийн засгийн хамааралтай, зохион байгуулалтын шинжтэй дорвитой алхмууд үгүйлэгдэж байна. Эх оронч үзэл батжин төлөвшсөнөөрөө хувь хүний болоод нийт улс оронд хэрэгтэй амин чухал үйлсэд тус дэмээ өгнө. Даяаршиж буй эрин үед түүхээ сурталчилж боловсролын нийт тогтолцоонд өргөнөөр нэвтрүүлэх нь юунаас ч чухал байна. “Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хурааж чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” хэмээн Домогт Жанжин маань өгүүлсэнчлэн өнөөдөр Монгол эх оронд маань эвлэрэл, нэгэн чигт санаа, нэгэн үзүүрт сэтгэл юу юунаас илүү үгүйлэгдэнэ. Атаа хорсол, нутгархалын хэнээ, өсчирхөлийн өвчин, намчирхалын тахал бидэнд хэрэггүй. Монголыг минь мөнх хөх тэнгэр ямагт ивээх болтугай.
http://erdenebold-lawyersblog.blogspot.com/
2005 оны 2 сар

Comments   

 
+1 #8 эрдэнэболд 2013-08-31 14:11
одоогоос 8 жилийн өмнө бичсэн амьдайгийн маань нийтлэл өнөөдөр ч үнэ цэнэтэй, агуулга нь хуучраагүй, харин ч намчирхаж, хуваагдан, өмнөх хийснээ үгүйсгэн, харлуулж, өөрсдийгээ дөвийлгөгчдөд нэгийг бодогдуулах байх шүү.
Quote
 
 
0 #7 bataa 2012-12-11 08:42
yu hj bna tenegee
Quote
 
 
0 #6 Guest 2012-11-26 14:29
:-) уншлаа бас ашиглалаа баярлалаа үргэлжлүүлээрээ .
Quote
 
 
0 #5 Guest 2012-03-21 08:28
уншив сайхан байлаа үргэлжлүүлэх хэрэгтэй
Quote
 
 
0 #4 Guest 2012-03-19 00:45
надтай секс хийх хүн байна уу
Quote
 
 
0 #3 Guest 2012-02-28 08:04
надаас өөр хүн уншаагүй гэж бодохоор хэцүүхэн л санагдаж байна шүү. уншаасай билээ.
Quote
 
 
0 #2 Guest 2011-11-21 08:21
:lol: ;-) 8) :-| :-| :-| :-| :-x :o :-? :sad: :P :zzz :roll: :sigh:
Quote
 
 
0 #1 Guest 2011-09-22 09:33
:lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol:
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио