Wed04162014

Last updateWed, 16 Apr 2014 2pm

 
 
Back Та энд байна: Home Пүрэв-Очир.Б “Лоотуу”-гаас “лоолой”-г хүртэл…

“Лоотуу”-гаас “лоолой”-г хүртэл…


(Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим энерги, соёл хэрэглээ)

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)
Профессор А.Цог-Очир (МУБИС)

1. Монгол хүн тэмээг “тэмээ” гэж “хараадаг” нь сонин

Малд “хайртай”, малаа “сайн мэддэг” мах “бага иддэг” зарим монгол хүн буянт мал сүргийнхээ хойноос чулуу шидэж, хараал үг урсгаж байх нь хааяа сонстож, энд тэнд тааралдаж байдаг. Ноолуураар нь амь амьдралаа залгуулж яваа хэдэн ямаагаа “годрон” гэж нэг олиг муутай өвчний нэрээр хараана. Хотгороор дүүрэн налайх хундан цагаан хонио “хорхироо, хурхираа”-гаар нь дуудна. Сүргийн манлай морь адуугаа “адсага, турсага” гэж арьс ширээр нь дайруулж хэлнэ. Үхэр сүргийг “үмхий хамарт” мамартад нь хүрнэ. Харин тэмээг “лоотуу” гэж нэг хачин өөр үгээр хараана. Ер, монгол хэлний хараал зүхлийн үгс, тэр дундаас мал амьтанд холбогдолтой “хараал”, ерөөлийн үгэн дотор “лоотуу” гэдэг нэг сонин үг бий. Бас мал амьтанд холбогдох ерөөл, “хараалын” үг нь нутаг нутгийн аялгуунд ч өөр өөр байдаг нь сонин. “Лоотуу”-г зарим нутгийнхан мэддэггүй юм байна.

 

Тэрхүү “лоотуу”-г сонирхоод үзвэл энэ нь хятад гаралтай үг бөгөөд нэлээд эрт монгол хэлний үгийн санд орж, нутагшсан нь харагдаж байна. Хятад хэлэнд тэмээг “Luo tuo” гэдэг байна. Бас Хятадад “Luo tuo pai” буюу “Тэмээт” гэдэг нэртэй сүрхий хатуу нэгэн архи байдаг аж.

Хэлшинжлэлийн талаасаа “тэмээ” буюу “лоотуу” нь нэгэн амьтныг нэрлэсэн тэнцүү чанарт, хоёр өөр утга дүйх үг бөгөөд “лоотуу” нь хятад хэлэндээ хараал үг биш байна. Харин монгол хүн таван зүйлийн буянт малынхаа нэг-тэмээг яагаад “лоотуу” гэж хараадаг болсон юм бол? Үүнд хэл, сэтгэлгээ, танихуйн хэлшинжлэлийн талаасаа нэг хоёр сонин учир байж магад.

Эртний болон дундад эртний монгол хэлэнд “тэмэгэ” гэдэг үг, лоотуу гэдэг үгтэй зэрэгцэн хэрэглэгдэж байсан ч байж болох юм.

Тэгээд л тэрхүү “лоотуу” нь яван явсаар хожмоо хөөрхий “тэмээ”-г хараах үг болчихсон ч байж мэдэш юм. Гэхдээ харин монгол хүн тэмээ малдаа дургүйцэж “лоотуу” гэж хараах болов уу? Аль эсвэл хятад гаралтай “лоотуу” гэдэг үгэнд нь жихүүцэж, “лоотуу”-г хараал зүхлийн үг болгов уу? гэдэг нь бас бодолцмоор зүйл.

Ямар ч болов, монгол хүн тэмээг “лоотуу” гэж хараадаг нь тэмээг “тэмээ” гэж “харааж” байгаа мэт болжээ. Тэгээд бодохлоор “тэмээ”-г “лоотуу” буюу “тэмээ” гэж хараасан нь хараал биш, харин ерөөл ч юм шиг…

Тэмээ малынхаа хойноос хараал ерөөлийн үг хэлж, чулуу шиддэг хүмүүс яруу найрагч П.Бадарчийн “Тэмээ” шүлэг, Б.Лхагвасүрэнгийн “Намрын нуур луу чулуу юунд шидлээ?!” шүлгийг нэг хоёр уншихад зүгээр юм шүү! Таван зүйлийн мал сүргээ хараагаад байвал малын заяа гомдолгүй яахав.

2. Наран тэмээ хэмээсний учир

Малч удмын нүүдэлчин монголчууд “Тэмээ тэнгэрийн амьтан” хэмээн бахархан хэлэлцдэг. Энэ нь нэгэн цагт тэмээ тэнүүн алхаагаараа холыг ойртуулж, тэнхээт нуруун дээрээ хорвоогийн хүндийг тээж явснаас үүдэлтэй байж болох. Бас өнөөгийн монгол дуунд “Тэмээн дээрээс наран ойрхон” гэж дуулах нь бий. “Наран тэмээ” хэмээсний учрыг тэнхээт нуруун дээр нь гарахад тэнгэрийн наран ойрхон мэт санагдсанаас ч юмуу аль эсвэл өнө эртийн цагт өчүүхэн муу бор хулганаас өрсөж, өглөөний улаан нарыг харж чадаагүйгээсээ болж арван хоёр жилд багтаагүй тухай өгүүлдэг үлгэр домгийн явдлаас улбаалан тайлбарлах гэвэл их л эндүүрсэн хэрэг болох ажээ. Наран тэмээ гэдэг нь тэмээг нартай зүйрлэсэн хэрэг огт бус харин эртний иран, перс хэлнээ нэг бөхтэй эр тэмээг нар, эм тэмээг май хэмээн, арга билгээр нэрлэдэг байсан бөгөөд энэ хэллэг монгол хэлний үгийн санд орсноос үүдэлтэй ажээ. Ингэхлээр “Наран тэмээ” гэдэг нь угтаа эр тэмээ, атан тэмээ хэмээсэн утгатай болохыг эрдэмтэн Ц.Шагдарсүрэн, Х.Лувсанбалдан нар цухас дурдсан байдаг билээ. Бас эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай монгол хэлний олон тооны нар дагаврыг “эр хүн” гэдгээс улбаатай гээд, олныг хүндэтгэх аясыг нь гагцхүү хүнд хамаатай үгэнд дагуулдагтай холбон үзсэн нь бий.

3. Чин хэмээх үгийн тухай

Монгол хэлний чин сэтгэл, чин зориг, чин зүрх, чин санаа, чин үнэн, чинхүү журам, чин чулуу, чин толгой, чин бат гэх мэт нийлмэл үгийн чин бол хувиршгүй, бат, машид хатуу хийгээд аливаад санаа шамдах байдал тэргүүтнийг илтгэсэн утгатай тул чингга, чидал, чилагу, чилэ хэмээх үгс нь мөнөөх “чин” гэдэгтэй язгуур гарал нэгтэй төрөл үгс болно.

Эртний гал тахих ёсон, “Галын тахилга”-д

Чинг чилагун эхэ-тү
Чинггил тэмүр эчигэ-тү
Гал галайихан эхэ

гэж өгүүлснээс үзвэл чингил төмөр хэмээсэн нь нэгэн зүйл машид хатуу, ширээсэн төмөрлөгийн зүйл мөний тул Есүхэй баатрын хөвүүн Тэмүжинг хаан ширээнд өргөмжилж, Чингис хаан хэмээн цоллосон нь даруй хувиршгүй сэтгэлт, бат хатуу, баатар зоригт хаан гэсэн утгатай байж болох юм. Бас Чинггил тэмүр хэмээсэн нь Чинггис Тэмүжин гэсэнтэй агаар нэгэн байж болзошгүй.

4. Тэвнийн чинээ сүвээр тэмээн чинээ салхи орох

Энэ хэллэгт тэмээ гэдэг үгийн хэлбэр дүрсийг өөрчилж, хоёронтаа дурдсаныг уншигч та анзаарч байна уу? Монголчууд овор хэмжээ ихтэй, сүрлэг, бүхэллэг хатуу зүйлийг бод малтай зүйрлэн, том хэмээх утгыг илтгэж тэмээн чулуу, адуун чулуу, үхэр чулуу, тэмээн хад, үхэр хад, тэмээн харгана хэмээн нэрийдсэний үлгэрээр таар шуудай эсгий, сур тэргүүтнийг оёх бүдүүн том зүүг тэвнэ (тэбэнэ) хэмээн нэрлэх болсон нь угтаа тэмээ, зүү гэсэн утгатай түрэг хэлний үгсийн нийлц (composita) ажээ.

Энэ үгийн гарвалыг мөшгөвөл түрэг хэлний Тэба (тэмээ)+ан (зүү) гэсэн хоёр үгийн нийлэмж (Тэбан) болохыг эрдэмтэн О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” бүтээлдээ дурдсан байдаг. Энэ мэтээр хоёр өөр ухагдахууны нийлэмж хоршлыг илтгэсэн монгол хэлний алаг хэмээх үг нь мөн л ал (улаан)+ак (түрэг хэлний цагаан гэсэн үг) хэмээх хоёр өнгө заасан үгийн нийлцээс үүсэлтэй бөгөөд монгол ардын үлгэр туулийн баатар Араараа дүүрэн ай түмэн адуутай Агсгалдай (өвгөн) хэмээх нь ч түрэг хэлний ак (цагаан)-сахалтай хэмээх хоёр үгийн нийлц юм санжээ. Тэгээд мөнхүү алаг хэмээх үгийг өнгө заасан өөр үгтэй хоршин, бор алаг=борлог, хар алаг= харлаг, хүрэн алаг=хүрлэг гэх мэтээр ярьж хэлэхийн зуур монгол хэлний авианы зохицол, жам хуулиар -лог, -лаг, -лэг болсныг эдүгээ танихуйяа бэрх болжээ. Ёстой л нэгэн цагт “тэмээнээс тэмдэгтэй” байсан үгс маань хэлний түүхэн хувьсал, улирах цагийн өнгө аясаар “ямаанаас ялгагдахаа” больсны үлгэр энэ буюу. Монгол хэлний үгийн санд бие даасан хоёр үгийн нийлцээс бүтсэн ийм “алаг үг” өдий төдий байна. Энэ нь үгийн гарал, авианы түүхэн хувьсалтай холбоо бүхий сонин үзэгдэл бөгөөд судлууштай сэдэв болно.

5. Англи толгойтой, монгол сүүлтэй үг

Монгол хэлний үгийн санд “бойлуур” гэдэг үг идэвхтэй хэрэглэгдэх боллоо. Энэ бол өвөрмөц зүй тогтлоор бүтсэн үүсмэл үг. Өдгөө сайд дарга нар ч “бойлуур” гэхээр ойлгодог болж, сантехникийн слесарь хүн “бойлуур”, “бойлуур янзлах”, “бойлуурт ус алдаад” гэх мэтээр ярьж хэлэлцэж явдаг болж. Харин монгол хэлэнд яагаад ийм нэг үг үүссэн, монгол үг мөн үү, биш үү? гэдгийг анзаарч бодсон хүн хэр олныг бүү мэд. Монгол хэлний үгийн санд нэгэнт идэвхтэй хэрэглэгдэх болсон энэхүү “бойлуур” хэмээх үгийг үгийн гарал төрөл, бүтцээс нь ажиж судалбал англи хэлний “boil”, “boiling” гэдэг халаах буцалгах гэсэн утгатай үйл үгийн язгуур дээр монгол хэлний халаагуур, буцалгуур, хөргүүр, асаагуур, дуу хураагуур, хөдөлгүүр, эсгүүр, өлгүүр, дэвүүр… гэх мэт өдий төдий үгсийн үйл язгуурт залгаж нэр үг бүтээдэг –уур, -үүр дагавар залгаж “бойлуур” хэмээх англи толгойтой, монгол сүүлтэй (boil+уур буюу boil-еr) үг аналогиор үүссэн байх юм. Харин “бойлуур” гэсэн эрлийз үгийг үүсгэхийн оронд “халаагуур, буцалгуур” гэсэн сайхан цэвэр монгол үгээр нэрлэчихэж ч болох байж. Гэвч монгол хэлний үгийн сангийн үүд хаалга өдгөө цагт даан ч “энгэр задгай, хормой султай” байгаа учир яалтай билээ. Гэхдээ бас энэ нь хэлэндээ бус хэлийг хэрэглэгч нарт байгаа гэм зэм гэдгийг санууштай.

Ер, монгол хэлний үүсмэл үг хэллэгийг судалж үзвэл, харь хэлний үгийн язгуур дээр, монгол үгийн дагавар, нөхцөлийг залган эсвэл хоршин зэрэгцүүлж, шинэ шинэ сонин хачин үг хэллэгийг бүтээж, хувилгаж, хэрэглэж байгаа “алаг үг”-ийн баримт цөөнгүй. Үүний бас нэг жишээ бол “пайлуур” (pai+/л/-уур) хэмээх (тэмдэг, тэмдэгт, тэмдэглүүр гэсэн утгатай) хятад толгойтой монгол сүүлтэй үг болно.

6. Монгол хэлний “-д” дагавар гадаад үгэнд “наалдах” их дуртай

Монгол хэлэнд янз бүрийн утгатай үйл үг бүтээдэг –л, -д, -чил, -шаа, -р, рх, -ж, -с, -ц, -жир, -шир, -лз, -гана, -хий, -гина, -хир, -жигна, -тна… гэх мэт цөөнгүй дагавар байдаг. Эдгээр дагаврыг үйл үг бүтээх чадамж хэрэглээ, давтамж зэргээр нь бүтээлч, бүтээлч бус гэж хоёр хуваадаг.

Үйл үг үүсгэх хамгийн бүтээлч дагаврын тоонд –л, -д, -р, -ж… гээд л орно. Бүтээлч дагавруудын дотроос “-д” дагавар “бүр ч их бүтээлч”, “дэндүү идэвхтэй” өвөрмөц бас нэг онцлогтой. Тэр нь юу вэ гэвэл, олон хэлний янз бүрийн гадаад үгэнд “наалдаж” үйл үг бүтээхдээ монгол хэлний “-д” дагавар гарамгай. Харин энэ нь эх хэлээрээ хэлэлцэгч уугуул хэлтэн, хэл эзэмнэгч буюу тээгч (носитель языка) нарт төдийлөн мэдрэгдэхгүй ч судалгааны арга, ажиглалт тооцоогоор нягталж үзэхүл тов тодорхой байдаг. Үүнийг наад захын хэдэн жишээ баримтаар харуулж болох. Үүнд: архи+д+х, банздах, банзалдах, бооцоодох, бэрээдэх, ганжиндах, ганзайдах, гоймондох, гуанздах, гуалиндах, гүрэмдэх, гэсгүйдэх, даалуудах, даржиндах, догжирдох, доромдох, дэнчиндэх, ёоздох, ёотуудах, жавтийдах, жонхуудах, заазуурдах, зарлигдах, индүүдэх, инчдэх, кинодох, компанидах, лантуудах, ломбодох, луйвардах, мессеждэх, муутуудах, онигоодох, пааландах, машиндах, пянздах, сампиндах, сийлүүдэх, сойздох, скочдох, тарнидах, таксидах, үүлүүдэх, халтуурдах, хуушуурдах, чийчаандах, шанздах, шоудах, эрзээндэх, э-мейлдэх, юүлүүрдэх, янхандах, ярлыкдах… гэх мэт А-аас Я толгойт араб, перс, төвд, санскрит, хятад, орос, латин, англи гаралтай, хуучин, шинэ өдий төдий үгэнд “шууд” л залгагдаж чаддаг.

Ер “-д” дагавар нь монгол хэлний үгийн санд харь хэлний үг орж ирж хэрэгцээнд орохыг “андахгүй”, түүнтэй “наалдах” нь ч тун амархан. Тухайлбал, харьцангуй сүүлийн жилүүдэд монгол хэлний үгийн санд орж ирээд, хэрэглээ нь идэвхтэй байгаа ресторан, спонсор, канон, гааз, реклам, эмульс, баар, плита гэх мэт үгсийг лакдах, ресторандах, спонсордох, канондах, гааздах, рекламдах, вакциндах, шоудах, сексдэх, э-мейлдэх, бизнесдэх, факсдах, эмүльсдэх, баардах, пилтадах гэх мэтээр удаж төдөлгүй л үйл үг болгочихно. Энэ нь хэлний хэрэглээний талаасаа бас учир начиргүй, зүй тогтолгүй, замбараагүй зүйл ч бас биш. Угтаа, хэл–сэтгэхүйн нарийн үндэстэй, үг бүтэх ёсонд аналоги хэрэглэж, шинэ үг зохиож буйн нэг тодорхой жишээ болно. Иймээс монгол хэл сурч буй гадаад оюутан орос хэлний “писать” гэдэг үгэнд монгол “-д” дагаврыг залгаж “писалдах” гэх мэтээр ярьж хэрэглэсэн нь ч санамсаргүй зүйл ч биш, байж болох шугаман бус үзэгдэл юм. Ингээд бодохлоор монгол хэлний үйл үг бүтээдэг “-д” дагаварт нэг тусгай шинж байна. Гадаад үг, харь хэлний үгтэй “ойртож, залгалдаж чаддаггүй” бусад дагаврууд нь энэхүү “-д”–д атаархаж явдаг ч байж магадгүй. Ер нь гадаад үгэнд “хоббидох” дуртай “-д” дагаврыг дэндүү их “лоббидож” болохгүйг хэлний найруулга хэрэглээнд анхаарах нь зүйтэй мэт санагдана.

7. “Хов”, “Жив” хоёр хоршихын учир

Монгол хэл хоршоо үгээр тун баялаг. Сонин нийтлэлийн, уран зохиолын, эрдэм шинжилгээний, ярианы, албан хэргийн гэх мэт их таван найруулгын төрөлд янз бүрийн бүтэцтэй хоршоо үг улам их түрж, хэрэглээ давтамж, найруулгын үүрэг нь тэлсээр байна. Монгол хэлний хоршоо үгийг бүтэц, хэв маяг, үгийн аймаг, үүсвэр бүрэлдэхүүн ба найруулга, бүрэлдэхүүний талаас нь ажваас бас сонин, олон талтай. Утга ойролцоо үгийг хоршино, утга эсрэг үгийг хоршино, төсөө үгийг хоршино, утгазүйн нэг талбайн үгийг хоршино, бас толгой холбон хоршино, сүүл холбон ч хоршино. Бас суурь үгийг цуурай үгтэй нь ч хоршино, хоёр өөр хэлний ижил утгатай, тэнцүү чанартай үгийг хорших нь бүр ч сонин.

Үүнд “Монгол үг + гадаад үг”, “гадаад үг + монгол үг” гэсэн хоёр загвараар, тухайлбал, цэрэг цуух, амбан захирагч, гацаа тосгон гэх мэтээр монгол үгийг манж үгтэй, зай завсар, заль мэх, сэхээ самбаа, ад чөтгөр гэх мэтээр монгол үгийг санскрит үгтэй, цал буурал, таар шуудай, той хурим, зүү тэвнэ гэх мэтээр монгол үгийг түрэг үгтэй, эв түнжин, орог саарал, баг идээ гэх мэтээр монгол үгийг төвд үгтэй, хоол цай, арга бааш, бай мөрий, маапаан будлиан, дэн буудал, ган гачиг, пүүгээ дэвсгэр, гуу жалга гэх мэтээр монгол үгийг хятад үгтэй, оочир дугаар, норм хэмжээ, орц дооз, хаяг адрес гэх мэтээр монгол үгийг орос үгтэй хорших ёс тун элбэг. Ийм хоршоо үгийн тухай үл өгүүлэн, хов жив хоёр хоршихын учрыг дараах гурван зүйлээр тайлбарлаж болмоор санагдана.

Нэгд, монгол хэлэнд байгаа хорших ёсны нэг сонин үзэгдэл бол ижил утгатай, нэг язгууртай буюу язгуур нь салаалсан хоёр үгийг хоршдог ёс юм. Үүний нэг тодорхой жишээ бол “хов”, “жив” хоёр байж болох талтай.
Монгол хэлний “хо-“ идэвхтэй язгуураас хоёр, хошой, хос, хоч, хойт, холбоо, , хольц, хошмог, хорз, хошлон, хорших, хоршоо, хооронд, хойтон, холимог, хов…гэх мэтээр төрөл үг ба төрөл үгийн үүр үүсдэг. Тэгэхлээр “хов” бол “хо-“ гэдэг идэвхтэй язгуураас үүссэн бөгөөд нэг хүнээс нөгөө хүнд улмаар хоёр хүнээс цаашлан цаашилсаар хүн хүний завсар хооронд явдаг дэл сул, муутган хэлэх үг яриа болой. Түүхэн үүднээс монгол хэлний “хо-“ язгуурын нэг салаалсан хувилбар нь “жи-“ гэдэг идэвхгүй язгуур гэж үздэг. Энэ нь мөн л хоёр гэсэн утгатай үг үүсгэдэг. Жишээлбэл, жирин буюу хоёр, жич буюу хоёрдахьч, тусгай, жирэмсэн буюу давхар биетэй гэх мэт. Ингэхлээр “хо-“ гоос “хов” үүсч “жи-“ гээс “жив” үүсч, “хов”, “жив” хоёр нь язгуур нэгтэй, ижил утгатай учир “хов жив хөөцөлдөх”, “…хоор зуураа хов жив ярилцах” гэх мэтээр хоршсон байж болох юм.

Хоёрт, хов хоосон гэдэг хэллэгээс ургуулан бодвол хов живийн хов нь хогусун гэдгийн хо- язгуураас үүссэн байж бас болох.

Гуравт, хов жив–ийн жив нь хов мов, хов жов гэдэг хоршоогийн давтсан цуурай үг (эхо слово)–ийн хэлбэр ч байж болох. Гэхдээ “хов” нь бие дааж ганцаар идэвхтэй хэрэглэгддэг байхад “жив” нь дангаар хэрэглэгдэх чадвар сул, харин идэвхтэй “хо-“ язгуураас үүссэн “хов”–тойгоо хоршиж л “амь ордог” нь сонин бөгөөд мал зал, боов шоов гэдгийг давтсан цуурай үг болох зал, шоов гэдэг нь дангаар хэрэглэгддэггүйтэй агаар нэгэн юм.

8. Бууз гэдэг бузгай олон тодотголтой…

Бууз бол нүүдэлчин монголчуудын үндэсний хоолны нэг гэдгийг хүн болгон андахгүй. “Бууз”–ыг хятад гаралтай үг гэж эрдэмтэн О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” (1999)-д тэмдэглэсэн байгаа. Хятадууд baozi буюу мантуун буузыг голлодог. Харин монголчуудад тийм ч олон янз нэртэй олон төрлийн бууз байсангүй, гол төлөв махан буузтай байлаа. Харин зах зээлийн үед ажиглаад байхад, буузны нэр төрөл, буузны тодотгол тоогоо алдав бололтой. Үүнийг нийслэлийн гудамж талбайгаар жаахан яваад, хоолны газруудын нэр хаяг, хоолны цэсийг яльгүй сонирхвол хялбархнаа мэдчихэж болмоор байдаг. Бидний ажигласнаар бол “хүрээ бууз”, “эртний бууз”, “хаан бууз”, “хан бууз”, “хатан бууз”, “заан бууз”, “хачиртай бууз”, “чамин бууз”, “happy бууз”, “мантуун бууз”, “түргэн бууз”, “урлаг бууз”, “цэцгэн бууз”… гэх мэт 10 гаруй тодотголтой бууз байдаг болжээ. Гол нь эдгээр буузны ялгааг мэдэж “тодотгол” үгсийнх нь учрыг олж, утгыг ойлгоход бэрх. Хөдөөнөөс хотод ирсэн хүнд бол бүр ч яггүй биз. Ямар буузы нь “заан” гээд, ямар буузы нь “хаан” гээд, ямры нь “хан” гээд, ямры нь “хатан” гээд, ямры нь “түргэн” гээд байгаа нь ер ойлгогдохгүй байгаа юм. Жишээлбэл “түргэн бууз” гэхлээр энэ буузыг зооглохын өмнө янз бүрийн юм бодогдож болзошгүй.

Нэг бол “түргэн болдог бууз” юмуу, эсвэл “түргэн түүхий бууз” юмуу, аль эсвэл “түргэн шингэдэг, идэж дуусаад л хаалга зүглэх хооронд шингээд алга болчихдог бууз” юмуу гэх мэтээр элдэв долоон юм бодогдож болзошгүй. “Заан бууз” гэхээр заан шиг том зантайж мантайсан, сайхан цагаан бууз дүрслэгдэнэ. Гэвч аваад идэх үед “хулганан чинээ” хөөрхөн бор бууз ирнэ. Тэгэхлээр хэргийн учир нь буузандаа биш, буузны нэр, хэлбэр буюу тодотголд нь байгаа бололтой. Хэлшинжлэлийн талаасаа, буузны нэр, тодотгол нь хийсвэр, бэлгэдлийн чанартай, тусгай нэрийн зүй тогтлоор бүтсэн байж болох талтай, үүнийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ буузны наймаачид зах зээлийн ороо бусгаа цагт “бууз” гэдэг үгэнд “хаан”, “заан”, “хатан”, “түргэн”, “урлаг”, “витамин” гэх мэт хачин чамин тодотголуудыг хүртээж, гадаад дотоодын худалдан авагч биднийхээ нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэх аргыг олсон байж бас болох. Хэлшинжлэлийн эрдэмтэд бид “тодотгол”-ыг нь сонирхоё, хэрэглэгч Та – хаан учраас бузгай олон тодотголтой болсон энэ олон буузны амт чанарыг сонирхоорой. Амьд хэл гэдэг, их сонин шүү, тодотгол гэдэг ер нь хачин шүү…

9. Зөвхөн Л.Ванган гуайнх…

Манай сэтгүүлч, зохиолч, найрагчид маань монгол өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц, зүйрлэсэн хэлцийг өөрсдийн зохиол бүтээлд маш бүтээлчээр, зарим нэг нь бүр давтагдашгүй сайхнаар онож сонгож хэрэглэсэн байдаг. Энэ нь цаанаа найруулгад үг хэллэгийн эрэл хайлт хийх, үгийг онож сонгохтой шууд холбоотой юм. Зохиолчдын хэлц хэрэглэсэн, хэлцээр дүрсэлсэн байдал, арга маягийг тусгайлан судалбал бас сонин содон юм гарна. Маш их хэлц үг хэрэглэж бичиж дүрсэлдэг зохиолчид байдаг. Бас нэг хоёрхон хэлцийг л ухнадаж өөрийн бараг бүх зохиолд давтан хэрэглэсээр “нурууг нь авчихдаг” нөхдүүд ч бий. Сэдвийн өгүүлэмжийн шугам, зохиолынхоо утга санаанд ёстой л ягштал тааруулж, донжий нь олж, тунгаамал сайхан хэлцийг хэрэгтэй орон зайд нь онож шигтгэж хэрэглэдэг, туршлагатай зохиол ч олон бий. Нэг жишээ татахад “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд (“Шувуун сааралд”) анх 1990 онд алтан жолоо өргүүлж тэргүүлсэн төрийн шагналт зохиолч Л.Түдэв “Эрхий дарам зайд мянган заан” хэмээх богино өгүүллэгтээ: “Харганы ноос түүж, эсгий хийх”, “Урантай утас бүү булаалд”, “Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач” гэсэн гурван хэлцийг чухам л орон цаг, хэрэгтэй газрыг нь олж, хэрэгтэй газар нь олж хэрэглэсэн нь уг өгүүллэгийн уран сайхны шийдэл, утгын чимэг, өгүүлэмжийн онцлогт яв цав таарсан байдаг.

Бас хэнбугайн ч сонгож олж чадаагүй тунгаамал шижир буюу самородок лугаа адил нэгэн өвөрмөц хэлцийг төрийн шагналт зохиолч Л.Ванган агсан анх хэрэглэж, тэр нь давтагдашгүй болсон нь сонирхолтой юм.

Л.Ванган гуай “Яльгүй юм”, “Хилсдэхгүй”, “Эрхий мажиг”, “Жож Сэрээнэн” гээд л олон сайхан хошин шог өгүүллэг бичсэн. “Жож Сэрээнэн”-гээс үг, өгүүлбэр түүж, хэл найруулгы нь ажиглаж байхад “Усан алиа” гэдэг нэн сонирхолтой өвөрмөц хэлц тааралддаг. “Усан алиа” гэдэг хэлцийг Ванган гуай чухам яаж олсон, зохиосон бол гэж санагдсан сан. Энэ хэлц нь Сэрээнэн өвгөний энгүүн, хөнгөн шингэн, ажилсаг, гярхай, цагаан сэтгэлтэй, хоргүй шооч, өөртөө тохирсон хошин зан чанарыг нь дүрслэн гаргахад ёстой л аятайхан тохирсон байдаг. Гэтэл өөр хэний ч зохиол бүтээлд, ямар ч хэлцийн толь бичигт “Усан алиа” гэдэг хэлц тааралдаж давтагдахгүй байгаа юм. Монгол хэлний хэлцийн сан хөмрөгийг нэгээр баяжуулсан энэхүү “Усан алиа” гэдэг хэлц, зөвхөн Л.Ванган гуайнх…

10. –За, сонин юутай байна?

-Сонин юмгүй (сонингүй), тайван сайхан байна. Ийм нэгэн үг өгүүлбэр буюу асуулт, хариулт хоёр нүүдэлчин монголчуудын өдөр тутмын болон цаг улирлын мэндчилгээний дагуул болж хэрэглэгдсээр хэдэн зууныг элээн ирсэн төдийгүй, ёс заншлын зүйл болжээ.

Хоёр хүмүүн уулзахад нэг нь “-За, сонин сайхан юутай байна? –Сонин юу байна даа?” гэх мэтээр албатай юм шиг заавал асууна. Нөгөө нь бүр ёс болгож “Сонин юмгүй, тайван”, “Сонингүй, тайван сайхан байна” гэж хариулна. Зарим залуу хүн энэ асуулт, хариулт хоёрын яагаад үүссэний учрыг олох гэж сонирхож байдаг. Бас гадаадын зарим хүн яагаад заавал “сонин юмгүй, тайван сайхан” гэдэг юм бэ?, Сонин юм зөндөө л байгаа шүү дээ!” гэж асууж байх нь ч бий. Угсаа хэлшинжлэл хийгээд танин мэдэхүйн хэлшинжлэлийн учир холбогдолтой “Сонин юмгүй, тайван сайхан байна” хэмээх хэллэгт холбогдуулж, нутгийн настан буурлуудын өгүүлдэг байсан домгоос үүдэлтэй нэгэн товч тайлбарыг энд өгүүлсүгэй. Монголчууд хөөрөг зөрүүлж, өдөр тутмын, цаг улирлын, цагаан сарын мэнд амрыг мэдэлцэнэ. Хөөргийг “мөртэй хөөрөг”, мөргүй хөөрөг” гэж ялган хэлэлцэж, мөргүй хөөргийг мөртэй хөөргөөс илүүд үнэлж, мөртэй хөөргийг мөрөн дээр байдаг дүрсийг нэгэн домгоор тайлбарладаг.

Мөртэй хөөргийн мөрөн дээр эрүү, толгой хоёры нь заадаслаж (зааж) салгасан нэгэн зүйл амьтны толгойн дүрс зургийг сийлсэн байдаг. Тэрхүү амьтны нэрийг “Сонин” хэмээн домоглодог аж. Аль дивангарт юм байх. Нэгэн сүрхий махчин амьтан (хүмүүс түүнийг “сонин” гэжээ) гарч, хүч бяраараа хүнээс давж, хүн амьтныг өдий төдийгөөр нь идэж сүйтгэх болж гэнэ. Гэтэл ухаант хүмүүс түүнийг оюун ухааныхаа хүчээр дийлж устгаад, эрүү, толгой хоёры нь зааж (заадаслаж) нэг талаар, “сонин”-г ялж дийлсний бэлгэдэл болгож, нөгөө талаар, дахиж өндийж гарахгүйгээр мөнхөд дарснаа үзүүлж, түүний толгойн дүрсийг хөөргийнхөө мөрөн дээр сийлбэрлэж дүрслээд, ухаант хүний гарт үүрд атгуулжээ. Хөөрөг зөрүүлэхдээ нэг хүний атганаас нөгөө хүний атганд оруулан номхотгож чадсан гэнэ. Тэр цагаас хойш мэндчилгээндээ нэг нь ёс болгож, “Сонин сайхан юу байна?” гэж асуудаг, нөгөө нь бас ёс болгон “Сонин юмгүй тайван сайхан байхан байна” гэж хариулдаг заншилтай болсон гэдэг. Энэхүү домог түүхээс улбаатай тогтмол хэлцийн утга нь нөгөө гайхал “сонин” дарагдаж, хүний эрхшээлд хүний атганд “хөөрөг”-өөр дамжин орсныг өгүүлэхийн сацуу монгол хүн “сонин буюу дайсангүй, амар амгалан, тайван сайхан байгаа” гэсэн бэлгэ дэмбэрлийн санааг илэрхийлдэг аж. “Сонин сайхан юутай байна даа?” гэхлээр манай зарим залуус “Сонин ихтэй, бөөн сонинтой” гэх мэтээр ярьж хэлэлцдэг нь “амар амгалан бус, тайван сайхан биш байна” гэсэнтэй агаар нэгэн болчихож магад болой. Домог хэдийгээр бодит үнэн биш боловч ёсыг өгүүлэн өгүүлсээр улбаалах нь учиртай. Ёсоо мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал гэдэг билээ.

11. “Лоолой” бол гахайн шагай

Монгол хэлэнд мал амьтантай холбоотой аялга -өгүүлбэрийн бүлэг байдаг. Зарим судлаач үүнийг “малын тухайт үг” гэсэн ч бий. Тухайлбал, малын ааш занг засах туух, гилэх, төл мал, амьтныг эхэд нь авхуулах, эх малыг ивлэгэх, саах гэх мэт ажил үйлтэй холбогдож үүссэн тойг тойг, гүүргий гүүргий, чааг чээг, тож, гуруй гуруй, хайс хайс, туу, хайг, тоор тоор, хөөс хөөс, өөв өөв, зээн гоо, тойглох, гүүргийлэх, хоолбойлох, өөвлөх, хөөслөх (ингэ хөөслөх г.м –ээр ярьж бичнэ) гэх мэт үгс нь монгол таван эрдэнийн малд хамаатайгаар үүссэн байдаг. Гэтэл монгол хэлэнд “лоолой лоолой” гэсэн нэгэн сонин аялга үг бий. Энэ үгэнд холбогдуулж ном зохиол, толь бичиг сөхөж үзвэл малд биш, гахайнд хамааралтай байдаг. Монгол ардын нэгэн дуунд:

Араншин муутай хүний үрийг
Араар нь тавьдаг хорвоо юу даа хө
Лоолой, лоолой, лоолой, лоолой!
Лоолойгоо дуудаад дуудаад алга уу даа гэж дуулдаг. Энэ дууны үгээс ургуулаад бодсон ч юуг “лоолой” гээд байна. “Лоолой” нь ямар хэлний юу гэсэн утгатай үг болох нь ч бас хэнд хүнд тодорхойгүй. Ер нь монгол хэлний ямар ч толь бичигт багтаж орсон “л” толгойтой үгс дотор бараг бүгд монгол хэлэнд ормол үг (жишээ нь: лав, лавар, лавран, лавшиг, лагар, лаг, лазан, лай, лалар, лангуу, ландарма, ланжцуу, ланчиг, лидэр, лимбэ, линс, лиш, ловх, лонх, лоодор, лоож, лоом, лоосуу, лоолой, лүйжин, лхүмбэ, лянхуа.. г.м) байдгийг анхаарах хэрэгтэй.

Эрдэмтэн Я.Цэвэл, “Монгол хэлний товч тайлбар толь”-доо (1966) “Лоолой” гэдэг үгийг оруулсан бөгөөд “гахай дуудах аялга, лоолой, лоолой!” гэж тэмдэглэжээ. Эрдэмтэн О.Сүхбаатарын зохиосон “Монгол хэлний харь үгийн толь” (1999)-д ”Лоолой”–г манж гаралтай үг гээд “шагай, тагалцаг, гахайн тагалцаг” гэж дурджээ.

Өвөрмонголын хэсэг эрдэмтний хамтран зохиосон “Монгол зөв бичлэгийн толь” (1999) гэдэг томоохон толь бичигт “лоолой”–г “гахайн шагай гэж тайлбарлаад мөн л “манж үг” гэдгийг тэмдэглэжээ.

Тэгэхлээр “Лоолой” (Lolo) хэмээх энэ өхөөрдөл манж үг монгол хэлний үгийн санд хэдийд орж нутагшаад, монгол хүн яагаад гахайг “лоолой–лоолой” буюу “шагай шиг, тагалцаг шиг”гэж зүйрлэн нэрлэлтээр өхөөрдөн дууддаг болсон юм бол? гэдэг нь сонин юм. Бидний ажигласнаар “лоолой” бол тийм муу муухай утгатай үг биш бөгөөд гахайг “шагайгаар”, аль эсвэл “тагалцагаар” нь төлөөлөн нэрлэдэг эс бөгөөс өхөөрдөн дууддагаас болоод үүссэн аялга үг байж магадгүй юм. Бас монголчууд зээрийн шагайг “зээмий” гэж өхөөрдөн дуудах ёс байдгийг энэ ташрамд тэмдэглэе.

Comments   

 
0 #2 Guest 2011-04-07 07:14
монгол орос өвөрмөц хэлцийн ялгааны тухай нийтэ.лж өгөөч
Quote
 
 
0 #1 Guest 2010-05-06 09:34
Хаврын хахир улирлаар алжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой. Танд туршлагатай хамт олон, тайван дулаан орчин, саун усан эмчилгээ, хямд үнийг зэрэг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-0230, 9919-2738 дугааруудаас лавлана уу. АМАРСАНАА СУВИЛАЛ
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио