Mon07282014

Last updateSat, 26 Jul 2014 1pm

 
 
Back Та энд байна: Home Бадарч.Н Амьдрал, хувь тавилан |түүхэн өгүүлллэг|

Амьдрал, хувь тавилан |түүхэн өгүүлллэг|

Ахай засгийн хошуу

Энх-Амгалангийн гучин тав буюу 1696 оны гал хулгана жил гарсаар төдөлгүй
хавар цаг ирж цаг тавиун болов. Ган гачиг, зуд турхантай өнгөрсөн Бургалтайн
голын хөндийгөөр урь орж дулаан улирлын жам ёсоор хөдөө тал, гол горхи цас мөсөн баринтгаа тэр даруй орхижихуй. Ээвэр нөмөр газраар ногоо цухуйн хаа нэгтээ хөх яргуй нүдлэнцагийн зөөлөнд дуниартан турж орсонмал сүрэг өнгө засч, албатолны амьдрал даган сэргэв.
Галданбошигтийн дайнд гавъяа байгуулсан Түшээтханыдөтгөөр зэрэг тайж Цэрэндоржид Богд хаанаас “Үе улиран залгамжлагч тэргүүн зэрэг тайж” цол, нутаг хошууг нэгэн дор шийтгэн олгож цаашид хаан төрийн албанд хүчин зүтгүүлэхээр Ахай гүн хэргэм шагнав. Халх Монгол улсМанжийн ноёрхолд орсны дараа Засагтхан, Сэцэнхан Сайнноёнхан, Түшээтхан дөрвөн аймаг, наянзургаан хошуунд хуваагдаж байв. Орхон, Сэлэнгийн бэлчирт орших Ивэн,Бургалтайн сав нутаг Түшээтхан аймаг дор хамрагдан, Чингэс хааны алтан ургийн арвантавдугаар үеийн ач Батмөнх даян сэцэн хааны отгон хүү Жалайрын Гэрсэнз
хунтайжийн гутгаар хөвгүүн Оноху Үйзэн ноёны үр ач Автайсайнхан, Түшээтхан Гомбодорж, түүний хүвгүүн Чахундорж нар язгуур угсаа залгамжлан захирч байлаа.

Алс бөглүү нутагт хэл хүрэхудаан ч Цэрэндорж тайжийн тухай өдөн тэмдэг бүхий эрээн зар уургын улааг дамжсаартөдөлгүй сураг чимээ нь Бургалтайд хүрч Цэрэндорж тайж Их хүрээнээ морилж цол хэргэмээ Богд эзэн хааны мутраас дөнгөж хүртэх дор Ивэн, Бургалтай харъяат хамжлага албатууд түүнийг машид дээдлэншинэ Ахай хошуу нутаг, айл хотоороо ам сайтай угтав. Их эзэн Богд хааны лүндэнг харъяат олон газар нэгэн адилаар сахин шийтгүүлэхийг тогтоон нутаг хошуунаа зар түгээж нам гүм хязгаарын албат ардуудзөвхөн энэ үйлсийн тухай хэлцэх болжээ.
“Манай Цэрэндорж тайж маань энэ жил наран гэрэлт, түмэн наст, эзэн Богд хааны мутраас адис хүртэж бүр цол хэргэм шагнуулав. Мөн чиг бадрангуй цог хиймортой байхнэв. Ийм буянтай хүний хошуу нутаг ямар байхав? Мөнөөс хиймортой л бусуу?” хэмээлцэн шинэхэн гүний тухай ч, шинээр буй болох хошууны тухай ч дор бүрнээ билэгшээх ажгуу. Тамга хэргэмийг мялаах тайлга найр дуусмагц шинэхэн гүнтэн Цэрэндорж хошуу албатаа шуурхайлан цэгцэлж хүн амыг ялган тодорхойлж айл өрх, газар нутгийн тоо хэмжээ, хил хязгаар байдлыг нягтлан бүртгэж эхлэв ээ.
Орхонтуул, Бургалтай, Сэлэнгэбүрэн хавийн нутгаас арван өрхөөр нэг отог, арван отгоор нэг баг мөн төдгөөд багаар нэг сум бүрдүүлэн сум, баг, отог, арваны дарга нарыг газар дээр нь тохоон томилж байлаа. Ингэж Сант, Бүрэн, Байц хэмээх гурван сумтай Ахай засгийн хошууг анх эмхлэн байгуулав. Богд хааны шавь отгууд болох Их шавийн өрхүүдийг Ивэнгийн хөндий болон Тэлд, Түйн голоор бусад отгуудыг орон нутгаар тараан, тариа барих тэмдэгт бичиг бүхий цагаач иргэдийг байцаан бүртгэж газар олгон сүй татвар оноон хурааж, цэргийн болон хилийн суман ба суурин албыг эрхэлж тун ч завгүй явлаа. Цэрэндорж гүн өөрөө шөнийн бор хоногтоо гэрийн бараа харах агаад тэр дор ерөөс алжаалгүй харин ч урам нэмж маргаашийн ажлаа бодсоор нагванаа бэхээр дүүргэж бийр нянтайгаа билүүдсээр хажуулддаг болсон ажгуу.Ингэж анх Цэрэндорж гүн Богд хааны
төрд алба залгуулах болж, Түшээтхан аймгийн Ахай засгийн хошуу “Халхын Түшээтхан аймгийн умар замын баруун гарын хамгийн адгийн хошуу” хэмээх нэр, тамгатайгаар үүссэн түүхтэй юм.“Адгийн” гэх нь хамгийн эцсийн, захын гэсэн аж.
Цэрэндорж гүн энэ хошууг үнэнхүү сэтгэлдээ тээж анхны хатуу хүтүү бүхнийг өөрийн биеэр даван Энх-Амгалангийн гучин есөн он хүртэл захирч байгаад насан өөд болж цаашид эрх ямбын эрэмбээр түүний хүү Цэрэндоржийн Хөнгөө болон долоон үеийн үр удмынхан Хөнгөөгийн Ванчин, Ванчингийн Гүржав, Гүржавын Чавгажав, Чавгажавын Намжилдорж, Намжилдоржийн Үржинжав, хамгийн эцсийн хошуу ноён болох Үржинжавын Лувсанхайдав Бадаргуулт төрийн арав буюу 1884 оноос залгамжлуулан Ахай гүний хошууг захирч байгаад Ардын засагтай 1924 онд золгуулсны дараа насан өөд болжээ. 

Богд хааны сунтаг


Дайчин хэмээх Манж улсын бадаргуулт төрийн арван буюу 1884 он хуучирч мөнөөхөн намрын сүүл сарын найман болж ирэв. Богд хааны түмэн өлзий гийсэн энэхүү өглөө эзэн хаандаа даншиг өргөхөөр өвлийн ордны гадаа олон мөргөлчид цугларч хүн хөл ихтэй өмнөх талбайд багатахгүй оволзож байлаа. Их эзэн Богд хаан энэ өглөө эртлэн босч Майдарын сүмд мөргөл үйлдээд одоо л өргөөндөө залрах дөхөж байв. Ирэх замын дагуу морь унасан хамгаалагч тахар,
хиа, лам, цагдаа нар эзэн хаан ордондоо морилох замыг хурсан олноос чөлөөлж
мөргөлчдийг зандран ургаш зүтгэснийг нь нарийн бургасан саваагаар хуй салхи исгэрэх мэт хий шавхуурдан “зам тавь” хэмээн чанга чанга хашгиран нааш цааш холхих дор мөргөлчид хэсэг зуур ухрах боловч эзэн хаанаа харж энгүй их энэрэл ивээлд  нь багтаж нэн их сайныг үзэх хүсэл, гүн сүсэг бишрэлд автсан тэд ирэх замын зүг харуулдан байснаа мөнөө л ургаш зүтгэцгээнэ. Төдөлгүй Богд хааны гоёмсог алтан шар өнгөтөй дөрвөн дүгуйт сүйх тэргэний бараа харагдахад хүмүүс ургаш улам зүтгэцгээн энэ удаад тахар хамгаалагч нар саваагаар бүр шавхуурдавч дийлдсэнгүй бужигнаж эхлэв. Хамгаалагч нар гар гараасааа барин уртын урт эгнээ үүсгэн хамгаалсаар. Ирж яваа энэхүү урт цувааны өмнө донир, сойвон, бараа бологч лам нар мөн түүний хажуугаар улаан хуйтай алтан
бариулт сэлэм зүүсэн хоёр хар хүн зам удирдан яваа нь тодорлоо. Түүний дараа өөрсдийн зохих ямбаны өмсгөлөө иж бүрнээр нь хичээнгүйлэн өмссөн Халх дөрвөн аймгийн хаад, хошуу ноёд, язгуур угсаат ван, гүн, тайж, бэйл, шашны том хамба, шанзав нар дагалджээ. Тэдний дунд язгуур угсаа, эрх ямбын эрэмбээр Ахай засгийн хошуунд ноён суух залуу тайж Лувсанхайдав хатны хамт яваа билээ. Өглөөнөөс бага үд хүртэл Туул голын жихүүн салхинд нэвт үлээлгэн чичрэвч амьд бурхан Богд хааныг морилон ирэхийг тэсэн хүлээж буй мөргөлчид сая түүнийг хармагц цөм цэвдэг цасанд өвдөг сөхрөн мөргөцөөж хааны өргөөний өмнөх чөлөө нэгэн хэсэг нам гүм болов. Бор хүрэн өнгийн хамбан дээл, лам маягийн шовгор шанам малгай өмсөн хүзүүндээ урт шүрэн эрих зүүсэн арван дөрвөн насныхаа босгыг дөнгөж алхаж яваа гэмээр идэрхэн залуу Богд хаан сүйх тэргэнээс үсрэн бууж мөргөлчдийн зүг гурвантаа агаарт адислаад цааш гүйсээр ордондоо морилоход түүний араас дээд язгууртан, том лам нар дагалдан орж хамгаалагч нар үүдийг тас хааж мөргөлчид, хамгаалагч олон хиа, жижиг лам нарын хамт мөнөө л хахир хүйтэнд гадаа үлдлээ. Төдөлгүй нэгэн түшмэл гарч ирэн эзэн хааны хишиг тараахаар болж мөн урт аргамж мэт уяаг хаалганы завсраар гарган олон эгнээ хүрдний дагууд хөврүүлэн татсаар торгон үзүүрийг эцсийн хүрдний голоос уях дор энэ мөчийг хүлээсэн мөргөлчид хишиг хүртэж урт уяанаас атгахаар хуйлран дайрцгаав. Хүмүүс нөгөөх урт уяанаас олж барихаар шуугилдан зүтгэж нэг нэгийгээ дайран унагаж хуйларсаар нэг хэсэг нь уяа атгаж авснаар сая дуусч нэг хэсэгт нь атгах үзүүр ч хүртсэнгүй тул хоосон үлдлээ. Энэ уяанаас
атгасан эхний хүмүүсийг лам нар чөлөөлөхөд дараа дараагийн хүмүүс бужигнан
дайрана.  Шашны энэ үйлийг Богд хааны сунтаг гэх ба Да хүрээ
орж ирсэн хүмүүсийн зайлшгүй бүтээх нэг чухал үйл бол Богд хааныхаа ариун мутраас
адис авах явдал бөлгөө. Богд хаан хүн болгоныг өөрийн биеэр адислах боломжгүй
тул сунтаг гээч урт уяаны нэг үзүүрийг өөрийн биеэс торгоож нөгөөг нь гадгаш
гарган хүрдний голоос уяж түүнээс нь сүсэгтэн олон барьсаар уртын урт цуваа
үүсгэдэг байв. Сунтагаас олж
атгах нь жирийн олон мөргөлчдийн хувьд тийм ч амаргүй хэрэг аж. Энэ ид шидэт
уяанаас олж атгасан хэн боловч түүгээр дамжин амьд бурхантай шууд
холбогдож ариун мутраас нь адис авсан мэт болох агаад мөн түүгээр дамжин нүгэл хилэнц арилан, эрүүл энхийн дор нэн арвин буян хурааж түүний ажил үйлс ямагт бүтэмжтэй болдог хэмээн гүнээ сүсэглэн шүтдэг байв. Амьд бурхантай аргамж уяагаар холбогдон ариун мутраас нь адис авсныг гэрчлэн сүсэгтний хүзүүнд нь улаан утас уяж арц, хүж, аршаан өгнө. Чухам энэ өдөр Лувсанхайдав тайж Богд хааны зарлигаар Ахай засгийн хошуу захирагч болж түүний сунтгаас бус жинхэн ариун мутраас нь адис авчээ.  Хааны ордонд
түүнийг хатны хамт ороход хөл чимээ ихтэй ч Богд хааны сэнтий суудал эзгүй байлаа. Дээрээ сүүдрэвч бүхий тавцан дор байрлуулсан эзэн хааны сүр хийморийн билэгдэл сэнтий хэмээх араараа алтан утастай хоргой түшлэг бүхий уран гоё хийцтэй зандан суудалд олон давхар өлзий олбог дэвсэж  хажуугаар
нь жижиг томоор нь дараалсан мэлхий ширээнд хааны гар дор хэрэглэх зүйлийг
тавьсан байв. Сэнтийн хөл дор уран чамин хээтэй шар алаг хивс дэвсэн түүний
хоёр талаар эрээн мяраан өмсгөлтөй хаад ноёд хатадын хамт, хамба, цорж, эрдэнэ шанзав, олон аймгийн засаг тайж, ван, гүн нар дараа эрэмбээр эгнэн хоорондоо элдвийг ярин инээлдэж хөөрөлдөх ажээ. Төдөлгүй хувцасаа сольж амжсан Богд хаан ногоон цоохор магнаг торгон дээл дээр алтан хорол өртөй эргэн тойрон эрдэнийн дүрс хатган чимсэн шар өнгийн хантааз өмсөн оройдоо очир эрдэнэ бүхий эзэн хааны титэм малгай өмсөн орж ирэхэд дуу шуугианд дарагдсан ордон нам гүм болж эзэн хааныг сэнтийдээ залартал доош мэхийн мөргөцгөөв. Түүнийг сэнтийдээ заларсны дараа ордны хамба лам сая Богд хаанд ихэс дээдсийг эрэмбэ дараагаар мэдүүлэхэд нэрт дээдэс эзэн хаандаа бэлэг барьж түүний өмнө хичээнгүйлэн мэхийнэ. Үүний дараа эзэн хааны зарлигыг нэгэн түшмэл өндөр дуугаар дуудан олон хаад ноёд шагнал хүртсэний дотор Лувсанхайдав тайжийг угсаа ямбын дагуу Ахай засгийн хошуу ноёноор тохоон томилж, Улсад туслагч гүн цол, отго, хүрэн жолоо шагнаж Түшээтхан аймгийн хойд талын Орос улс зүгийн хилийн харуулын захирагчийн албыг давхар шийтгэн
даатгав. Энэ мэт үйл дууссаны дараа Богдын ордны донир сойвон нар нааш цааш
гүйлдэн аягчид идээ шүүсний бүтээлэг авч сархад хундаглахад ёслолд оролцогсод
бүгдээр их эзэн, наран гэрэлт Богд хааны мэлмий бат орших ерөөл тавин, хундага
өргөж хааны дуучин эмэгтэй хөгжимчдийн хамт тусгай зассан тавцанд гарч ая дуу
барин хөгжмийн намуун эгшиг тасралтгүй хөвөрч хааны ордон доторхи албан уур
амьсгал тэрхэн дор найрын өнгөд хувирав. Лувсанхайдав гүнтэн урд өмнө ерөөс
идэж ууж үзээгүй чамин тансаг идээ зууш ирийтэл өрсөн хааны ордноо ийнхүү найрлав.
Залуу эзэн хаан сэнтий хэмээх энэ өндөр дээд агаад агуа их ивээлт суудалд удаан тэсч сууж чадсангүй төдөлгүй сэнтийгээсээ доош бууж ёслолын хувцасаа солин хүрэн хамба хилэн монгол тэрлэг өмсөн олны дунд орж алтан амсарт жүнзэнд мэлтэлзүүлэн барьсан сархад болон оргилуун дарсийг ажиг үгүйгээр тогтоож залуу бүсгүйчүүдтэй дуртайяа элдвийг хүүрнэн чанга чанга инээлдэнэ. Түүний хажууд сүүдэр мэт дагалдах Балдан гачин хэмээх лам Богдыг хундага өргөх тоолонд ханцуйнаас сэм татах боловч тэрээр багшийнхаа хараанаас нэг л мэдэхэд алдарч одчихуй. Өвгөн лам араас нь шовог оройт шаа малгайгаа сугандаа хавчуулан хөлсөө арчин шогшсоор мөдхөн очиход л хаан хэдийнээ л өөр тийш явж тааралдсан хүмүүстэй элдвийг ярилцан инээлдэх аж. Богд хаан ийм үедээ гүнгэрваанаасаа гарч нирваан дүрээсээ ангижран бурхан буддын дүрээр бус жинхэн бодит хүн, залуу эр гэдгээ хичээнгүйлэн мэдрэх агаад энэ үеэр амьдын үнэнээс хэтэрсэн ёс горимд үл баригдах авай. Энэ бол хязгааргүй эрх мэдэлт их эзэн хаан бус хувь хүнийх нь хувьд олдсон энэхүү ховор боломжийг
алдалгүй хувирчихдаг түүний дуртай үйлийнх нь нэг байлаа. 
Лувсанхайдав гүн хатны хамт Богд хааны өргөө доторхи сонин хачин зүйлс алтан бариулт зэр зэвсэг, булга суусар малгай дээл хувцас, үнэт пийсүү чулуун хөөрөг,  сүйжин хаш гаанс, элдэв чамин эд хэрэгслэл, заан сармагчнаас эхлэн ховор ан амьтан, тоть алтан гургалтай шувууд, далайн элдэв амьтны чихмэл зэрэг энэ яваа насандаа үзээгүйг гайхан шимширч нэгэн үдшийг нэн таатай өнгөрөөж Богд хааны зарлиг доор яарсаар хошуу нутагтаа буцлаа. Шивээт
уулын соригчин Бадаргуулт төрийн арван нэг буюу 1885 оны модон тахиа жилийн эхээр амьдрал, цагийн аясыг даган Түшээтхан аймгийн Зоригт вангийн Хүнцэлцавчид уулын хошууны тариачин багийн тайж Сайхан-Ерөөлт, Өлзийхишиг, Өлзийбилэг, Пунцаг, Цэвээнжав, Цэвэг нарын өрх айл Бургалтайд ирж нутагшаад удаагүй байв. Эдгээр бол Зоригт ван Түвдорж,үйзэн гүн Түдэвдорж нарын өвөг
удмын Үйзэн вангийн шарилыг сахихаар ирсэн хүмүүс юм. Тэртээ дээр үед Үйзэн ноён Бургалтайн эхэнд ан хийж яваад осолдож нас барсан юм гэдэг. Энэ тухай домог яриа Бургалтайд ам дамжсаар бичээч Цэндийн Сандагдорж агсан өөрийн хичээнгүй эрлээр олж “Бүрэнханы өврийн бичээс” номондоо дурдсан нь бий.
Үйзэн ван Бургалтайд ирэхийг эртнээс хүсч, энэхүү газар нутаг ч сэтгэлд нь ихэд нийцэж хэрэг үйл нааштай бүтсэнд санаа өөдрөг тулавд мордохоор шийдээд гарч явтал унасан морь нь цагаан газар бүдэрч улаан залаат малгай нь хийсч бүс нь
алдрав. Ноён өөрөө золтой л уначихсангүйдихэд зэвүүцэн “Тэхэн халиун морь минь тэгшхэн газар бүдэрч, талбигсан малгай минь бүчилсээр хийсч, тав
ороосон бүс минь гарангуут алдрав, буцаж уяагаа тойроод мордоё” гэтэл нэгэнт
гэрээс холдсон тул арга буюу бүсээ чангалж малгайгаа үхүүлж бүчлээд цааш хөдөлжээ. Намрын адаг сарын энэ өглөө хээрийн салхинаас өөр саадгүй хурын тагшаанаас өөр чимээгүй Шивээт уулын ар Бургастайн эхэн дэх хэсэг модон дотор морьтой хүмүүс шуугилдан жангийн цахиур буун дуу пис пас хийн орчны нам гүмийг эвдэв. Алаг цөөг цастай моносон шугуйгаар даргилахгорхины захаар анчид цоохор цасан дээр дуссан цусаар шархадсан бугын мөр мөшгөвөөс ойролцоох дагз дээр зогссон ноёнтөгөл дээгүүр цухуйхсалаа эврийг нь олж харснаа “Эвэр нь
харагдаад байхад мөрийг нь мөшгөөд яанам” хэмээн цухалдаж морио гуядахад шархадсан буга гэнэт ухасхийн хажуу дахь хэсэг шугуй өөд дутаав. Буун дуу дахин хадаж буга ч шугуйд орлоо. Үйзэн ван хойноос нь ухасхийж түүний араас авчиддавхилдах замд өтгөн өвсөнд шурсан ятуу гэнэт мориных нь хөл дороос дэр хийн нисэх зуур хар хурдаар явааомголон хүлэг огил үсрэн булигаж, хангал бүдүүн морины давхар ондроодэмээлтэйгээ холбирсон ноёндөрөөндөө чиргүүлдэв. Үргэж туйлсан догшин адгуус ар эрчээр харайлган чирэгдэж яваа  вантан замд тааралдсан хад чулуугтолгойгоороо мөргөн дээш ойж цавинд нь хүрэхэд тангарч давхисаар эзнийх нь гутал нь сугарч сая салжээ. Араас сандран  дагалдагсадноёныхоо дэргэд ирэхэд бүх юм дууссан нь илт байв. Толгойн
яс нь бяцарч, бүс нь хөврөн, хоргой торгон дээлний энгэр хормой нь
моринынх нь хөлд өм цөм гишгэгдэн цусанд нэвтэрч харахад нүд халтрам явдал болсондихэд айцгааж ноёныг дагалдан
явсан ван Түвдорж,үйзэн гүн Түдэвдорж, хамжлага нар ноёны бяцарсан толгойг түшин авахад тэрээр нэгэнт амьсгаа хураасан байлаа. Төсөөлөхөд бэрх энэ явдал хоромхондболж мөн л хоромхондамь насыг бүрэлгэсэн ийнхүү аймшигаар дуусав. Үхлүүт шархадсан нөгөөх буга шугуйгаас цоо эрүүл болчихсон мэт гарч их
ой өөд хатируулахад авчид ганц эвэртэй соригчин болохыг сая анзаарч ихэд сандран залбирсаар хоцорвоо.Ноёны үхүүлж бүчилсэн малгай алга
болсныг эрээд олсонгүйд нутгийнхан энэ удмынхны толгойд отго жинс нь
тогтохгүй, байтлаа бүр малгайаа ч тогтоохгүй болждээ хэмээцгээв. Мориноос
унах нь монгол хүний хувьд муу ёр бэлэг илтгэх агаад унасан мориндоо эзэн болж
чадахгүй бол гэр орон, отог хошуу, улс орноо хэрхэн удирдах билээ хэмээх эртнээс дамжиж ирсэн нуугдмал утга агуулагатай билээ. Их эзэн Чингис хаан тэнгэрт халихын өмнө мориноосоо унасан байдаг. Монгол эр хүний сүр сүлд, хийморь лундаа нь малгай бүсэндээ байдаг хэмээн үзэх тул малгай нь унаж, бүс нь алдарсан энэ хүний хувьд түүнийг эцсийн замд нь дуудсан зөн байжээ хэмээн нутгийнхан өгүүлжихүй. Энэ аймшигт ослоос хойш өдөр хоногоор уй гашуу болсон төрөл садан албат нар нь бүрлээчийг оршуулах газар, өдөр цагийг бурхны зааснаар гүйцээхээр шил дараалсан их ажилд цаг нартай уралдан зүтгэцгээв. Нутагшуулах газрыг түүний халисан Шивээт уулын ар Бургастайн эхэнд шавалж хэсэг дөрвөлжин газрыгэргэн тойронд ургаа модоор хүрээлж, булан бүрт суврага, өмнө дааман хаалга, голд модон бунхан босгон бүхнийг ёс горимын дагуу үйлдэж, талийгаачийг хэргэм язгуур, ямбабүхий өмсгөлийн хамт суугаагаар онголсон аж.Ноёныудмын тайж Сайхан-Ерөөлт, түүний хүү Мангал,түүний хүү Бадрах нар шарилыг сахихаарБургалтайд өөрийн албатын хамт дараалан сууршсанбөгөөд үүнээс хойш онгон догшин Шивээт ууландноёны унаж явсан морийг нь сэтэрлэн тавьжэнэ уулын ойролцоо ан ав хийхийг цээрлэв гэнэ. Соригчин халиун буга зайдлан, улаан жинстэй малгай бүчилж, урд хормой нь сэмэрхий хоргой дээл нөмгөлсөн эмэгтэйг Шивээт уулын эзэн, онгон сахиус хэмээн шүтэж
гэнэ. Ингэж Үйзэн ноён өөрийн амиар төрөл садандаа Бургалтайд ирэх замыг нь
зассан хэмээн домог яриа өгүүлэнэ. Үүнээс хойш Зоригт вангийнхан энэ нутагт
идээшин амьдарч жил бүр намрын эхэн сар тэгшрэхэдөвгөн ноёны шарил болон Шивээт уулын эзэн сахиуст мөргөн энэ уулыг шүдлэн үхрээртахиж байсан хэв заншлыг шинэ засаг хууль ёсны өөрчлөлтөөр халсны дараа мартагдсан билээ.

Зоригт вангийнхан

Бургалтайн эх Моностойн аманд нутагшиж буй Сайхан-Ерөөлт тайжийн гадаа хүн хөл ихтэй, хамжлага
зарц нар нааш цааш гүйлдэн өргөө болон хот хороогоо хичээнгүйлэн цэвэрлэх нь
түшээ гүн цол хүртсэн хошуу ноён Лувсанхайдавыг залуу хатных нь хамтаар өргөөндөө залахын өмнө
дор бүр ажил өрнөсөн нь энэ болой.Нар өндөрт хөөрч хаврын урь дагаж чийг татсан ээвэр газраас уур савсан,
нэгэнт дулаарсан ч хөвөнтөй дээл, эсгий гутлаасаа ангиржраагүй баньд Даваахүү халууцах
янзтай, ханцуйгаа сугалдаргалан,  гурав дөрвөн
гэрийн буйрын дайтай том шургааган хашааны шавхайг малтсаар сая дуусаад
малгайгаа авч хашааны шонд өлгөх зуур, уур савссан толгойгоо ханцуйгаар шудран
түр амсхийв. Энэ зуур их гэрийн ахайтан түүнийг дуудан гол өгсөх замаар морьтой
хүмүүс гарч ирэхийг сайн харж байх тухай айлдав. Сая цэвэрлэсэн шургааган
хашааны гадуур хурга ишгэний дуу цангинаж хашаа дагуулан зэллэж сойсон борог өвснөөс зулгааж,
овоолсон аргал, овгор товгор бүхэн дээгүүр тонгочино. Нялх тугалууд мөөрөлдөждөнгөж цухуйсан тачирхан ногоог
хэлээрээ ороохыг мэрийн, хажууд зээглэсэн уяан дээрх морьд тэртээд бэлчих
ижлийн зүг үүрсэх нь цагийн
урин энэ үеэр хөдөө нутагт зуун зуунаар давтагдах өнгө төрх яах аргагүй  л орсон нь илт ажээ. Цаваг туурга нь гандсан хэдэн бор
гэрийн дунд тайжийн өргөө цайрч түүнээс цаашид үхэр тэрэг, чингэлэг, торх сав, энэ
тэрийг цэмцийлгэн хурааж, өвгөн Буджав, залуу хамжлага Азар болон авгай
хүүхнүүд элдэв айлдварыг гүйцээхээр нааш цааш гүйлдэн цайллагын ажилд автсан хажуу
дахь гэрүүдийн тооноор хөх утаа чанх дээш суунаглаж, тогоо шанага, авгай
хүүхдийн дуу үл тасарна.
Хорол
хээтэй эсгий унжуургыг сөхсөн, хөлтрөг чимэг, улаан халзтай их гэрийн үүдэнд нарийн
цагаан эсгий дэвсэн, хоёр
талаар урт хэц татан өнгө өнгийн замбалзугуй, элдэв унжуурга сэлт, өндөрт
гурван улаан хэл бүхий шар хийморь хийсгэжээ. Өргөөний хойно хорт эрээн аврага
могойг улан дороо дэвслэх харшгүй хүчит арсланг тойруулан үүлэн холбоо хээгээр
чимсэн шунхан улаан авдар, түүн дээрх гүнгэрваад орших Базарваань бурхан,
тахилийн өмнө үнэр сайтай хүж, гэрэл сайтай зул бадраажээ. Хойморт дэвссэн нарийн
эсгий ширдэг дээгүүр цэмбэн олбог давхарлан, унинаас шар торгон хөрх унжуулж
өмнө нь алтан утсан хээ бүхий мэлхий ширээн дээр асар том мөнгөн цард бүтэн
иргээр шүүс зум бэлдэн, арай багавтарт ул боов үелүүлэн өрж элдэв амттанаар бялбуулсан
дээд идээний дэргэд
сархад, мөнгөн аяга, пял, завъяа жүнз тэргүүтнийг ирийлгэсэн нь нэн намбатай
агаад сүртэй.Сайхан-Ерөөлтийн
авхай Пунсалдулам эрээн түнтгэр бүхий үйтэн торгон дээл, өнгө тунгалаг гоёл
чимэг зүүж, хүү Мангал түүний эхнэр болон бусдууд дагалдав. Тайж өөрөө эрээн
магнаг дээл, отго жинстэй улаан залаат малгайг тэргүүнээ асааж, мөнгөн
тоног бүхий хэт хутгаа санжигнуулан, буурал орсон шодон гэзгээ аргаш чулуудан, ооч
сахлаа ээлжлэн имэрчдээл хувцасаа тохинуулсаар гэрээс гарч халзандуу өргөн
магнайд нь дурайх ул боовны судал хээ мэт гүн үрчлээс дороос насны хиаз суусан
бүлтгэр алаг нүдээ цэлэлзүүлэн тэртээ өмнө зүг сүртэйеэ саравчлан байвч олигтойг
олж харсангүй бололтой. Өтгөн манан дундаас бараа нь үл үзэгдэвч таргилан урсах
чимээ нь чихнээ тодхон дуулдаж буй Бургалтайн голыг өгсөх замын зүг сэтгэл догдлон ширтсээр л
байлаа. Учир нь энэ замаар түүний аль эртнээс хүсэн хүлээсэн Лувсанхайдав
гүнтэн морилон ирэх учиртай. Сайхан-Ерөөлт буцаж гэртээ орсонгүй хүлээсээр, зарц
Даваад хандан
-Хөөё Даваа, чамд юм харагдана уу?
-Үгүй байнаа, эзэнтэн.
-Чи ёр нь юм харж байна уу? Үгүй юу?
-Харагдахгүй байнаа,эзэнтэн.
-Чиний нүд ер нь зүгээр биз?
-Зүгээрээ, ноёнтон
-Хүүе хүүе тэр дор хэдэн бараан юм гэснээ тэр зүг
заав. Сайхан-Ерөөлт тайж тэр зүг саравчлаад юм олж харсангүй ч
- За тэр чинь мөндөө хэмээн ургаш алхан дахин
саравчлав.Төдөлгүй голын манан сэдэрч саахалт газрын бараа үзэгдэх дор эрэг
дагасан нарийн замын эхэнд яваа олон морьтой хүмүүсийн дүр бараань тодорсоор эхний морьтон гүнтэн
гарцаагүй мөн болох нь яалт ч үгүй илт болов. Тэдгээрс гол гатлан цуварсаар гадаах уяан дээр ирж, тавь
гарсан боловч саяхан цол хэргэм хүртээд одтой яваа гүн хазаарынх нь амгайнаас
улаан эрээн моголцог унжуулсан саяг сайвар, савхан халзан хээр морьноосоо буун,
том цагаан шүдээ яралзуулан инээмсэглэхэд магнай нь гэрэлтэж, Ахай гүний өмссөн
хөх торгон дээл, Богд хааны бэлэгдэл бүхий эрээн өлзий угалзтай хүрэн цэмбэн
хүрэм, нүдэн отго жинстэй улаан залаат малгай талбигсан нь улам ч зохиж, гүн
нөхрийн хамт дөнгөж хүрээнээс ирсэн залуу хатны өмссөн зүүсэн нь түүний
үзэсгэлэн гоолиг царайд зохисон ч гэж аргагүй, сайн морь унан, гүн хэргэмд сууж
ануухан яваа золбоолог эрийн хийморьт улам ч сүр жавхлан нэмснийг өгүүлэхгүй
байхын аргагүй. Гэрийн эзэн өөрийн эхнэр, үр хүүхэд, садан төрлийн хамт гүнтэн,
түүний хатан Гарамханд нарыг гадаанаас угтан өргөөндөө морилохыг урьж албат нар
нь зочин болон бусад  бараа болоочдийн морьдийг
тосон авч уяв. Сайхан-Ерөөлт
Бургалтайд ирээд удаагүй ч газар орны байдал сэтгэлд нийцэж цаашид энэ нутагт суурших
санааг нэгэнт агуулсан бөгөөд бүхнийг хошуу ноёнд энэ өдөр айлдаж амар тайван
амьдрах чин хүсэлтэй аж. Энэ тухайгаа Лувсанхайдав гүнд уламжлахад тэрээр тайванамгалан амьдрахыг дуулган, хойшид гаргах айлдварыг хожмын
өдөр үйлдэхээр тохирчээ. Лувсанхайдав Богд хааны том албанд томилогдон
өндөр хэргэм зэрэг хүртсэн хэдий ч хэзээний энгийн хэвээр, хүн бүхэнтэй
ярилцан, элдэв цаарга зангүй бэлдсэн идээ будаа дайллага бүхнээс өөрийн тааваар
хүртэн нилээд саатсаар мордон, ирсэн замаар хатан болон бусад албатаа
дагуулсаар одов.
Сайхан-Ерөөлт ингэж их хөл болон Лувсанхайдав гүнтнийг залсан үйл бүтэмжтэйд ихэд
билэгшин санаа тайвширч нэн урамтай зочноо үджээ.Гүнтнийг буцахад Шивээтийн жасынхан
түүний замыг тосон хүндэтгэл үзүүлэхээр лам нараас толгойлон шар хар бүгдээр бөөгнөрөн
цугларч эзэн Богд хааны ариун мутраас адис хүртсэн их буянтай хүн хэмээцгээж чин
биширлээр шүтэн, өлзий бэлгийг түмэнтээ хүсэн ерөөж мөргөцгөөн өнгөрөөв. Төдөлгүй
Лувсанхайдав нарыг өнгөрсний дараа гүнтэн болон хатных нь унасан морь, өмссөн
зүүсэн бүхнийг шагшин магтахын зэрэгцээ залуу хатан гүн хоёрын насны зөрүү,
түүний анхны эхнэр хэрхэн нас нөгчсөн, залуу бүсгүйн гүнтэнтэй гэрлэхээс өмнөх үүх түүхийг
хүзүү сээр мөлжих мэт үе бүхнийг нэгд нэгэнгүй төнхөөд сая санаа амарч
тарцгаав. Сайхан-Ерөөлт хуучны танил Лувсанхайдав гүнд ихэд талтай, Бургалтайн эх, Шивээт уул
орчмын нутагямар ч
халуун үед сэвэлзүүр салхитай, ямарч хүйтэнд өнөтөй дулаан, ойд жимс самар, ууланд ан амьтан, ус
тунгалаг, өвс соргог ерөөс жаргалын орон гэсээр эргэн тойронд зураг мэт үзэгдэх
байгалийн үзэсгэлэнт баялаг хангайгбишрэн, тэртээ хоёр зуу гаруй жилийн өмнө Дөрвөн Ойрдын
Өөлдийн хаан Галдан бошигтийн дайныүед Халхын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазар энэ уулын өвөрт шивээлэн сууж байснаас
ийнхүү Шивээт хэмээн нэрлэсэн тухай өвөг дээдсийнхээ ярьсныг сүсэглэн сэтгэл хангалуун алхахдаанэгэн сайн өдөр гүүгээ  барьж хэмээн бодсоор гэртээ оров.
Оготоргуйд
хурган үүл гарч тэнгэр мишээх мэт харагдах зуны эхний энэ өнгөлөг өглөө тайж
адуугаа хураахыг айлдаж ууган унагаа хүү Мангал нь уургалан барьж тайж, эхнэр, бэр, ач хүү
Бадрах, хамжлага нарын хамт зэлэн дээр өөрийн биеэр очин энэ жилийн төлийн
шандсыг сорин ууган унагаа татаж,
хатан Пунсалдулам нь халиун гүүгээ сааж уургын үзүүрт өлгөсөн хавчиг
модон хөнөгтөй саамыг
“Цэгээнд цад“ хэмээн цацал өргөж унаган зэлээ мялаацгаав. Эртний уламжлалт гүү барьж үрс
гаргах энэ зан үйлийг монголчууд айл хотол ахан дүүсээрээ хамтран найрлаж
тэмдэглэдэг заншилтай билээ. Тайжийнхдормон тамгатай халиун голдуу адуутай толин сартай буган халиун азаргатай аж.


Наранхишиг

Сайхан-Ерөөлт ач хүү Бадрахын алсыг зөгнөж “Хад
сайтай үнэг, хадам сайтай хүргэн” гэсээр удам сайт, үйлс өөдрөг, буян заяат
айлаас бэр буулгаж хойчийн өдөр голомт сахих үр ачаа залгуулах хүсэлдээ автан
айл саахалтаас эхлээд ойролцоох нутгийн залуу охидыг ажиглавч санаанд буусан нь
үгүй.Харин
зэргэлдээх Дайчин вангийн Булганширээ уулын хошууны Цулхарын голоор нутагладаг алаг
адуут Дэлэгжунай бэйлийн охин, Бадрахад хань болохоор хүн хэмээн үзэвч ачийгаа
юу гэхийг сонжихоор зориуд тийш явах шалтаг гарган түүнийг дагуулан мордлоо.
Тэрээр энэ удаад өөрийн нуугдмал бодлоо хэнд ч илчилсэнгүй, танидаг ганц нэг
айлаар явсаар Дэлэгжунайнд санамсаргүй мэт бууж орвоос цөм гэртээ байж. Нас
залуу, ааш ялдам, царай түвшин, хөнгөн шингэн нөгөөх охин гийчдийг үйлчлээд эх
эцгээ гэрийн аахар шаахар ажилд гар хүргэлгүй шавдахыг харахаас нүдэнд дулаан
тул Сайхан-Ерөөлт өөрийн совинд итгэн цаашид бэр буулгах бодлоо хөхүүлж нилээд
урамтай байв. Өмнө нь нүүр тулж байгаагүй ч сургаар таних хашир эр Дэлэгжунай ч
мань хүний далд санааг аль хэдийнээ гадарлачихаад алтан шүдээ яралзуулан инээж
тайжтай элдвийг хүүрнэх далимд дайлж цайлахаа ч охиноо магтахаа ч мартсангүй.
Сайхан-Ерөөлт да цагаан гаансаа нэрэн тамхилахад Дэлэгжунай, улаан шүрэн
толгой, алтан нуух, хоёр мөрөнд хангарьдийн сийлбэр бүхий дунд гарын сүйжин хаш
хөөрөг зөрүүлэн, эрээн өвдөгчтөй сархад мөнгөн завъяад дүүргэх зуур охиндоо
зочдын морьдыг услахыг айлдваас Сайхан-Ерөөлт ч ачийгаа хамт гаргав.
Залуу бүсгүйн унасан морь нь дух, ташаа, хондлойдоо
цагаан сартай, дөрвөн хөл алаг үнэхээр гайхам гоё хөлөг энэ айлын адууны сор
гэмээр ажээ. Хар алаг моринд улаан дэвстэй мөнгөн тоногтой боржигон хийцийн
эмээл, улаан цэмбээр толгойг бүрсэн хазаарт мөнгөн товруу, мөн ижил тоногоор
хөмөлдрөгө чимсэн нь зохисон гэж ванлий. Дэлэгжунай бэйлийнх алаг голдуу адуутай
тул түүнийг ийнхүү алаг адуут хэмээн нутгийнхан нь нэрлэдэг ажээ. Дэлэгжунайн
охин дайс бүс, үсний мөнгөн даруулгаар гоёж насан угалз бүхий зээхий наамал
гутал өмсчээ. Залуус горхи булгийн эрэг дээр бууцгаан бие биенээ харж бэрэвснээ
бүсгүй цулбуураа Бадрахад бариулан дагнаас бүхий уран хээ угалзыг хонин
холбоосоор сүлжиж хоёр үзүүрт хонхон цэцэг товшсон агсаа хавтганаас мөнгөн
амсарт үйсэн тагшаа гарган ембүү товчыг ирийлгэсэн бад хээтэй усан хуар дээлийн
ханцуйг шамлаад, хөв усны аригаас нь утгаж уухаар гэдийвээс үлэмж гоё норов
эрдэнэ чимгийг усан хээнд суулгасан шармал суурьт шүрэн сампин бүхий дөрвөн
талт тов малгай нь унан алдав. Бүсгүй залуу хүний томоогүй зангаар “Халдага
балдага” хэмээн уулга алдаж аягатай усаа чулуудчихаад малгайгаа газар хүргэлгүй
шүүрэн авлаа. Бүсгүй уулгамч баланч үгнээсээ ичив бололтой, чимээгүйхэн тоорцогоо
өмсөх зуур сая тагшаа газраас авч дахин ус утган залгилахдаа гэнэн томоогүй сэтгэлийн
угаас оргилон буй инээдээ барьж дийлсэнгүй гэнэт бүлтэрч аман дахь усаа
тургичихаад түүнээсээ болж хахаж цацан эцэст нь бөөн инээдэм болцгоов. Бадрах үзэсгэлэнт
бүсгүйг аядан дагаж байснаа төвийг хичээн
- Намайг Бадрах гэдэг билээ. Таны
алдрыг мэдье гэвээс бүсгүй тагшинд үлдсэн усны шавхрууг аргаш цацан амьсгаа
аваад
- Наланхишиг...гэв.
- Хэн гэх буй? гэвээс
-Наланхишиг...
гэснээ гэнэт хэл тултраагаас ичив бололтой, нарны цацралд гялбан анивчих алаг
нүдээ алгаараа саравчлан зовонгүйрч зогсоход шамалсан ханцуйнаас цухуйх нүцгэн
шуу дахь нь луун толгойг хоёр талд унжуулсан давхар хажтай мөнгөн бугуйвч,чихэнд унжих сүүжин ээмэг, зургийн юм шиг гоёмсог хамар,
эрүүнийх нь үзүүрт усан дуслуудбөнжигнөсөөр байв. Бадрах инээдээ барьж ядавч энэ ялдар
тохь алдахгүйг хичээн Наранхишиг нэрэндээ үнэхээр зохиж дээ хэмээн бодох зуур
бүсгүй дахин ус утгаж
-Та уухсан болов уу? гэхэд сая сэхээ авсан Бадрах түүний тагшнаас ууж,
бүсгүй хэлхазгайгаас зовсонтулдахин
олон юм асуусангүй. Гэсэнч наран наадах мэт царайлаг төрсөн энгийн шижээр
зантай ажилсаг хүн болохыг гадарлаж
-Наранхишигээ...?  Сайхан нэр
байна, танд энэ нэр ихэд зохисон буй, үйлэнд уран, хосгүй гоё оёж шаглах нь
лавтай хэмээн бүсэн дэх уран хавтагаас нь хараагаа үл салган магтахад бүсгүй мөн л
инээмсэглэх аядавч хариу дуугарсангүй. Тэр хоёр гол дээр ийнхүүсаатан гийчид нар хэвийх үер
Дэлэгжунайнхаас
мордоход Наранхишиг тэднийг жаргах нарны туяан доогуур шурган тэртээх хөтөл
даван давтал гаднаа зогссоор үдэв. Үүнээс хойш Сайхан-Ерөөлт ачаа нэг бус удаа Дэлэгжунайнх руу зарж явуулсаар нилээд
хугацаа өнгөрсөн ч сэдсэн үйл түүний санаснаар бүтсэнгүй. “Наранхишигийг бэр
буулгая” гэхээр “Азная даа” гэхээс өөр тоймтой үг өчсөнгүй тул ачаасаа энэ
талаар шийдтэй үг дуулахыг хичээвч ам нээсэнгүйд тэгсгээд орхижээ. Уг нь
эндхийн охидууд бүгд л Бадрахын хойноос үг өдөн, талимаарах авч тэр бүх охидоор
яах билээ.Эмээл хэдий сайхан ч моринд нэгийг л тохно, эм хэдий
олон ч эхнэрт нэгнь л тохионо, харин тэр ганц нь чухам хаана
байгааг олоогүй яваа. Хүн ханиар бүү хэл далай ч давсаар дутах үе байдаг билээ.

Заяаны хань зам дээр

1893 оны усан могой жилийн хавар эрт ирлээ. Моностойн эхэнд нутаглаж буй цагаан
гэрийн гадаа хүврэндсур элдэж буй хүмүүсийн дэргэдуургийн үзүүр тагнайлдан суугаа залуу
тайж Бадрах уяан дээрхморио янцгаахад адуу голд ойртож
явааг харж үзүүр ёзоорыг тагнайн хоногоор ягштал нийлүүлэн нарийн сураар тугалчлан даруулж гурын
хүзүүн суран хуйваа уяад унаагаа юүлэхэд бэлэн болов.
Хүрэн пүүсүүтэрлэг огшоон улаан залаат хилэн
малгай духдуулж тасам хар гэзгийг эр сураар боон арагш унжуулсан нь
түүний гарал язгуур жирийн бусыг илтгэх агаад түргэн шаламгай хөдөлгөөн залуу
эрийн зан төрхийг илчлэх буйзаа. Бадрах тэрхэн зуур урт хусан уургаа туялзуулан тулж тов хийтэл
мордоод Бургалтайн голыг уруудан давхисаар адуун дээр очиж морио юүлэв.
Дөнгөж юүлсэн аргамаг хүлгийн хазаар даран дүүхэлзэх уран хар алхаанд эмээл
дээрээ сэмбэлзэн хааяа дуу аялан хааяа исгэрсээр гол өгч яваа залуу эрийн замд дөнгөж ирээд
бууж буй нэг айл тааралдав. Гэрийн эзэн ширвээ
сахалтай мөөг мэт дугуй цагаан царайтай тавь эргэм насны хар хүн,хүрэн тэрмэн дээлийн хоёр ханцуйг
сугалдаргалан өмнөө зангидаж,толгойдоо том цагаан маалинга алчуур ороосон
нь түүнийг бүрч мөөгтөй адилхан болгожихуй. Тэрээр зуны нар, холын аянд эрхгүй
урсах хөлсөө толгойдоо ороосон нөгөөх том алчуураар байн байн шударсаар тэмээн ачааны тээгийг суга татан
татлагыг тайлж түүний эхнэр нь хана униа, настай эмгэн сав суулгаа хангинуулан
охин нь бололтой шаавай эмэгтэй нааш цааш гүйж аав ээжийнхээ айлдварийг шалавлан гүйцээх аж. Голын
нөгөө эргээр тэдний мал сүрэг билчэж далбагар том чих нь сэмэрч урагдсан тайган
халтар нохой дов сондуул, бут болгоныг шиншлэн нааш цааш шогшино. Залуу тайж ёсыг даган айлын гэрээсбарилцахаар очивоос
морь нь тэмээнээс үргээд ойртсонгүй тул хол тушиж орхичихоод өөрөө явгаар очих
дор залуу эмэгтэй нохойгоо
-Далбага, Далбага хэмээн дуудаж хорив. Энэ нэрийг
сонсоод Бадрах инээдээ барихаар хэдий тэвчивч эс чадав.
-Ямар чамин нэртэй нохой вэ хэмээн тэсгэлгүй инээд
алдсанаар түүнийг дэмжин тэсрэхэд хэзээнээ бэлэн залуу бүсгүйг дагуулав. Тэр
хоёр хэзээ язааны танил мэт инээлдвээ. Бадрах залуу бүсгүйг ажиглан царайлаг сайхныг шимтсээр
саатаж гэр барихажилдшамдан орлоо. Өмнөөс гэр барих
газраа шав болгон тавьсан хэдэн чулууг тойруулан хана дугуйлж явахад нөгөөх
бүсгүй мөн л инээдээ барьж ядан жуумалзсаар байвшүү. Бадрах өөрийгөө шоолж буйг гадарлавч бүсгүй
чухам юунаас болж инээснийг мэдэхээр
-  “Уйлахыг бүү асуу, Инээхийг асуу” гэдэгсэн билүү гэвээс
бүсгүй
-  Та ханаа “Нохойн амаар” нийлүүлээд байна.
-  Хаагуур нь гэнээ?
-  Нохойн амаар...
-  Ханандбас нохойн амбайдагхэрэг үү?
-  Эвлэдэггүй ам гэж хананд буй, түүнийг манай
нутагт нохойн ам гэдэг юм.
-  Хүнд тийм ам бий юу?
-  Хүнд үү...? Байх л байлгүй гээд мушилзахаднөгөөх бүсгүйн хосгүй ялдамцарай, хаш цагаан шүд, хагас саран
хөмсөг дороос тормолзох
хоёр нүднийх нь харцанд уярч цааш юу хийхээ мэдэхгүй болсон залуу эр
-Тэгвэл би өөрөө нохойн амаар орж байх шив хэмээвээс бүсгүй түрүүнээс
тэсч ядан барих инээд алдарваас гэрийн эзэн эцгийн мөөгний хаан тэнгэрийн дүлийгээ
ширвэх мэт ширүүн харцанд
өртөөд тэр дор намжсанаа нүдийг нь хариулж байгаад дахиад л инээлдэв. Залуу эр өдий хүртлээханын ам эвлүүлж сураагүйдээ баахан  бантавч нөгөөх үзэсгэлэнт бүсгүйгээр  дуртайяа заалгаж хоёул ханаа дугуйлан гэр
барьж дуусав. Ингэж залуу тайж Бадрах Дайчин вангийнхошуунаас Да хүрээг зорин нүүж явсан мөөгөн Сандаг гэдэг хүний ганц охин Дуламтай танилцав.
Зарим хүнтэйөдөр тутам тааралдавч санаанд торох нь ховор, заримтай нэг л удаа тааралдаад бүх
насаар сэтгэлд тодрон хоногшиж юугаар ч салгахгүй болох ч тохиол
буй. Энэ өдрөөс хойш
Бадрахын зүрхэнд  Дуламаас өөр хүн орох
зай гарсангүй, эрсэн хүнээ ингэж л олсон юмсанж.Бадрах бол Батмөнх даян хааны удмын түшээтхан Гомбодоржийн
есөн үеийн ач, дөтгөөр зэрэг тайж хүн. Бургалтайд эцэг өвгөдийн
хамт ирээдудаагүй ч нутгийнхантай танилцаж
аливаа ажил гарахад гарал, язгуурыг үл хэлцэн өөрийн биеэр оролцож, хар
борчуудтай үерхэж явдаг, хөл хөнгөн, сэтгэл цагаан тул хүмүүс ам сайтай, тэгээд
ч хорин насны аагь, идэр залуугийн нүнжигт татагдах залуу охидын, унагах харц, уян аашинд сэргэж
сэтгэлдээтаалагдах хүнээ хайсаар явааучир ийм буй. Бадрах, Дулам хоёр танилцаад
нутгийн залуустай нийлэн ноос үс, будаа тариа, өвс тоосонд үргэлж хамт явцгаан заримдаа жимссамарт хэмээн ууланд өдөр хоногоор алгаболцгооно. Сайхан-Ерөөлт “Заяаны хань зам дээр
гэж өөрөө ирэв. Азная гэсэн ньийм юмсанж” хэмээн ачийнхаа сонголтын хариуд “Бүх юм буянаараа болог”
гэснээр сэтгэл дарсан ачаа хөнгөрч “Эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй
сувд” хэмээн нэгэнт тохиосноормөөгөн
Сандагийн бурханд нь хадаг тавьж бэр гуйв. Халуун хошуутай халзан цагаан хонь, хул шарга
мориор цавуу хадаг барьж Сандаг эхнэр хоёр нааштай хариу хэлснээр ажил шуударч
сүй тавихад хоринбод, арван ирэг, мөнгөн эмээл хазаартай мориноос гадна эхнэр хүний
хувьцас гоёл үсний зүүлт, даруулга, гуу, бэл, ууж гэх мэт тоолжмундахгүй зүйлийг арслан хээтэй
авдарт эртнээс чамбайлан хийж зэхжээ. Тэхлээр нутгийнхны ярьдагаар бол мөөгөн
Сандагийн охин Дулам хоринбодын бэр болжэнэ тухай нэг хэсэгтээ л ам мэдэн ярьцгаах болов.Бадрах тайжийн тал мөөгөн Сандагийн
гадаа шинэ гэр, бэрийн тал доторх тавилгыг төхөөрч Дуламыг эрдмордуулснаар энэ хоёрын ёс горимт хурим
найр эхлэв. Хуриманд нутгийн олон цугларч анх удаа эхнэр хувцас, цацаг чимэг,
орхилого унжуулж гоёсон Дулам өөрийн төрсөн гэрээс гарлаа. Түүнийг моринд өргөн
мордуулж нэг хүн хөтлөн хажууд цахиур буутай хоёр эр, бусад төрөл садан
дагалдсан урт цуваа дөрвөн талд нь арц угуулж замбалзугуй хийморийн дарцаг намирсан
шинэ гэрийн гадаа дэвссэн нарийн цагаан эсгий дээр эмээлтэй нь ховхлон буулгав. Гэрийн
хаяанд Бадрах Дулам хоёрыг суулган шагайт чөмгөний бүдүүн талыг эрд нарийн
талыг эмд атгуулан “атгамай” хэмээн хэлүүлж нарны зүг гурав мөргүүлэв. Үүний
дараа  Бадрах шинэ гэрийнхээ эсгийг
үүдийг дээш сойж Сайхан-Ерөөлт тайж гадаа босгонд өвдөглөн өмнөөс бэлдэж зуух
түшүүлэн тависан шагай хараавааны аравчид ирийлгэсэн шагай дунд сум тавьж хажуу
дахь хүмүүс хоолой мэдэн уухайлсны дараа бэр бүсгүй гэртээ орж галаа ноцоон
өрхөө татав. Энэ бүхний эцэст хүргэн хүү хүмүүсийг дагуулан гэртээ оров. Хүргэн
хүү шагайт чөмөгний шагайг эрхий хуруугаар мулт дарж, энэ нарийн учирдэг бүхий хуримийн ёс жудгийг ягш
гүйцэлдүүлэн эхэлсэн хурим найр хэдэн хоног үргэлжилсээр Шивээт уулын болон,
өвөг дээдсийнх нь шарилын тахилгаар өндөрлөв. Сайхан-Ерөөлт бэрдээ унах жороо
халиун морь бусад малыг заан өгч удалгүй Бадрахынх гэдэг нэг шинэ
бүл хадмын хаяанаас
нүүн тэд өөрсдийн гэрийн ханаа Бургалтайн эхэнд жинхэн амаар нь эвлүүлэв.Ижилдэн ургах Вансүмбэрүү гэмээр золбоолог аз
жаргалтай хос ойрдбайсангүй. Үүнээс хойш Бадрах тайж ханын ам нийлүүлж сураад энэзаншлаар гэрээ үргэлж өөрөө барьдаг
болж мөөгөн Сандагынх охиноо түшигтэй айлын бэр болгоод Да хүрээ орохоо больж Бургалтайд үлдсэн
ажээ.

Үе залгамжлах ач


1897 оны гал тахиа жил, Сайхан-Ерөөлт тайж нас өндөр болж, багаас сэргэлэн зүч зургаан
настай Сономдагва нь түүнээс салахгүй дагаж үлгэр хэлж, оньсого таалгахыг
шаардах ба өвөгнь ч түүнд үл төвөгшөөн зүч хүүгийнхээ ой ухааныг хөгжүүлэхийг мэрийх аж.
Тэр зун өвгөн ойролцоох Тахилтын рашаанд явах болж дөрвөн настай Сономдагва
дагахад өвгөн түүнийг үлдээхээр аргадан
-  Миний хүү гэртээ үлдэх нь зүй буй гэхэд
-  Яагаад?
-  Айлын хүүхэд чинь аав ээжтэйгээ байдаг юм шүү
дээ.
-  Өвөгта аав ээжгүй л байдаг шүү дээ?
-  Өвөөгийн нь аав ээж бурхны оронд явчихсан юм.
-  Бурхны оронд очивол рашаанд явахаас гоё юм
уу?
-  Хөгшин хүнд л тийм байж магад.
-  Хүүхдэд гоё биш юм уу?
-  Тийм буй.
-  Яагаад?
-  Наадах наадгайүгүй.
-  Тэнд чинь тэгээд юу байдаг юм?
-  Тэнд настай хүн очиод амардаг буй.
-
Өвөгтэгвэл рашаанд
ороод дараа нь бурхны оронд аав ээж дээрээ очиод амрах юм уу? гэхэд өвгөн
бодолд автсанаа
-Тийм ч болов уу гээд инээмсэглэн “Нялхаараа амьтан, хэзээ юмны учир
олдог болно доо” хэмээн өөртөө ярьж зүчийнхээтолгойг илэв. Тэр өвөлдөө Сайхан-Ерөөлт насан өөд болж
түүнийг Бургалтайн эхэнд өвгөн Ноёны ойролцоо хөдөөлүүлж Бадрах тайж өрх
толгойлон үлдэв.Бадрах
Дулам нар гэрлэсэнээс хойш Сономдагва, Гомборэн |Гомбосүрэн| гэж хоёр хүү Цэнд
гэж нэг охин төрүүлж
өсгөөд ардын засагтай золгосон билээ.

Гамин

Монгол улс Манжийн ноёрхолоос салж автономит эрхийг олсон боловч цаашхи
зам нь ээдрээтэй байлаа. Эзэн Чингисийн үед өлхөн гаргадаг байсан зуун түмэн
цэрэг, их хэрмийг цөмлөн гардаг зэвсэг үгүй болж эрэлхэг зоригт баатрууд нь лам
хувраг болжээ. Шарын шашныг улайран шүтэх сүсэг бишрэл хэтэрхий нөлөөлж байсан
энэ үед монголчуудын гол зохион байгуулалт бүхий хүч нь сүм хийд, лам нар,
нөлөө бүхий удирдагч нь Богд Жавзундамба хутагт байлаа. Монгол Улс өөрөө
өөрийгөө гадны нөлөөнөөс цэргийн хүчээр хамгаалах цаг тулгарахад тэд зуун түм
байтугай зургаан зуун цэрэг гаргах чадвар хомсдов. Эл байдлыг гярхай ажиж тандсан
хятадын нэгэн түрэмгий эрийн ганц дивиз 1919 оны шороон хонин жилийн эцсээр хоёрхон
хоногийн дотор автомашинаар Да хүрээнд зөв зүгээр ирж буугаад л эзлээд авлаа. Автономит
төр унаж, хаан нь хорионд орж, халх ноёд нь хаашаа холбирохоо мэдэхээ больж
Монгол улс эзэнгүй, үнсэнд хаясан шалз мэт болов. Аврах ачтан л байвал хэн байх нь хамаа юун.
Олноо өргөгдсөний 10 буюу 1920
оны төмөр бичин жилийн өвөл Бургалтайд ойрын жилүүдэд болоогүй их хүйтэрч араас
нь гамин гээч түүнээс ч илүү аюултай тулгарав. Буурай Монгол оронд улаан,
цагаан орос, гамин гээд гадны нөлөө бүхий хүчин хөдөө нутгаар цувж элдэв муу
үйл нүүрлэв. Энэ их хөлд хамгийн их өртсөн газар бол Сэлэнгэ нутаг юм. Хүрээнээс
Барон Унгернд шахагдан гарсан гамин цэргүүд хойшоо Ивцэг, Бөхлүү, Буурын голын
зүүн бие, Хонд Тужийн нарс, Улаан бургас хавиар хятад цэргийн морьт хороод
цувран байрлаж зарим хэсэг нь баруун тийш Ивэн Бургалтай хүрчээ. Бургалтай их
үер мэт оволзож байв. Анх хоол гордсон хав шиг Бургалтайд ирсэн Эрхүүхуаз гаминг ирэхэд тэдэнтэй
сүлбэлдэн зан ааш нь эрс хувирч итгэмтгий цайлган монголчуудыг гэнэдүүлэн
устгах элдэв зэвсгээ ирлэж бэлдэхийн хамт хэзээ нэгэн цагт энэ
өгөөжтөй нутагт эзэн суухсан хэмээн зүрхний угт нуугдах шигдмэл санаа нь ч улам
загтнаж байлаа. Гамин хэдийгээр цэргийн хүч түрж монгол нутагт хөл тависан ч
амьдралдаа үзээгүй өвлийн жавар тэднийг ямарч зэрзэвсэггүйгээр
өөрийн эрхгүй сөгдүүлж эрс тэс уур амьсгалтай энэ нутгийн байгалийн ариншин
бүхнээс хүчтэйг үзүүлэв. Нутгийнхан
Ган төмөр хатуу ч
Галын аяыг даахгүй
Гамин цэрэг хүчтэй ч
Гурван есийг даахгүй хэмээн даапаалж байв. Бургалтайн зүг хөдөлсөн гамингийн
сургаар өвөлжөөндөө буусан айлууд дулаан бууцаа орхин алс бөглүүг бараадан
дүрвэж, Бадрахынх Дулааныг өгсөн нүүж явсаар Зандангийн эхээр дөнгөж буугаад
удаагүй байтал гамингууд гэж хачин чамин хувьцастай, буу зэвсэг агссан морьтой
явган цэргүүд цувж үзүүрсгэн дээл, үнэгэн малгайтай зузаан хөвөнтөй өмдтөй ч
зарим нь хөлдөө цагаан ултай даавуу шаахай углаж шилбээ ямбуугаар ороосон нь өвлийн хүйтэнд голдоо ортол даарч нутгаасаагарснаас хойш огт дулаацаагүй яваа нь хэн ч харсан илт. Тэд Амарбаясгалан хийдийг бусниулж замд
тохиолдсон бүхнийг дээрэмдэн шаахайгаа тайлж малчин эрийн монгол гутлыг нь мулталж
өмсчихөөд хотон дахь малаас нь буудаж махнаас нь арьстай нь огтлон авч бусдыг
нь шатааж өнгөрсөн газартаа гал, цус, үхэл үлдээж байв. Тэр үед Ахай
гүний хошуу, Бургалтай нутагт гамингийн хоринтавдугаар морьт дивизийн хорооны нэг
томоохон анги ирсэн байв. Бадрах тайж өөрийн танил шаргал Жамц, их толгой
Эрдэнэ, Нинж, Ишжанцан нарын хамт гаминг устгахад биеэр оролцож үүгээр түүгээр
ажиглан нутгийнхнаа сэргийлэхийн зэрэгцээ хаа дайралдсан газарт нь тэднийг
устгахыг айл болгонд уриалж явсаар Бадрах мэдээч нэртэй болов. Бургалтайнхан гараа
хумхин суусангүй бороохой шийдмээр зэвсэглэн гамин түүнтэй нийлсэн хятадуудыг
сэм устгаж, хураасан өвсөндотор нуугдсаныг нь өвстөй нь цуг шатааж
байлаа.  Даньдзав гэж
сэргэлэн эр ганц нэгээр яваа гаминг отож байгаад буун дуу гаргалгүй цааш нь
харуулсаар нутгийнханд “гамин Даньдзав” хэмээн хочлуулсан нь хэвээр үлджээ.
Эрхүү хуаз эхнэр хүүхдээ нутагт нь буцаагаад өөрөө хойноос нь оргож явсныг Арвантаван
хэмээх нутгийн цахар араас нь нэхсээр устгасан гэдэг билээ. Гэсэнч гамингийн
үлдэгдэл дуусаагүйгээр үл барам гол хүч хэвээрээ шахам байлаа. Гамингийн араас
барон Унгерн гээч Монгол даяар нэрээ мандуулсан жанжин ирж гамин шахагдаж
эхлэв.

Улсыг мандуулагч Барон жанжин

Роман Федорович Унгерн-Штернберг |1885-1921| Герман
гаралтай, удам угсаат барон хэргэм язгууртай, дайн дажин гээчийг жагсаалын
цэргээс эхлээд генерал болтлоо бүхий л янз төрөл, дүр хэлбэрээр нь үзэж хат сууж
хэрцгийжсэн эр болой. Хаа нэгтээ Дунай мөрний эрэгт ч юмуу Балтын тэнгисийн
эрэгт Эстляндийн Ревель хотод ч юмуу |өнөөгийн Эстонийн Таллин| 1885-1886 оны
заагт тэр үеийн язгууртны гэр бүлд төрсөн гэдэг ч яг төрсөн нутаг нь чухам аль
нь болох нь тодорхойгүй. Орост Цэргийн сургууль төгсөж 18 настайдаа цагаан
хааны цэрэгт орж анх Орос-Японы дайнаар бүхий л амьдралаа цэрэг дайнд зориулах
зам нь эхэлсэн. 1912 оны эх орны дайны жилүүдэд морьт суман командлан оролцжээ.
Өвөрбайгаль, Монгол, Хятад, Манжуур, Алс дорнод хэрэн явж байлдсаар тэр
нутгийнхны зан үйл болон дайн байлдааны өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан
тэр үеийн цэрэг дайны үйлд нэвтэрхий, болжээ. Гэр бүлгүй, нэг удаа манж
гаралтай гүнжтэй гэрлэсэн боловч төдөлгүй салсан шалтгаан нь хятадуудтай
байлдах учир бэлэвсэн эхнэр үлдээхгүй гэсэндээ л тэр гэж өөрөө ярьдаг байж.
Харин түүний хажууд ямагт нууц эмс байсныг өөрөө ч үгүйсгэж байсангүй. Эрчүүд
эхнэргүй байж чадна харин хүүхнүүдгүйгээр хэсэгхэнч байж чаддаггүй хүмүүс. Хүүхнүүд
бол миний дайчдын хувьд бие мах бодийн хувьд таашаал олох түр хэрэглүүр шүү дээ
хэмээдэг байлаа. Өвөрмөгц хурц ухаантай, эрүүл чийрэг, хүчирхэг энэ эр дайны
хатуу ширүүн үед барц алддаггүй өөрийн шийдвэрийг ямарч үед өөрчилдөггүй,
түүнийгээ эвээр эс болвоос эрэмгий аргаар хэрэгжүүлдэг хэрцгий нэгэн байв.
Түүний зан байдал цочмог, тайван байснаа гэнэт аянга мэт хувирах агаад
санасандаа хүрэхийн тулд хэнийг ч өршөөдөггүй голдуу л буун дуу, ташуурын дор
шийдэх хатуу ширүүн дэглэмтэй ч их шудрага хатуу зарчимч эр байлаа. Бусдийн
цусаар гулигаж, зовлон дунд баясан инээлдэх зэрлэг танхай алуурчид, ужиг
самуунд автсан хэрцгий эрсийг үүнээс өөрөөр захирах арга байсангүй. Урд өмнө
Монголд ирэхдээ Дамбийжаа лам нарын зэрэг хүмүүстэй танилцан монгол хэл муугүй сурсан,
мөн бага зэрэг хятад хэлнээс гадна орос, герман, франц хэлээр саадгүй ярьдаг  онцгой өндөр боловсролтой хүн байв. Цэргийн
энэ хатуу чанга дэглэм түүний баримтлах гол зарчим нь. Цагаан хааны цэрэгт
атаман Семеновын удирдлагын дор Азийн морин дивизийг Монгол, Манж, Алс дорнодын
хил дээрх Даурт өртөөнд захирагч байхдаа өөрөө санаачлан байгуулснаар түүний
нэр төдий л дуулдаж эхэлсэн. Азийн морин дивиз бол дан морьтнуудаас бүрэлдсэн
их буу, пулемёт, сэлэм, винтов, маузер гар буугаар зэвслэгсэн хасаг, буриад,
башкир, харчин, барга, орос, монгол зэрэг энэ хорвоогийн олон үндэстнүүд моринд
гарамгай, буу шагайхдаа дадамгай хүмүүс байлаа.

Богд хааныг ширээнд нь залав.

Барон Унгерн Манжуураас улаан армид шахагдан зугадахад
түүний өмнө Монголын өргөн тал нутаг нээлттэй байлаа. Түүнээс өөр зам ч байсангүй.
Хүлэг морьдын тоосонд хэзээнээс дарагдаж, хүчит дөрвөн туурайн шандас сорих тавилан
дунд дайн дажныг үзэхээрээ болсон монголын домогт энэ уужим тал нутаг морьтон
цэргүүдийн хувьд ямагт өгөөмөр байдгаараа л Барон Унгерни болон түүний Азийн
морин дивизийг угтлаа. Тал нутагт нэг морин цэрэг, арван явган цэргээс ч давуу
хүчтэй гэх тул хүч тэнцүү тулаанд морин цэрэг ямагт ялдаг жамтай билээ. Барон Унгернийг
монголын талд хөл тавимагц л гамин цэргүүдийн эсрэг тэмцэхээр уур хилэн нь
оволзсон монгол ноёдууд бэлэн зэлэн цэрэг цуухай, агт морьдтойгоо  тосон хүлээж  байлаа. Ингэж Оросын улаан арми Барон Унгерний
Азийн морин дивиз Монголд орох их замыг саадгүй нээж өгчээ. Эдүгээ хойд зүгийн
цагаан салхи монголын талд дураар исгэрэх цаг ирлээ. Тэр үед Монгол орон бүхлээрээ
гамин хэмээх нэртэй хятадын их цэргийн хүчинд автаж амьд бурхан Богд эзэн хаан нь
эрх ямбаа алдсанаар барахгүй бүр хорионд орсон эмгэнэлт цаг байлаа. Гамин нь хятадаар
“хувьсгалт цэрэг” гэх боловч монголчууд хэзээ ч хувьсгалт цэрэг гэхгүй гамин л
гэдэг байлаа. Тэдний хувьд гамин гэдэг үг зөвхөн дээрэмчид, алуурчид гэх утга санааг
л агуулах агаад морь унаж чаддаггүй байсан нь монгол хүний ой ухаанд багтамгүй
хүнээс ангид зүйл бөгөөд арчаагүй дорой байдлыг илэрхийлэнэ.
Барон их хүрээнд
орохын тулд түүнийг цэргийн хүчээр эзлэхээс өөр зам үгүйг сайн мэдэж байлаа.
Даруй арав дахин их хүчтэй гамингийн эсрэг хэдэн удаа дайрсан боловч амжилт
олсонгүй. Гамин арав дахин их хүч бүхий цэрэг зэвсэгтэй хүрээн дэх бат бөх нуувчиндаа
шигдэн хамгаалсан тэдний эсрэг Бароны морьт цэргүүд байлдаж амжилт олоход үнэхээр
бэрх ажээ. Тэднийг нуувчнаас ил талд гаргах мөн сэтгэл санааны дарамтад оруулах
замаар энэ их хүчний эсрэг халз тулах бус ов заль, хуурч мэхлэх талаар атман
Семеновын цэрэгт байхдаа гарамгай сурсан эрдмээ барон мартсангүй. Гээд ч өөр
сонголт байсангүй, сэтгэл зүйн дайнд бэлдэв.
Унгерн Буддын
шашинг шүтэж эхлэсэн нь санаандгүй зүйл биш агаад тэр үед шарын шашинд хөлгүй
автсан монголчуудын хувьд тэднийг хамгаалагч цорын ганц хүнээр тодорч, гаминг
устган Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залснаар төв Азийн талаарх цаашдийн
их зорилгоо биелүүлэх бодолтой байв. Түүний тооцоолсон энэ үйл монголчууд,
ялангуяа сүм хийдийн олон лам нарт ихэд нийцсэн нь дайнд ялах сэтгэл зүйн өндөр
боломж олгосон нь дамжиггүй. Монгол орон даяар барон Унгерний сүр хүчийг
магтан, орос цагаан хааны сүнс, дайны бурхан болоод гаминг хүйс тэмтрэхээр
айсуй хэмээн цуу тарааж лам нар мөргөл үйлдэв. Цуу тараагч хэсэг бүлэг
хүмүүсийг зориуд бий болгон олон хөлийн газраар тараав. Энэ үед энд тэнд наасан
зарлах бичгээс өөр тогтмол сонин хэвлэл хүрээнд байсангүй, гээд ч түүнийг тайлж
дуудах чадвартай нь хомс, харин зах дээр шивнэн ярьсан хов жив, цуу яриа тэр
оройдоо л хүрээгээр маргааш нь хөдөө нутгаар тарчихсан байдаг байлаа.
Барон Унгерн хүрээг эзлэхийн өмнө Богд хааныг буриад
Туванов хэмээх нэгэн зоригт эрийн тусламжтайгаар хулгайлан оргуулжээ. |Туванов
дараа нь 1922 онд аймшигтайгаар хэлмэгдэж алагдсан гэдэг.| Монголчуудын дунд
Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Да лам Пунцагдорж, Монгол Улсыг
дахин мандуулах зорилго бүхий жалханз хутагт Дампинбазар, дилов хутагт
Жамсранжав нар байлаа. Цахар гүн Баяр, буриад Жалбал, хошуу ноён Лувсанцэвээн
|буюу оодон Цэвээн|, Бишрэлт гүн Сундуй, баатар ван Жамц, өвөр монголын хорчин гүн
Найданжав, Эрдэнэбилэгтийн Тогтох тайж, гүн Гомбо-Идшин нар өөрийн отрядтайгаа
Унгерний цэрэгт гаминг дарахаар хүч нэгджээ. Барон Унгерныцэргийн штабд хүний толгойг
авахдаа тачигнатал инээдэг авсныхаа дараа нь дуу аялдаг алуурчин Леонид
Сипайло, харгис хэрцгий генерал Борис Резухин, мөн орон нутагтаа өөрийн гэр орондоо байхдаа л
аваал эхнэрийнхээ хадгалсан 10 мянган алтан рублийг нь хулгайлж аваад зугадсан,
одоо Бароны нэрийг барьж дээрэм хийж яваа Борис Волков, хурандаа Хоботов,
адьютант Бурдуковский нарын зэрэг харгис хэрцгийгээрээ нэрд гарсан алуурчид
байв. Барон нутгийн ноёд, олны цуу ярианы дэмжлэгтэйгээр  өөрийн цорын ганц дивизээр хүрээг гамингаас
чөлөөлөн Богд хааныг эргүүлэн залсан нь Монгол Улсын хувьд улс төрийн том үйл
явдал байлаа. Тэрээр улс гүрэн эвсэл, холбоотон хэнийг ч төлөөлсөнгүй, зөвхөн
хувь хүн  Барон Унгерн өөрөө л энэ том
үйлсийг бүтээсэн юм. Үүнээс өмнө Монголын баруун хязгаар нутгаар нэг бус удаа хэсүүчлэн
ирж, Дамбийжаагийн цэрэгт орохоор гуйж  явсан
хасаг цэргийн есаул буюу бэлтгэл офицер цолтой, тэнэмэл эр одоо Монголд ирээд улаан
шар өнгийн торгон монгол дээлэнд цэргийн суран бүс бүсэлж, хилэн  хар нөмрөг, урт түрийтэй хромон гутал,
хурганы арьсан папах хэмээх сэгсгэр малгай толбигож, ташаандаа револьвер гар
буу, хуйг цагаан хааны алдрын алтан өлзий угалзаар чимсэн, эрдэнийн чулуун
шигтгээ бүхий алтан бариулт сэлэм, энгэртээ Оросын агуу их цагаан хааны ариун
Георгийн одон зүүжээ. Цагаан паалангаар өнгөлж алтаар эмжсэн энэ загалмайт одонгийн
нүүрэнд агсам хүлэгт баатар эр аюулт хорт могойг жадлан алж буйг дүрсэлсэн нь
агуу их баатарлаг үйлийг магтах агаад  бароны
өөрийн дүртэй нь тун төстөй ажгуу. Түүний мөрөнд алтан шар мөрдөс байх агаад
түүн дээр атаман Семёновын армийн гэх “АС” гэсэн мөнгөн үсэг тодоос тод
гялалзана. Монгол ноёдууд түүний өмнө бөхөлзөн хүндэлж цагаан цэрэгт нь дайны
хүнс нөөц сайн дураар нийлүүлж байлаа. Дайнд сэтгэл зүй ямар нөлөөтөйг арав дахин
илүү гамингийн хүчийг зайлуулж чадсан Унгерний ялалт харуулсан юм.
Барон Унгернфон Штернберг
буюу дайны бурхан хэмээн өргөмжлөгдсөн энэ цуут эр “Монгол Улсынүе улирах хан, Дархан хошой чин ван,
Улсыг мандуулагч их
баатар цол хэргэм Богд хааны мутраас хүртлээ. Урдөмнө ийм өндөр цол мяндагийгБогд хаан
харийнхүнд олгож
байсангүй, тэгээд ч барон Унгерн Богд хааныг эргүүлэн залж Монголын
түр засгийг байгуултал Монгол төрийн гол хүн болсон нь түүний хошой чин ван
цолтой нь дүйж байгаа юм. Ингэж тэрээр монголын төрийг өөрийн дивизийн цэргүүд
мэт захирч, цагийг нар сараар баримтладаг монгол ноёдууд түүний даалгаварыг агшин
хоромд нь биелүүлэхийг шамдан хичээнгүйлж байлаа. Унгерн Буддын шашинд хэзээнээ
шавь орж, үнэнчээр шүтэн хажуудаа мэргэч төлөгч лам нарыг үргэлж байлгадаг
агаад өөрөө мэргэ төлөгт үнэн  голоос итгэдэг
байв.
Монгол төлөгч, үзмэрч, зайран лам нар Унгерний
наслах хугацааг 130 хоног гэж айлдсан ажгуу. Тэрээр амьдрах хугацаа бага, амжуулах
ажил их хэмээн Махгал бурхны өмнө саатан мөргөл үйлдээд төдөлгүй гарах замдаа л
молор чимэгт сэлэм, модон хуйтай маузер буугаа ташаандаа зүүгээд алах шудах уриаг
амиа хамхалгүй урсган мордоно. Үүний дараа харгис хэрцгий генерал, дарга нарынх
нь усанд нэвтэрч үзээгүй орос хромон гутал нь цусанд нэвтэрч ирдэг байлаа. Тэрээр
ингэж л өөрийгөө дайны бурхан хэмээн дуудахыг олонд уриалсан хэрэг.Барон Унгерн бол 1920 онд
хятадуудыг Монголоос гаргах анхны цэвэрлэгээг хэний ч тус дэмгүйгээр гардан хийсэн
их ачтан юм. Түүнээс хойшхи түүхэнд хэд хэдэн удаа хятадуудыг гаргасан
атал тэр дороо л буцаад л нэмэгдчихдэг юм. Амьдрахад өгөөжтэй өгөөмөр Монгол
нутаг хятадуудаас тийм ч амархан салахгүй юмдаг аа. Бароны Унгерны үед хүрээнд байсан
100 гаруй мянган хятад иргэдээс 8 мянга орчим нь үлдсэн гэдэг. Хоёр дахь
цэвэрлэгээ нь 1929 онд болсон. Гуравдахь нь 1943 онд японы болон гаминданы
тагнуулыг илрүүлэх Порт Артурын хэрэгт олон хятадуудыг хамруулан алсан,
дүрвэсэн. Дөрөв дэх нь Зөвлөлт Хятадын харилцаа эрс муудсан 1960 аад оны дунд үер
барилгын олон хятадуудыг гаргасан.Тав дахь нь 1983 оны МАХН-ын Төв Хорооны
тусгай нууц тогтоол юм. Өдгөө Монголд 150 орчим мянган хятадууд
байгаагийн 70 хувь нь хууль бус гэдэг.

Их аллага

Да хүрээг чөлөөсний дараа улаан арми хүрээнд орж
ирэх сургаар их цэргийн өмнө хүчин мөхөсдсөн Бароны морин цэргүүдийн зам мөн л
гамингийн араас дурайлаа. Монгол нутгаар тархан бөөн бөөнөөр зугатаж буй гамингууд улам ч хэрцгий
болов. Тэд замдаа тохиолдсон бүхнийгалж талж галдан шатааж байлаа. Бароны цэргүүд Сэлэнгийн
хараа Ерөө, Орхон  голын сав, баруун тийш
Амарбаясгалан, хийд ургаш Лүнгийн Улаан хаданд заримийг дуусгаж,Бароны түвд,
буриад отрядууд Өргөө дэх хүчээ зузаатгахаар Хиагтаас гарсан олон мянган гаминтай
Орхонтуулын хөндий, Жаргалант хавьд тулгаран дайрч ихэнхийг олзлон зармийг газарт
булан мөн төдгөөдийг ил хаясан билээ. Да Хүрээнээс ургаш Чойрын хийд түүнээс
цааш Замын-Үүд хүртэл гамингуудаас дөрвөн мянга гаруйг нь даруй устгаж тэр дунд
хэдэн зуухан цэрэгтэй оодон Цэвээн хэмээх Бароны монгол цэргийн дарга эрийн
отряд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Цагаанцэгээн хэмээх газар жинхэн цусан
аллага болсон гэдэг.
Оодон Цэвээн бол тэр үеийн Түшээтхан аймгийн Дархан чин вангийн хошуу |Төв аймгийн Эрдэнэ
сум|  ноёны төрөл садан Лувсанцэвээн
гэдэг хүн байв. Тэрээр 1924 онд Бодоо нарын хэмээх хилс хэрэгт холбогдон
цаазаар авахуулжээ.
Бароны болон монгол цэргүүдэд хоёр талаас хавчигдан
амь тавин зугатах тэдний замаар адуу малын сэг зэм, хаяж гээсэн эд зүйлс хаа
хаагүй зам таглаж зарим газраар явах байтугай харах ч аргагүй болсон байв. Энд
тэндгүй хөглөрсөн эд юмс, зэр зэвсэг дунд хурц сэлмийн ирэнд хүү татагдан
хурдан бууны суман сэглүүлсэн гамин цэргийн үхдэл хүүр хөглөрөн ой гутам үмхий  нялуун үнэр сад тавина.
Тэр дунд гунан их буу хөллөсөн морь нь амьд ч эзэн
нь жолоо цулбуурыг нь тас атгасан хэвээр амь тавьжээ. Түүнээс холгүй хятад
цэргүүдийн хүүрэн дунд бүдүүн гуяараа тасарч үлдсэн “манжуур эрээн” хэмээх
эсгий гуталтай хөл, өмднийхээ шалхнагийн хамт, эрүүгээрээ бүчилсэн цагаан
хурган малгай эзнийхээ толгойн хамт дүүрэн ачаатай даачаа тэргэн дээрх эх
биеэсээ салж хэдэн алхамын цаана газарт унасан харагдана. Эзнийхээ гартай хамт
тас цавчигдан хөсөр унасан гамин цэргийн сисан ли хэмээх хятад винтов хажууд
хэвтэх үхдэлийн өмнөөс онилох мэт ёрдойж үзэгдэнэ. Нөгөө талд шархадсан гамин
цэргийн дэргэд хүүрийн ноход арсалдан уралцаж нус нулимстай нь холилдон цээж
рүү урсах бүлээн цусыг дагуулан долоосоор хувцасыг урж тасдчин эцэст нь амьдаар
нь гэдсийг нь хүүлээд улаан нэлий болсон дотор эртнүүдийг газраар хөглөрүүлж
нялуун үнэрт нь мансуурсан хүүрийн олон ноход хажуугаар өнгөрөх аянчдаас
зайлахчаан болж дутуу үхсэн биеийг хажуу дахь жалга руу цусан зам татуулан
чирсээр одлоо. Үйлт эрийн цогцосоос уур савсаар байх нь үхэж буй биеэс нь салж
ядан хөөрөх сүнс мэт ажгуу. Их бууны суманд өртсөн гамин цэргийн дарга нэгэн
эрийн ташаанд гар буу, сэлэм нь зүүлтэй хэвээрээ, гал нүүрний зүүн тал нь
аймшигтайгаар түлэгдэн, ямарч өө сэвгүй үлдсэн хөнгөн чийчаан тэргэнийхээ
дугуйг түшин өрөөсөн гараа дээш өргөн, үс нь босч, амаа ангайсан хэвээр
босоогоороо хөшсөн байх нь түүнийг харахад цус царцам аймаар болгож нөгөө
талаас харахад араасаа цэргүүдээ дагуулан гардан тулалдаанд орохоор уухайлан
яваа цоо эрүүл цэргийн жанжны хөшөө мэт. Унах унаа, барих зэвсэг нь бүрэн атал
дайтах баатар нь өөрөө ийнхүү хөшөө болжээ. Түүний мөрөн дээрх гамин цэргийн
Чан чун жанжны алтан өнгөт шинэхэн мөрдөс амьгүй болсон эзнийхээ эрх тушаал,
сүр хүчний бэлэгдэл бус, үхдэл хүүрээр дүүрсэн энэ ёдрын газраас яаж гарахаа
ядан их нарны зүгт тусламж дуудах авралын дохио мэт гялалзсаар байлаа. Ойр
орчмын газар нутаг энэхүү аймшигт аллагын зэрлэг орчинд гэрч болон үлдэж, тэс
хөлдүү гол горхи хүний цусанд гэсч цас мөсөн дээгүүр цусан улаан толбо  халисаар улмаар судалтан урсаж байв. Энэхүү
аймшигт нүглийн газраас айл амьтан аль хэдийнээ дүрвэн оджихүй. Тэнд эзэн суун
үлдсэн хүүрийн ноход, шувууд гэдсээ дааж ядан хөшилдөж хэдхэн өдрийн өмнө хүн
малаар дүүрэн байсан хөдөө тал их аллагыг гэрчлэх үй олон үхдэл хүүр, сэг
зэмийн дор гунигтайяа дүнсийн үлдвээ. Хавар цагын үнэр орж хаа нэгтээ цас
цоохортсон хэсгээс ямарч хүнд хэцүү үеэс үл саатан гагцхүү байгалын жамаа дагах
ёсны бэлэгдэл сэрээгарав хэмээх цасан цэцгүүд хүртэл дэлбээгээ толгой гудайлган
хээрийн салхинд гунигтайхнаар ганхана.

Бургалтай нутаг

Унгерний цэргүүд Хиагтаар хил даван цувж Дух нарс,
Улаанбургас, Буурын голын эх, Хонд,Тужийн нарс хавиар зарим нь  орогнож зарим нь Бургалтайд ирээд тэнд орос эхнэртэй, эрлийз хоёр охинтой Эрхүү хуаз хэмээх өмнө нь гаминд тусалж
байсан хятад айлынхаар байрлажбайв. Анх гаминтай сүлбэлдэн нийлж байсан Эрхүү хуаз одоо
Бароныхны улыг долоож эхлэв. Резухин хэмээх харгис эрээр толгойлуулсан Бароны
цэргүүд гамин дээрэмдэж
шатаасан Дэрсэн гүн, Морин, Хуурай, Цагаан бичээчийн пүүсээр болон нутгийн
айлуудаас адуу мал, хоол хүнс, гурил будаа, үхэр тэрэг, гэр майхан зэргийг мөн
л дээрэмдэж байлаа.Ивэнгийн адаг, Хүрийн байшин, Морингийн
балгас хавиар алагдсан гамингийн яс цайрч үлдсэнийг үл тооцвоос Бургалтай
гамингаас бүрэн чөлөөлөгдөж орон нутагт хувьсгалт өөрчлөлт ороход
Баруунбүрэнхан уулын хошуу үүссэв. Гаминг хэдий устгасан ч нэг хэсэгтээ л Бургалтайн
айл бүрийн ханын толгойд бороохой зүүлттэй, эрчүүд арисаки хэмээх япон бууны
жадаар хийсэн хутгатай байснаас төдий л удалгүй бороохой алга болж тиймэрхүү
хутга хуучны хүмүүст мэр сэр үлдсэн байдаг билээ.
Барон Монголыг гамингаас чөлөөлөн Богд хааныг шашин төрийн
тэргүүнд эргүүлэн залаад сүр алдраа бадруулж байх тэр үед л:
Дуугараад ирсэн дуутай тэрэг нь
Дугуй нь мултраад сүйрч байна
Дураараа ирсэн гамин чандруу
Духаараа буудуулаад сөнөж байна.
Уралдаад ирсэн утаатай тэрэг нь
Ус нь хөлдөөд сүйрч байна.
Уухайлаад ирсэн гамин чандруу
Ууцаараа сүлбүүлээд сөнөж байна...
гэдэг дуу гарч нэг хэсэгтээ л Бургалтайгаар ам мэдэн хангинуулж тэр үед  Барон Унгерн амьд бурхныдүрээр тодорч олны дунд:
Арлын замаар алхуулаад байдаг
Ахархан сүүлтэй борлогч гүү
Албаар манийгаа захиран суусан
Атаман хэргэмтэй Барон нь
Шугуйн замаар шудруулаад байдаг

Шодон сүүлтэй борлогчгүү
Шуудаар манийгаа захиран суусан
Шуудхан зантай Барон нь
Хөтлийн замаар хатируулаад байдаг
Хөлдөө тахтай борлогч гүү
Хүчээр манийгаа захиран суусан
Хүчтэй жанжин Барон нь  
Тохойн замаар торолзоод ирдэг
Тоодон сүүлтэй борлогч  гүү
Тушаалаар манийгаа захиран суусан
Туйлгүй эрхтэй Барон нь хэмээн бүгдээр магтан, олноор нэр нь
цуутай боловч хэн ч үл таних энэ нууц эрийн тухай Барон гэж хэнч юм, атаман гэж
юу ч юм  тоймтой мэдсэн юмгүй бүгд л
дуулцгаах дор дагаад л хөдөөгийн талаар цуурайттал авцгааж байв шүү.Энэ үед монгол
оронд орших эсэхийн аюул нүүрлэн олон ноёдууд нь шоргоолжны үүр шиг шарчигнаж,
шор мод шиг шовхлогдож, зөв буруу алхам, шорон, шагнал, там, диваажин цөм
зэрэгцэн орших болов. Шавайны ам мэт боогдож, шар махтайгаа хатаж шаналж зовсон
монголчууд гал улаан, цав цагаан өнгө сүлбэлдсэн энэ үед өнгө мөнөөс ч илүү аль
дийлснийх нь араар орж зөвхөн амиа хаацайлахаар тэвдэж байсан хатуу ширүүн цаг
байлаа.

Сундуй гүн

Бароны олон нууцын дотор нэгэн амин чухал зүйл нь түүний газар газраас хурамтлуулсан
алт эрдэнэс нь гэгдэж байлаа. Адмирал Колчакийн Владивостокаар дамжуулан
явуулсан улсын банкны алтнаас салгаж авсан. Хятадын хар тэрэгтэй алтыг олж
авчирсан гэх мэт энэ тухай олон янзын таамаглал байдаг боловч одоогоор аль таамаглал
нь бодит байдалд нийцэх нь тодорхойгүй, ерөөс түүнд тийм их хэмжжээний алт
байсан эсэх нь ч нотлогдоогүй үлджээ. Гэвч энэ тухай үе үеийн хүмүүсийн домог
мэт яриа ам дамжин яригдсаар л байдаг ажгуу.
Аллага таллага, дээрэм тонуул гэдгийг
бүхий л төрөл, жороор нь үзэж ханасан, хүн алахыг сахлаа хусахаас түвэггүйхэн
амжуулчихдаг харгис хэрцгий дарга нарт сэлэм сугалах, гох дарах төдийхнөөр
эзнийг нь цааш нь харуулчихаад он жилээр дайн дажинд амь хайргүй явж олсон энэ
их бэл, эрдэнэст эзэн суучих гэсэн улаан цайм бодол санаатай хүмүүс хаа сайгүй бүр
хажууд нь байгааг Барон сайн мэдэж байлаа. Эдгээр хүмүүст тэрээр хэзээ ч үл
итгэх агаад тэднээс ямагт холхон байхыг эрмэлздэг байв. Ингэсээр нэгэн монгол
эрийг олсон нь Түшээтханы бишрэлт гүн Сундуй гээч байв. Урд өмнө язгуур угсаа
даган хошуу ноён байсан энэ монгол эр эрэлхэг зоригтой авхаалжтай нэгэн байсан
тул түүнийг ямагт дэргэдээ байлгасан нь цаанаа бас учиртай. Барон Унгерн Монголд
ирэхдээ гарал үүсэл нь тодорхойгүй их хэмжээний алт эрдэнэс авч ирсэн гэх агаад
түүнийг шуналт нүднээс хамгаалж нууцлах тунчиг амаргүй зүйл байв. Тэр алтыг анх
монголд оруулахад олз омог хайж, хаа сайгүй тэнэж танил талтай болсон Сундуй
гүн гээч сэргэлэн эр Баронд тусалснаар түүний итгэлийг хүлээсэн ч байж болох
талтай юм. Сундуй гүн тэр үед дөнгөж гуч гарам насны, аливаад авхаалжтай эр
байв. Тэрээр юм юмны захтай, хот хүрээнд танил ихтэй, сэлэм эдэлж, буу
шагайхдаа гарамгай, ан гөрөө, адуу малд нүдтэй, дуу сайхан дуулдаг, уран гартай
ер нь эр хүний гайхуулж явах юм бүхний шижүүртэй, бага ч бэл мөнгөтэй, янлуу
хэмээх ургамалын сэнгэнэсэн үнэртэй янжуур татаж, элдэв сонин чамин юм эдэлж,
таван саваагүйг хэрэглэдэг, хүрээ хүүхнүүдийн ажигч нүдийг хэзээд хужирлах
нүнжигтэй нэгэн аж. Тэрээр ямагт амьдрах ая эвээ амархан олдог, цагийн аяс
хаашаа л эргэвэл тийшээ хөлбөрөх, алалцвал ч алалцчихдаг, талалцвал ч талалцчихдаг,
там диваажин аль ч хорвоод амьдрах чадвартай нэгэн байв. Түүний өмссөн хувцас,
унасан морь, тохсон эмээл хот хүрээ газрын чамин дэгжин бөгөөд нэг ташаандаа
модон хуйтай маузер буу, нөгөөдөө бариул, хуйг нь өлзий угалзаар чимж эрдэнийн
чулуун шигтгээ хатгасан араб  маягийн
сэлэм, голоор нь мөнгөн хээ хатгасан орос винтов үүрч давхар сарьстай монгол
гутлын түрийд монголчуудын дунд сэлээдий буу хэмээгдсэн жижиг бараунинг
нууцалсан байх ажгуу. Гарын үзүүрт бага сага зүйлийг хийх тухайд мухар сөөм
хиртэй нэгэн жижиг чамин хутга хэрэглэх ба тэр хутга нууц товчлуур дарах дор
цаанаас мухар хуй дотроос хурц мэс чад хийн гарч, дахин дарахад буцаж далд орох
авай. Тэрээр өөрийн бий болгосон жижиг морин отрядын хамт Бароныг хамгаалж
хажууд нь өдөр шөнөгүй сүүдэр мэт дагаж явсан цорын ганц монгол хүн юм. Түүний
отрядад гар буу, бирдаан, орос морин цэргийн сэлмээр зэвсэглэсэн энд тэндхийн
эрээвэр хураавар тавиад морьтон байх агаад тэд ямагт Бароны дэргэдэх торгон
цэргийн үүрэг гүйцэтгэж байв. Эдгээр морьтон дайчин эрс монголын тал нутгийн
онцлогыг сайн мэдэх төдийгүй хаана ч явсан хүмүүстэй хэл нэвтэрч хэрэг болоход
дайн байлдаанд эрэлхэг, айж шантрахыг мэддэггүй мятаршгүй зоригтнууд байсан нь
Баронд  иймхүү таалагдсан нь лавтай.
Сундуй гүн нэг удаа, монгол цэргүүдийн
дунд эр чадлаараа гайхуулан дээрлэхэдэг догшин орос цэргийг өрөөсөн гараар
мөрнөөс нь барин зайлж дугтраад гуд татан унагаж байхыг харсан Барон ихэд
магтан энэ гүнтэн арван оготор винтовтой орос цэргийн дайтай эрдээ гэж байсан
гэдэг. Багаас барилдаж өссөн монгол эрсд бөхийн энэ түгээмэл мэх цусанд нь шингэсэн
байдаг даа.
Энэ үед Монгол нутагт дайн дажны аюул нүүрлэн
амьдрал үхлийн  дэнсэнд амь дүйсэн цаг байлаа.
Ийм эгзэгтэй, хэцүү ширүүн үед хэн нь хэндээ үнэнч явахыг жанжин гээд Барон ч,
гүн гээд Сундуй  ч яахан мэдээ аждээ.

Барон жанжны сүйрэл

Бароны цэрэг хойд хил рүү хөдлөх үеэр Сүхбаатарын
цэргүүд Алтанбулагыг гамингаас чөлөөлж хүрээнд ямарч сааталгүй нэвтэрсэн байна.
Түүгээрч үл  барам Зөвлөлт Оросын улаан армийн багавтар хүч иржээ. Сүхбаатарын удирдсан монгол цэргүүдийн араас оросын
иргэний дайнаас үлдсэн морин цэргийн тавдугаар дивиз, бууддлагын 103 дугаар
бригад болон бусад хүч орж ирлээ. Барон Унгерны цэрэг хойд хилд тулж улаан
цэргийн хүчинд автан тэр хавиар ухарсан боловч нэгэнт хүрээнд буцах боломжгүй
болчихжээ. Ингэж түүний хүрээ орох зам хаагдсан байна.
Удалгүй улаанынхан хойноос түрж хувьсгалт монгол цэрэг өмнөөс шахаж байдал бишдэхэд тэрээр
хойш галуут нуур хавиар хил давсан боловч дахин шахагдаж буцаж ирлээ. Тэдний
дунд хааш явах тухай маргаан гарч Унгерний хамт явсан түүний цэргүүд түүнийг
барьж хүлж орхиод салж оджээ. Энэ жавшаанаар Сундуй гүн Улсыг мандуулагч их баатраа улаан оросуудад өгч өөрөө амь
мултарах арга хайсан ч түүнийг улаантнууд хамт баривчлан нутгийн гүнд тэр үеийн
Новониколаевск, одоогийн Новосибирскт хүргэн Олноо өргөгдсөний арваннэгдүгээр
он буюу 1921 оны намар Барон
Унгернийг олны өмнө цаазалсан бөлгөө. Тэрээр цаазлагдахын өмнө цагаан
хаанаас шагнасан “Георгийн загалмай” одонгоо дайсанд үлдээхгүй хэмээн
энгэрээсээ мултлан залгиж байсан тухай оросын түүхчдийн дурдатгалд бий. Хэдхэн
хоногийн өмнө цав цагаан байсан монгол ноёдууд одоо час улаан болж өнгө
холбиров.
Гамингийн хар аюулаас Монголчуудыг чөлөөлөхөөр амь хайргүй амь хайргүй зүтгэсэн  Лувсанцэвээн, Баяр гүн зэрэг ноёдууд одоо
дайсан болж, олон ардыг нөхөр л биш бол дайсан хэмээн үзэж аль талд нь байх вэ
гэдэг асуултын хариу эсрэг талд цаазаар авах ял болон хувирав. Ийм суртал, үзэл
өнгийн ялгаа, шинэ анги давхрага үүсэх эхлэлийг тавьж Монгол улс үзэл суртлын
орон болох зам ийнхүү нээгдлээ.
Барон Унгерн хороогдсон тухай Богд хаан сонсоод ихэд гашуудан Монголын бүх сүм хийдүүдэд түүний хойноос буяны хурал ном хурах тухай айлдвар гаргасан ч хурсан, хураагүй хооронд тэгсхийгээд өнгөрөв. Дараа
жил нь Сундуй гүнийг Бароны нуусан алтыг мэднэ гэх далд бодлоор Монголын тал
очиж орсуудаас чөлөөлж авсан боловч удалгүй Бароны алтны ч, Сундуй гүний ч
сураг тасарчээ. Ингэж барон Унгерн хятадуудаас монголчуудыг аварсан ачтан
боловч түүний хувь тавилан мэргэн ламын хэлснээр 130 хоногийн дараа тэс өөрөөр
эргэсэн билээ.


Лувсанхайдав тайж

Монголд хэдийбээр хувьсгал ялсан ч засаг төрийг байгуулж улс орноо тохинуулах нь яагаач
үгүй, элдэв хомрого, урвалт шарвалт, будлиан дуйлиан ихтэй үе байв.1921 оны долдугаар сард анхны
засгийн газрыг байгуулж Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар Бодоо, Сангийн
сайд Данзан, Дотоод яамны сайд Дуйнхорын да лам Пунцагдорж, Цэргийн яамны
сайдаарДамдины Сүхбаатар, Шүүх яамны сайдаар Магсар хурц, Засгийн газрын түшмэл Батхан,
Засгийн газрын зөвлөхөөр Коментернийн төлөөлөгч Ренчино нарын долоон хүн ороодудаагүй байтал 1921 оны арванхоёрдугаар сарднийслэл хүрээнд Зуугийн хувилгаан, саж ламЖамъяндоржийн хэмээх зохиомол хэрэгт 48 хүнийг,
1922 оны зунЧагдаржав Бодоо нар өөрийн намын нөхдөд
буудуулж, Да лам Пунцагдорж хорлогдов. 1924онд
Төрийн тэргүүн Богд хаан учир битүүлгээр гэнэт нас барж наймдугаарсардЕрөнхий сайдын
орлогч Солийн Данзанг хороон Сүхбаатар үл ойлгогдох өвчнөөр нас барж анхны
долоогоос Ренчино ганцаар үлдэв. Их хүрээ, хойд хилд Алтанбулаг зэрэг газруудад элдэв
оргодол бөөгнөрч түүнийг дарснаар Ардын засаг тогтносон ч өргөн уудам нутагтай зам
харгуйхөгжөөгүй монгол оронд хувьсгалын өөрчлөлтүүд хориод оныг дуустал үргэлжлэсээр байв.
Үржинжавын Лувсанхайдав тайж Ахай гүний хошууг дөчөөд жил захирч түүний улсын санд
оруулсан мөнгө тогтоосон хэмжээг давсан тул Богд хаанаас “Улсад туслагч, үе
улиран залгамжлахтүшээ гүн” цол хүртээж орос зүгийн хилийн харуулын албыг давхар хариуцуулж байсан ч
нэгэнт засаг төр өөрчлөгдөн Ардын засгийн эхэнд нутаг хошууг ван гүнийхээр бус
газар усных нь нэрээр, засгийн эрхийг язгуур угсаагаар бус жинхэн харц ард
барих болсныг ухуулан зарласааршинэ юм шижир, хуучин юм чөдөр болж, Монгол Улсын 14
буюу 1924 онд  Баруунбүрэнхан уулын хошуу
бий болж хуучнаас үлдсэн
Ахай гүн Лувсанхайдав шинэ засгийнхаа ивээлд шингэх зайгүй болжээ. Лувсанхайдав гүн хэргэмтэй тайж язгууртайчуйлж өрөвдөх, инээж баясахсэтгэл, усан нүдтэй,
цусан зүрхтэй, албат олныхооамьдралд дунд тохиох зовлон
зүдгүүрийг хөнгөвчлөхийг ямагт хичээн, сайн сайхны дэнсийг зөвхөн өөртөөхэлтийлгэхийг зорьж явсангүй.
Гэсэнч хувь заяа нь тун ч өөрөөр эргэж олон жилийн хичээнгүй зүтгэлээр хуримтлуусан няхуур нямбай
ажил, санаа бодол, ёсттөрийг нь ор үндсээр нь ховхлонөөрчлөв.Түүнийг энэ
орчлонгийн элгэнд төрөхөд үе залгамжлах хувь заяа нь хөтөлсөөр эрхэм дээд цол
хэргэмд хүргэн хөдөө нутагт тулгуурт ёсны төрийг төвхнүүлэх үйлст бүх насаар нь
зүтгүүлээд эцэст нь мөн л хувь заяа нь хөтөлсөөр Богд хаанаас хүртсэн зэрэг хэргэмийнх нь хамт зүгээр
л хог дээр гаргаж хаяад зогссонгүй бүр дээр нь дэвсэлж нулимж эхлэв. Цаг цагын эрхээ гэж төсөөлшгүй, цаглашгүй
гацаал зовлон гэж тасаршгүй. Ийм юм болно гэж зүүдлээ ч үгүй явсан Лувсанхайдав
ихэд тулгамдаж амьдралд нь алга хөрвөхийн зуурт гарсан эрс эргэлтэд үймэрч
сэтгэл алдрав. Түүнд энэ бүхний учрыг тайлж өх хүн хэн ч байсангүй, хайвчолдсонгүй, дээш харваас өмнөөс мэлийх хөх
тэнгэрийн мандалд чимээгүй бүлцийх шар наран урдаас нь нэгийг хэлээд
байх шиг мишээн шаргалтаж,
наад талд нь Хутаг-Өндөр хэмээх дээр үеэс тэднийхний шүтэж ирсэн сүрлэг хөх
уулын оройд харц нь торсноор тэр зүгт дагаж явсаар орой дээр нь гарав. Сарьдгийн орой дээрх хад
асганы дунд гэрийн буйрын төдийхөн нүцгэн хэсэгдээрх тахил овоонд босгосон залам
модыг түшүүлэн тавьсан нарсан яндартязгуур гурван бурхан хэмээх Жанрайсиг, Манзушар, Очирвааны өмнөххавтгай хадан дээр цөгц, завъяа, пял сэлтийг тавьж заримийг чулуугаар даранэнд тэнд хадаг самбаа, элдэв цацаг хиуар
салхиний хүчинд автан хэзээ хэзээгүй тасарч хаашаа хальж очих эх тавилангаа хүлээх мэт сэрвэлзэн өөрийн эрхгүй савчина.Ойролцоод сул хөглөрөх банзан чулууг эгнүүлэн ганц
хүн овоог тойроход багатах төдий жимзасч энд тэнд таг царам газар ургах дуртай хагд хэмээх амь
бөхтөй тачир ургамал энэ уулыг бүрэн эзэн үргэлжид янгинах нөгөө л их хүчит салхийг сөрөн үлджээ. Лувсанхайдав
овоог тойрох агшинд хутаг уулын харсалхи тал талаас бөөрлөж түүний есөн сүв бүхнийг хөөрөгдөн
хоёр хөлийг газар дэлхийн хөрснөөс ховх татахаар улангасан дээш лус тэнгэр лугаа хуйларахтэр зүгт тайж сүсэглэн харж намайг
тэндээс дуудав уу гэх бодолд өөрийн эрхгүй автан
гэсгээлгүй ширүүсэх хуй салхит их оршихуйн өмнө өвдөг нь сөхрөв.Одоо яах вэ. Уулын өнгө улирлаасаа,
могойн өнгө газраасаа, гэж миний явах ээлж дөхөж байгаа бололтой, би дөчин жил Ахай
гүний хошууг уландаа хүргээгүй, урдаа бариагүй сэтгэлдээ зүрхэндээ тээж явсан
бусуу.Албат олнооадүзээгүй, ардаа орхиогүй,ачийг хариулж чадаагүй ч уран үгээр улсыг мэхлээгүй,
дал хуваахад нь далд орж, дайнд морьдоход ил гарч явлаа.” хэмээн дотогшоо ярьж суусаар
үдшийн бүрий болоход огторгуйн мандалд тэргэл саран мэлтийн байгаль эх түүний
зовлонг сонсоод хэсэг зөөлрөх мэт нам гүм болов. Гүнтэн тэртээ дор сарны туяанд хайлсан тугалга мэт мэлтийх Урт,
Шувуут хэмээх салбар голынхоохөвөөгөөр тоглож, давхиж явсан бага балчир нас,
залуу зандан  үеэ санаад сэтгэл хөдлөн тэрхүү
насны тэртээх ногоон нугынхаа дээгүүр өөрийн бодлоо хараацай мэт нисгэж эргэх
хэдхэн хоромд ерөөлийн мэлмийгээр ард үлдсэн бүхнээ эргэн саналаа. Нүдэнд нь бурхан болсон ээж аав, амьд үлдсэн эхнэр хүүхэд удам угсааны ах дүүсийнх
нь дүр зураг жирэлзсээр
өнгөрсөн ба одоо үеийн амьдрал нэгэн мөчид толгойд нь хураагдав. Тэрээр хараагаа
тэндээс салган дээш
харахад саяхан саран мишээж байсан огторгуйн өнгө гэнэт барсайн хувирч дахин хүчтэй
салхи исгэрэн хан хурмастаас буулгасан хэсэг хар үүл орой дээрээс олгойдож энэ сүрлэг хутаг өндрөөс аймшигт альбин
хар лус,түүний ёр бусид шидтэйдалдын хүч дээрээс чангааж дороос
түлхсээр бүх юм хоромхон зуурт өөрчлөгдөн түүний бодол хов хоосорч
хичээвч юу ч толгойд орж ирсэнгүй. Тэгсээр доош газартаа ойртож бууя гээд өндийх гэтэл
хөл нь даагдаж өгсөнгүйд Лувсанхайдав дахиж хүчилсэн ч үгүй байрнаасаа ч
хөдөлсөнгүй, цэгээн бүхэн хар болж түр зуурын тэр мөч мөнхийн мэт санагдан овоо
өөд харж хойт насны аюул, найман муу үйлээс гэтэлгэх Цагаан Дарь-Эх судрын
тарниас “Атаа таван тэнгэр минь өршөө, ариун цагаан буян минь  өршөө” хэмээн алга хавсран мөргөж орой дээр
хуйлрах аймшиг лугаа бөхөлзөн залбирсаар үлдлээ.

Бошгийн халаа


Шинэ засгийн эхний жилүүдэд ван гүний эрх хэмжээг хязгаарлан, хамжлага ардыг сум эрсийн
тоонд оруулан хошуу тамгийг ван гүнийхээр бус газар усных нь нэрээр тогтоов.
Орон нутгийн засгийг арван гэр, баг, сум, аймаг, хошуу гэх болж ардын хурлаас
нууцаар сонгохоор эцэслэн, өөр нутгаас ирсэн отгийг буцаах шийд гарч Зоригт
вангийнхан аргагүй хуучин нутагтаа нүүх болжээ. Нэгэнт Бургалтайд ирсэн тэд
буцах хүсэлгүй ч засгийн шийдээр зарим хэсэг нь нүүж эхлэхэд зарим нь
хүлээзнэж, дассан нутагтаа үлдэхийг эрмэлзэж байлаа. Тэр үед хүн бүхэнд хоч
өгч, юм болгоныг шоглон дуудах дуртай  Бургалтайнхан дуу гарган...
Зорьж ирсэн тариачингууд нь
Зоригт вангийн хошууных даа
Засгийн шийд  аргагүй байна.
Зовж зүдрэхийн цондон доо.
Уургаар барьдаг улаан нь
Усаа санаад аргагүй байна.
Урагшаа явсан тариачингууд нь
Уйлаад ирэхийн цондон доо... гэж  дуулж, Тариачин багийнхан хариуд нь:
Ахай гүнийн хошуунийхныг
Арлын будаа нь хатгаж байна.
Арвантаван цахар нь
Арвайн гурилдаа сагаж байна... эсвэл
Улаан шороотоор нутагтайсан
Уранхай хөдсөн дээлтэйсэн
Унааны ганц морьтойсон
Уралдаж мөрийцөх дуртайсан
Шувуут Уртаар нутагтайсан
Шарвин гамбир хоолтойсон
Шуудуу усаа булаалдсан
Шушмаа наймаа олонтойсон
Ивэн Бургалтай нутагтайсан
Иргэн наймаа элбэгтэйсэн
Ямаа голдуу хоньтойсон
Явган голдуу хариулдаг сан ...гэж байв шүү.
Бошиг Дэмбэрэл, гамин Даньдзав, Цэмбэлийн
Очир, хүүхий Дорж, Ишдонгоо, Бургалтайн Даш, мужаан Дорлиг, Цэмбэл хаван,
Шагдаржав, Дагва бичээч, Иш, Дорж нар урагшаа хөөгдөж байлаа. Тэдгээрийн дунд
бидний танил Сайхан-Ерөөлт тайжийн удмынхан байсан билээ. Зоригт вангийнхны
ихэнх нь дасч идээшсэн Бургалтай нутагтаа амьдрана хэмээн хошуу тамгад хэрэг
мэдүүлсээр үлдсэнээс хойш нилээдгүй зовлон амсан хатуу ширүүн он жилүүдийг
давсаар нэгэн зуун өнгөрч Бургалтай тэдний үр хүүхдийн хувьд төрж өссөн нутаг
нь болсон юм.
Дайн дажны дараа албат ардын сэтгэл санаа тавигдантүүний хамт зовж зүдэрсэн хөдөө нутаг өнгө засч зуны
улирал жигдрэв. Наадамд дуртай монголчууд ямарч хүнд үед наадаж л байсан. Бургалтайд Ардын засгийн анхны
наадам эхлэв. Эл хулидуу байсан Улаанхошууны дэнж хүн олноор бялхан
наадмын талбайд асар майхан гэнэт өнгө алаглан ярайж төв хэсэгт байрлах ланз
үсгэн хээ бүхий дөрвөн талт цацар асрын өмнүүр хэц татаж өнгө өнгийн хиур,
дардас сэлтээр чимэглэн адраас олон янзын унжлага зүүж, титэмд  хөх соёмбот туг мандуулжээ. Асрын гол хэсэгт
хошуу тамгын хар модон ширээнүүдийг улаан цэмбээр бүтээгээд дээр нь идээ боов,
айраг, тэргүүнээ дээдсийн суудлыг засч ард нь соёмбо үсгийг тойруулан алхан хээ
угалз гаргаж зээглэн чимсэн торгон хөрх унжуулжихуй. Хоёр жигүүрт түшмэд, лам
хуврагуудын суух модон тавцан дээр цагаан эсгий дэвсч, улаан шар шавдан олбог
давхарлажээ. Шинэхэн хошуу захирагч Луузан тайж хүрэн магнаг дээл, отго жинстэй
улаан залаат малгайг тэргүүнээ асааж, үйтэн торгон дээл, орхилго, сувсан цацаг,
жинжүү чимгээр гоёсон эхнэр хийгээд бараалагчдийн хамт ирж алба, ажилд
дарагдсан алжаалаа тайлах чин хүсэлтэйгээр тухлан, эрх мэдлийн зор ямбыг
ширээнд өрөөстөй идээний хамт таалах зуур хоёр жигүүрт зэрэг дэвээр дараалан
суусан улаан залаа, шар шанамын тоогоор мэхийн ёсолж сүйжин хаш хөөрөг
зөрүүлэнэ. Аягач бүсгүйчүүл их туушаанд айраг сөгнөн барьж зарлага нар нааш
цааш гүйлдэн аливаа айлдварыг учиг гээлгүй залгуулахыг хичээх дор
захирагчийнхаа хөдөлгөөн бүрийг ажиглан харцыг нь хөсөр унагахгүйг хичээнгүйлэн
манах аж.
Наадамчин олон, дээдэсдээ хүндэтгэл үзүүлэн, эдэлж хэрэглэсэн, өмсч
зүүсэнд нүд хужирлав. Наадмын талбайг морьтой хүмүүс тойрон бүчиж өмнүүр явган
чавган нь эгнэн, чанагш үүргийн наймаа, хоол цайны асар майхнууд гудамлан эд
бараа, хоол ундаа өвөрмөгц монгол аялгаар ам мэгдэн магтах хятад худалдаачдын
дуу хадаж наадамчид эд барааг сонирхон үнэ хаялцана. Залуу тайж Бадрах гэргийн
хамт ганзгын худалдаачны барааг сонирхон явсаар нэгэн хятад наймаачны өмнөө
дэлгэсэн өнгө өнгийн торго дурдан, шил шаазан, усан болор, гартаам
чүнчигнэгноров, пийсүү, хаш зэрэг их бага гарын хөөрөг, гаансны соруулийг
сонирхон дунд гарын сүйжин хаш хөөргийн үнийг асуухад туглаа дагуулсан таван
залуу үнээгээр өгнө гэх аж. Тэд сая наадмын асрын баруун жигүүрт тухлах хошуу
захирагч болон дагалдан яваа хүмүүстэй хөөрөг зөрүүлэн хуучлаж шинэ засгийн
анхны наадмыг ингэж үзсэнээс хойш он жил өнгөрчээ.

Хувьсгал ба ангийн дайсан

Монголд хувьсгал ялснаар улс нийгмийн амьдралд урд
өмнө үзээгүй огцом өөрчлөлт гарч түүнийг даган шинэ хуучны зөрчил бүр анхнаасаа
бий болов. Хүний хувь заяа хаашаа эргэх агаад шинэ нийгэм чухам юунд хүргэхийг
тэнгэр бурхан, лам хуврагаас ч илүү сайн мэдэх шинэ үзэл сурталт номлогчдийн
давхрага бүрэлдэн хүний оюун ухааны хуучинсаг бүхнийг өөрчлөх цаг хугацаа
шаардсангүй, ердөө л эзэнтэй нь хамт үндсээр нь устгаад цоо шинэ нийгэм
байгуулахаар улайран зүтгэв. Бадрах Дулам нар нутгийн олны дунд амьдарах жирийн
нэгэн атал энэхүү үйл явдал тэдний хувь заяаг хүний санаанд багтамгүй
эмгэнэлтэйгээр эргүүлсэн юм. Гэрэлт наран байтал сүүдэр буух гачилантай, гэм
зэмгүй явтал ял тулгах аюултай тийм хэцүү цаг тулсныг хэн яахан мэдэх  билээ. Хураасан буян, оноогдсон үйлийн үрийг
барсаар нэг мэдэхэд хорвоо ямар  цус
царцам аймшигт, ямар зүрх зогсом хувь тавилан оноогоод давж гарахыг шаардах
нэхэл нь яаж барагдахыг таах аргагүй. Бадрахын ууган хүү Сономдагва багаас
бичиг номд суралцаж сум, арваны бичээчээр ажилласаар “Дагва бичээч” хэмээн олны
дунд нэршжээ. Бадрах олныг зохион байгуулж, ардын төрийг байгуулахад хүчин
зүтгэхэд өөрийн биеийг зориулах чин хүсэлтэй ч  тэр үед засаг төр бүхний түрүүнд дотроосоо дайснаа олж устгах эрмэлзлэлтэй
байв. Бүхнийг ардын засгийн нөхөр, эсвэл дайсан хэмээн зааглах тул тайж
язгууртай Бадрахынхныг сүүлчийн хэсэгт түлхэв. Тэрээр баргийн юманд санаагаар унадаггүй
ч, эл байдлын өмнө ихэд шаналав. Гэсэнч орон нутгаасаа буруулж, тайж язгуураа
нуусангүй харин өөрийн биеэр шинэ тутам үүсч буй ардын засагт ачтай тустай үйл
бүтээхийг эрмэлзэн хойчийн өдөр буян болохыг хичээх аж. Тэр үед Ивэнд
Амарбаясгалан, Дашдандарлан, Бургалтайн голд  Шивээт, Улаанхошуу, Шувуут, Дарь-Эхийн жас гээд олон газар сүм хийдэд
лам нар шавилан суусны адилаар Бадрах тайжийн бага хүү Гомборэн хийдэд сууж
байтал лам нарыг баривчилж эхлэв.
Бадрах хүүгээ хар болгож  цаг үе, амьдралын
шаардлагаар улаа нэхэж,  мал маллан  одоо л нэг тайван амьдарья гэтэл эндүүрчээ.
1937 оны наадамд Бадрах тайж, Дулам хоёр хуучин заншлаар ирж наадмын дэнжээр
явсаар төв асрын дэргэд очитол тэнд шинэ засгийн дарга нар тэдний зүг харах ч
үгүй гэнэм. Тэр хоёр талбайг тойрсон хүмүүсийн ард зүлгэн дээр сууцгаан бөх
үзээд хурдны морь ирж буй тул харахаар Гурвантолгойн шил өөд давхилдав. Тэд жил
бүрийн наадмыг цацар асрын дороос үздэг ч дахин тийш зүглэсэнгүй. Ингэж наадам
өнгөрөөд  удаагүй байтал элдэв сонирхол,
тэмцлийн явцад хувьсгалын эсэргүү, ардын дайсан, японы тагнуул хэмээх урд өмнө
нь дуулж сонсоогүй башир үг орон нутгаар хуй салхи мэт тархаж айл болгоны
босгыг өшгөлж хүн бүрийн нүдийг чичлэн дайсныг олж устгах үйл явц нь бүхнээс
илүүтэй хэрэгжиж эхлэв. Энэ явдал Бургалтай нутгаас олон сайхан залуусыг үүрд
авч одлоо. Гучаад оны сүүлчээр Бургалтайд сүм хийд лам нарыг устгах ажил
эрчимтэй өрнөж цаг үеийн байдал дахин хурцдаж эхлэв. Амарбаясгалан болон бусад
жижиг сүм хийдэд гал түймэр байнга гарч сүүлдээ бүр илээр галдан шатааж лам
нар, энгийн иргэдийг ардын дайсан, хувьсгалын эсэргүү, японы тагнуул хэмээн
баривчлан хороож байдал улам ширүүсэв. Бадрах тайж тэр үед нас өндөр энэ
хорвоогоос далан дөрвөн хаврыг элээж заримдаа  өөрөө хошигнож тэртээ тэргүй эрлэгийн элч одоохон авах хүнд цаг зарж сум
үрдэг засаг гэж байхгүй биз гэсэн ч хажууд болж буй аймшигт үйл явдлыг нүдээр
үзэж, аюул намжин сайн цаг ирэхийг дотроо хүлээн ердийн үхлээр явахыг
мөрөөдөвч  өвгөнтайжийг ч
үлдээсэнгүй. Лам нар,
сүм хийд хэмээх үг хорсол заналтайгаар урсаж түүний араас алах, шатаах,
орвонгоор нь устгах гэх үг байнга дагалдах болов.

Наран доорхи сүүдэр

Энэ өглөө Бадрахын гэрт гэнэт л олон хүн газар
дороос ургах мэт орж  ирэнгүүт ганц үгийн
солиогүй түүнд тайж угсаат нудрган хэмээн ял тулган Алтанбулагт аваачиж тэр
орой нь цаазлав. Яргалалүүгээр
дууссангүй жил хүрэхгүй хугацаанд түүний хоёр хүү Сономдагва, Гомборэн нарыг
баривчлан авч явлаа. Тайж эцэгтэй тэднийг ардын дайсан хэмээн яллаж өвлийн ид хүйтнээр шоронд хөл
нүцгэн хорьж тамлан нэгнийх нь нүдийг бүлт цохиж нөгөөг нь гарын хурууг няцалж
хэргийг нь хүлээлгэв. 1939 оны шороон туулай жилийн өвлийн адаг сарын дундаа
орж идэр гурван ес ид янгинах хүйтэн шөнө шоронд хорисон хоёрыг дуудан босгоод
битүү машинд ачиж явсаар нэг газар буулгаж бөөн шороон дундуур гарсан жимээр
туусаар гүнзгий жалгынирмэг дээр нь сөхрүүлэхэдчухам юун тухайг хэдийн таамагласан ч амь хэлтрэх
эцсийн найдвар тасраагүй явсан учиг сая тайлагдав. Сономдагва хажууд нь сайр чулуун
дээр нүцгэн өвдөг дээрээ сөхрөн суугаа дүүгээ хартал тэр нь нүцгэн хүзүүгээ ах руугаа
эргүүлэх энэ зуурт буун дуу тас хийхэд дүү нь нэгэнтээ дээш өндөс хийн Бүргэд уулын оройг харах
мэт хэсэг байснаа ургаш духаараа газар шаан хөсөр унав. Дараачийн сум түүнд тусав. Сономдагва
буун дууг сонссонгүй сум хаана туссаныг ч мэдсэнгүй. Хүний биед үхлийн сум тусах нүд ирмэх
зуурх тэр агшинд чухам юу болдгийг хэн ч мэдэхгүй. Тэрээр энэ агшинд зөв зүгээр
амьсгалж биед нь ямарч зовуургүй мэт байвч харин бүхий л биеэс нь бөөн цус
садарч байгааг харж чадахгүй ч дотроо мэдэрсээр одоо тун удахгүй түүний амь энэ
цустай хамт цоорхой хувингаас ус гоожих мэт урсч гарна гэдгийг мэдэрч
байлаа.  Даарч хөшсөн бие нь гал түймэрт  авалцах мэт дүрэлзсэнээ гэнэт хэлэнд нь зэв ч
юм уу, хүхэр ч юм уу үл мэдэгдэх амт, бүхий л биеэр нь асар халуунаар нэвт
үлээн тархи толгой, дотор гэдсийг хуу татах мэт боллоо. Гавлын яс нь
заадсаараа задрах лугаа адил болж тэр завсраар бүх л амь амьдрал нь цувж байх
шиг. Бие мах бодь, зүрх
сэтгэлээр дамжих бүх гунихрал эмгэнэлийн хамт гадагшлаж нүдэнд үзэгдэх гэрэл,
тэнгэрийн ододыг дагуулан хөвөрч байснаа тэрхэн зуурт хөрсөөр буй тэр л агшинд
би үхэж байна гэж бодосхийх төдийд л шөнийн харанхуйгаас ч тас харанхуй болж хүний
амь мөн ижил хоёр хөлт хохьмой толгойт нэгэнийхээ эрхэнд бөхлөө.
Үүрийн гэгээ орж гүн нүхний зөвхөн ирмэг нь тодорч буу барьсан тогтоол гүйцэтгэгч хоёр
эр ирмэг дээрх цогцосуудыг хөлөөрөө түлхэн доош унагав.  Нүхэн доторхи түнэл харанхуй дотроос уур савсан
дээш хүжийн утаа мэт суунаглах агаад цэл залуу хоёр эрийн сүнс эх
биеэсээ зайлан одох мэт. Тогтоол гүйцэтгэгч хоёр хоорондоо шивнэлдэж байснаа тамхиагарган асааж шуналтайгаа хэд сороод утааг нь хамраараа савсуулсаар эргэж машиндаа суун мэндэн сандан одлоо. Дөч гаруйхан настай төрсөн ах дүү хоёрын амь
исгэрч одсон салхи мэт эргэж ирэхгүйгээр нарт ертөнцөөс хальж цогцос нь нүхний
ёроолд үлдэв. Энэ хорвоод тогтмол үнэтэй юм гэж нэгээхэн ч үгүй хүний амь ч мөн
адил, тэр үед ийм л үнэтэй байж. Улс даяар хичнээн эрдэнэт хүний амь нас сүйдснийг ард нь
үлдсэн зон олон мэднэ. Монгол Улс ямар ч том дайн тулаан, элдэв гамшигт ийм
олон иргэнээ алдаж байсан удаагүй, гадаад дайсан ч бус харин урвагч нар нь эх
орончдоо сөнөөж байсан цаг. Ингэж төр засаг өөрийн иргэдээ өөрөө хороосон нь
ганц Бадрах түүний үр хүүхдийн хувь заяа бус нийт түмний эмгэнэл, Монгол түмний
түүхэнд хар толбо болон үлдсэн юм. Тавь гаруй жилийн дараа гэм буруугүй
хороодсон Бадрах тайж, түүний хоёр хүүгийн нэр цаасан дээр л үлдсэн дээ. Гэсэнч
тэд аль хэдийн хорвоогоос ор мөргүй халин одсон байлаа.
Дулам эр нөхөр, үр хүүхдүүдүүдээ цөмийг алдаад
эцэст нь өөрөө явж чадахгүй тахир дутуу болоод уй гашууд автсаар тэднийхээ хойноос
одсон доо зайлуул. Бадрах тайжийн удам угсааныхан Бургалтайд бий, Тэд эзэн
Чингэсийн алтан ургын нэгэн сэжим гэдгээрээ бахархдаг ч амьдралд нь тохиосон
энэ эмгэнэлд хилсээр хороогдсон өвөг дээдэс, олон жилийн турш аймшиг түгшүүрийн
дор зовж явсан тухайд өөрсдөө чухам ямарбуруутайг одоо болтол мэдээгүй яваа юм. Эдүгээ тэр гашуун
үйл явдлын ул мөр нь улам бүдгэрч, нарт хорвоод нэгэн үеийхнийг маань дайрсан
хар сүүдэр өнөөг хүртэл арилаагүй л байна.

Бургалтай нутгаас гучаад оны аллагад хэлмэгдэн цаазлагдсан Бадрах тайж болон түүний хоёр
хүү Дагва бичээч, Гомбосүрэн |Гомборэн|нар болон Бургалтайн хамгийн залуу лам
Дамдин, Самбуу, Доной, Сандаг, Цэрэнгалсан, Чагдар, хилсээр хороогдсон боловч
материал нь олдохгүй тул цагаадаагүй байгаа Цэвээний Түндэв гэлэн, Цогтын
Гэндэн  нарын дурсгалд зориулав.
Мангалын Хишигбадрах |Бадрах|тайж,
нас 75. 1938 оны 6 дугаар сарын 24-ны 24 дүгээр тогтоолоор цаазлагдсан. 1993
онд цагаадсан. Хишигбадрахын Дагва тайж, бичээч, нас 48, Хишигбадрахын
Гомбосүрэн тайж, нас 41. Хоёул 1939 оны  нэгдүгээр
сарын 16-ны нэгдүгээр тогтоолоор цаазлагдсан. 1990 онд мөн хоёул цагаадсан. Дампилын
Дамдин гавьж, нас 34. 1937 оны 11 дүгээр сарын 2-ны хоёрдугаар тогтоолоор
цаазлагдсан. 1991 оны нэгдүгээр сарын 26-ны 204 тоот тогтоолоор цагаадсан. Гомбодоржийн
Доной гавьж, нас 32,  Батын Сандаг гавьж,
нас 32, Батын Цэрэнгалсан гавьж, нас 34, Мөржавын Самбуу гавьж, нас 34. Бүгд
1938 оны 4 сарын 14-ны 14 дүгээр тогтоолоор цаазлагдсан. 1993 оны тавдугаар  сарын 8-ны 111 тоот магадлалаар цагаадсан.
Замбагын Чагдар гавьж, нас 34. 1938 оны 2 сарын 11-ны дрөвдүгээр тогтоолоор
цаазлагдсан. 1992 оны 7 сарын 6-ны 107 тоот магадлалаар цагаадсан.


Н.Бадарч /АНУ/

 

Comments   

 
0 #2 Guest 2011-12-24 23:39
Zorigt vangiin hoshuuhd manai emee Dulam gedeg hun bagtaj baisan baihaa,ta urgeljluulj bicheerei,herve e medej baival...
Quote
 
 
0 #1 Guest 2011-12-06 03:43
Яаж ингэж сайн судалсан байнаа? Зоригт Вангийн хошууныханд манай эмээ байгаа.
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио