Thu08212014

Last updateSun, 17 Aug 2014 7am

 
 
Back Та энд байна: Home МОНЦАМЭ - мэдээ Чулуунцэндийн Хатанбаатар: Циркийн урлаг хөгжихөд орон зай, цаг хугацаа гэж хоёр чухал зүйл хэрэгтэй

Чулуунцэндийн Хатанбаатар: Циркийн урлаг хөгжихөд орон зай, цаг хугацаа гэж хоёр чухал зүйл хэрэгтэй

 

Ярилцсан М. Саруул-Эрдэнэ (МонЦаМэ)

Хадгаа бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Урлагийн үзлэгт манай ангийг ганц авч гардаг нь Хадгаа л байлаа. Өнгөрсөн зун нутагтаа амарч байхдаа Хадгаагийн Дамбадаржаа дахь зуны байшинд очиж, агаар салхинд мах шаран сууцгаасан юм. Ангийн хүүхэд болохоор анхандаа ч ярилцлага авъя гэж огт бодоогүй л дээ. Гэтэл тэднийд Монгол циркийн үүсэл хөгжлийг харуулах үнэхээр ховор, түүхэн зургууд олноор байсныг сонирхон лавласаар нэг мэдэхэд ярилцлага болж орхисон маань энэ.


 

Нэг: Монголын цирк 1941 оноос урлаг болон хөгжсөн.

М.С. Энэ их эртний зураг байна аа даа?

Хадгаа: 1941 он л доо, 41 онд Монголын цирк анх үүд хаалгаа нээсэн, ер нь бол цирк гэдэг урлагийн суурь тавигдаж байгаа зураг. Улаанбаатар хотноо Яармагийн дэнж дээр, задгай талбай дээр.

 

М.С. Нээлтээ хийхээсээ өмнө жүжигчдээ Орост бэлдсэн үү?

Хадгаа: Үгүй ээ, Энэ хүмүүс бол ерөөсөө цэвэр Монголын бүтээгдэхүүнүүд. УГЖ Раднаабазар гуай Орост сурч байхдаа циркийн эрдмийг өвөрлөж ирээд анхны жүжигчдийг бэлдсэн юм байна лээ л дээ.

За энэ зурган дээр циркт парад гэж байдаг нь энэ байна. Энэ бол манай хамгийн анхны парад. Тогтсон уламжлал шүү дээ, одоог хүртэл циркийнхэн парадаа хийдэг. Циркийн тоглолт эхлэх, дуусахад жүжигчид  жагсан гарч ирж, хөтлөгч бүгдийг нь танилцуулдаг. Энэ бол жинхэнэ эх зураг нь даа.

М.С. Хөөх, тийм үү?

Хадгаа: Яаж байна, хуулбар юм шиг байна уу?

М.С. Үгүй л дээ, зүгээр юмыг яаж мэдэхэв гээд шалгаж байна. (инээлдэв). Тэгвэл цирк Монголд 1941 оноос хөгжжээ гэж ойлгож болох нь ээ?

Хадгаа: Тусгай урлаг болон хөгжсөн нь 41 оноос л доо, түүнээс өмнө бол нөгөө нэг салбадай, бадарчин энэ тэр гэдэг чинь бол байж л байсан.

Энэ бол нөгөө Ардын жүжигчин алиа Данзан гэдэг хүн чинь шүү дээ.

За, энэ бол “Хэрчим дээрх тэнцвэр” гэдэг зураг. Сандаг гэдэг хүн. Чөрөөн Сандаг гэдэг юм байна лээ.

Энэ бол агаарын гимнастик “бамбук ” гэдэг үзүүлбэр нь. Тавиад оны зураг байх шүү. Энэ нөгөө алдарт эмэгтэй Цэнд-Аюуш гэдэг хүн байгаа юм. Дээдэх нь Батхүү гэдэг хүн.

М.С. За энэ чинь харин таньдаг улсууд байх чинь вэ?

Хадгаа: Аан, энэ 60, 70, 80, 90-ээд оны алиалагчдын төлөөлөгчид байгаа юм. Цээеэ, Батсүх, Мандах, Батболд,  Магсаржав, Хатанбаатар нар байна даа. 1988 оны зураг. Циркт алиалагчийн дүр гэж заавал байх ёстой. Батсүх, Мандах хоёр бол циркийн хэлээр ч алиалж чаддаг, ярианы хэлээр ч алиалж чаддаг чадварлаг жүжигчид байсан шүү.

М.С. Энэ илбэчин Цэнд-Аюуш гуай юу даа?

Хадгаа: Тийм ээ. Энэ хүү нь. Аав хүү хоёр Монголын циркт өөрсдийн гэсэн үзүүлбэрүүдийг нээсэн хүмүүс. Илбэ чинь дотроо олон төрөл байна л даа. Хүү Алтанхуяг нь нэг гараа эргүүлэхэд нэг бөмбөг гараад ирдэг, дахиад эргүүлэхэд хоёр болчихно, дахиад эргүүлэхэд таван бөмбөг болчих жишээний гараараа илбэ үзүүлдэг байсан бол Цэнд-Аюуш гуай том том хэрэгсэл ашиглаж,үзүүлбэрүүдээ толилуулдаг байлаа.

За энд гавьяат жүжигчин Дамдинсүрэн гэдэг хүн байна. Намайг бага байхын л хазгар, таягтай өвгөн циркт байдаг байсан юм. Энэ цагаан морь бол их мундаг жүжигчин байсан юм гэнэ лээ. Их олон үзүүлбэр үзүүлдэг, хүний хэлээр ярихаас бусдыг хийдэг мундаг сургалттай морь байсан гэдэг.

М.С. Манай Монголын циркийн үзэсгэлэн болмоор сайхан цуглуулга танайд байгаа юм байна. Циркийн түүх, хөгжлийн талаар базан хэлбэл юу гэх сэн бол?

Хадгаа: Энэ жил циркийн 70 жилийн ой болж байна л даа. Циркийн хөгжлийн явцыг хорь хорин жилээр авч үзвэл эхний хорин жил нь 1941- 1961 он, анхдагчид, алтан хараацайнуудын үе байлаа. Дараагийн хорин жил нь 1961- 1981 он, жүжигчид нь гадаадад явж боловсрон, маш сайн бэлтгэгдэж байсан үе л дээ. Тэгээд 1981- 1991 оны үе бол хөгжлийн оргил байсан шүү. Энэ үед Монголын циркийн шилдгүүд гэж нэрлэгддэг хүмүүс бүгд тоглож байсан юм аа л гэж хэлмээр байна даа.

За тэгээд 1991 оноос хойш яахав дээ, цирк маань үндсэндээ их хүнд байдалд байсан даа. Халаалт байхгүй, цэв хүйтэн. Энэ үеэс циркийн маань эрч хүч буурч эхэлсэн юм аа (санаа алдав)

М.С. 90-ээд оны үед цирк тоглож байл уу? Санагдахгүй байх чинь.

Хадгаа: Тоглосоон тоглосон. Тоглохоор барах уу, тэр үед чинь урлагаа хөгжүүлнэ гээд хүйтэнд, хоёр хүнд ч хамаагүй тоглодог байсан үе. Үзэгчид нь үстэй дээлтэй суугаад, харин жүжигчид маань өнөөх циркийнхээ хөнгөн нимгэн хувцастай тоглолтоо үзүүлдэг л байсан шүү дээ. Тэгээд 90-ээд оны сүүл үеэс цирк маань бутарч, эрч нь бүр ч суларч эхэлсэн дээ. Ихэнх жүжигчид циркээсээ гараад гадаадын цирк рүү явж эхэлсэн. Би ч аав ээжийнхээ захиас, сургаалийг дагаад циркээ хаяхгүй гээд зүтгээд байдаг, зүтгээд байдаг, нэг мэдсэн үеийнхнээсээ ганцаархнаа үлдчихсэн байдаг байгаа. Тэгээд л “За за бүгд ажил амьдралаа хөөчихсөн юм байна ш дээ” гэж бодоод л 1999 онд циркээс үндсэндээ гарсан л даа. Цирк ер нь утгаа алдаж эхэлсэн, бүх зүйл дээр хувийн сонирхол давамгайлж эхэлсэн юм.

М.С. Хэзээнээс хувийн циркүүд байгуулагдаж эхэлсэн юм бэ?

Хадгаа: 91 оноос. 1993 онд Монголын циркчдийн их наадам гэж болоход хувийн найман цирктэй байсан ш дээ.

М.С. Мундаг олон цирктэй байжээ?

Хадгаа: Үгүй ээ, юу л даа хө, тэр дотор чинь цирк гэж хэлэгдэхээр нь ч бий, хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө цирк гэж тодорхойлж байгаа нь ч байсан. Тэгээд ч нэг нь ч үлдээгүй л дээ. Бүгд дампуураад алга болсон. Дээд тал нь 2, 3 жил яваад л байхгүй болсон. За тэгээд яахав, би ч нэг хэсэг ганцаараа л явлаа. Чөлөөт уран бүтээлч болоод.

М.С. Цирк яаж байв?

Хадгаа: Цирк ер нь хэцүүдсэн л дээ. Байдал бол маш хэцүү болсон. Тэгээд л тэр уран сайхны бодлого гээд л бүх л юм нь алдагдсан. Үзэгчидгүй болсон, сайхан чадалтай багш нар дутагдаж ирсэн.

М.С. Тэгээд хувьчлагдсан хэрэг үү?

Хадгаа: Тэрийг л далимдуулж хувьчлагдах яриа 2000 оноос гарч эхэлсэн дээ. Угаасаа тэрнээс эхлээд улсын циркийн үйл ажиллагаа бүр тасалдаж эхэлсэн юм. Хувьчлалын тухай яриа олон жил яригдаж, ажилчдыг ч олон жил зовоосон доо. Тэр хооронд бол үйл ажиллагаа нь явагдаж л байсан юм.

М.С. Одоо тэгээд Монголд албан ёсны хэдэн цирк байна вэ?

Хадгаа: За даа, цирк гэж нэрлэж, дүгнэж болохуйц нь гэвэл , гурав дөрвөн цирк л байна даа. Үндэсний цирк, Шинэ цирк төв, Хан Монгол морьтны холбоо, тэгээд манайх. Хан Монгол бол морины үзүүлбэрээр дагнасан. Шинэ цирк бол уран нугаралтыг голлосон, манайх бол харин бүрэн хэмжээний цирк шүү, энэ үгийг би биш, циркийн мэргэжилтнүүд, үзэгчид тэгж дүгнэдэг юм. Бүрэн хэмжээний гэдэг чинь агаарын гимнастиктай, акробаттай, амьтантай, алиалагчтай циркийг хэлж байна.

 

Хоёр: Цэвэрлэгчээс циркийн эзэн хүртэлх зам.

М. С. За циркийн түүхийн талаар ийм байдаг байж. Харин чиний циркчин болсон түүх юу билээ? Хичээлдээ ирэхээсээ илүү цирк рүүгээ гүйгээд алга болчихдог байсныг чинь санаж байна.

Хадгаа: Тэр ч тийм байсан шүү. Би чинь 5-р хорооллын хүүхэд шүү дээ. Цирк, цэцэрлэг, сургууль, гэр бүгд ерөөсөө их ойрхон, нэг л тойрогт байна. Манайхыг чи мэднэ дээ, Чихэр боовны үйлдвэрийн (одоогийн Өгөөж) урд байдаг байсан. Би чинь багадаа чихэр боовны үйлдвэрийн хашаан завсраар шургаж ороод халуун боовыг нь идэж өссөн хүүхэд дээ.

М.С. Туучихдаг байжээ дээ?

М. Хадгаа: Юун туух, “бэлгэнд авахгүй юү” (инээлдэв). Хүүхэд насны гэнэн томоогүй үе байж л дээ.

М.С. Би ч бас танай циркийг орой бүр “үнэгүй” үзчихдэг хүүхэд байлаа. Тийм болохоор энэ циркчид, үзүүлбэрийн зургууд маш дотно харагдаж, бага насыг маань дуртгаж байна. За тэгээд, нөгөө циркчин болсон түүх яасан билээ?

Хадгаа: Тэгээд яахав дээ хичээлдээ яваад л, гэхдээ хичээл гэж анхаарахаасаа илүү дугуйлан руугаа зүтгэх нь их байсан байх шүү. Чи бид хоёр ер нь хоёулаа нэг их сурлагатай хүүхдүүд байсангүй шүү, тийм ээ?  Манай байрны нэг ах намайг “Энэ дандаа гүйж явдаг, ядардаггүй юм байх даа” гэж хэлж байсан. Тэгэхэд л өөрийгөө нээрээ би дандаа гүйж явдаг юм байна ш дээ гэж бодож билээ. Өглөө хичээл рүүгээ гүйж хүрчээд, өдөр гэр лүүгээ гүйж харина, тэгээд цайгаа уучхаад бэлтгэлийнхээ хувцсыг, чишиктэйгээ аваад цирк рүү гүйнэ, тэгээд циркээсээ буцаад гүйгээд ирчихнэ, маргааш өглөө нь  хичээлдээ бас л гүйгээд оччихно. Бодоод байсан чинь дандаа гүйж байсан байгаа юм даа.

М.С. Цирк рүү хэдэн настайгаасаа “гүйж эхэлсэн” бэ?

Хадгаа: Би циркт зургаатайдаа орсон.

М.С. Өөрийнхөө сонирхлоор орсон юм уу, аав чинь хөтөлж оруулсан юм уу?

Хадгаа: Аав л анх оруулчихсан юм. Тэгээд л яваандаа дасаж дуртай болсон юм уу даа. 6 настайгаасаа Соёлын Төв Ордоны дугуйланд явсан юм. Тэгээд дараа нь 12 хүрээд тэндээсээ Улсын цирк рүү шилжсэн юм.

М.С. Дугуйланд юу сурч байв?

Хадгаа: Хар багаасаа гар хөлөө татуулаад, сунгалтын  дасгал гэх мэтчилэн үндсэн юмнаасаа суралцаж эхэлсэн дээ. Тэгээд нэг мэдсэн чинь намайг алиалагч руу оруулчихсан байсан.

М.С. Өөрөө алиалагч болно гэж бодоогүй юм уу?

Хадгаа: Үгүй ээ, бас л манай аавын л бодол байсан байх. О. Машбат, Т. Цэнд-Аюуш гэдэг хүмүүст шалгуулаад л арван хоёртойгоосоо алиалагчаар явчихсан даа.

М.С. Бодвол алиалагч болох ирээдүйтэй нь харагдсан байх л даа. Циркийн дунд сургуульд хэзээнээс сурсан юм бэ?

Хадгаа: Циркийн дунд сургуульд чинь 18-тайгаасаа сурсан. 8-р ангиа төгсөөд ороогүй юм аа. Яагаад гэхээр манай багш О. Машбат “Өө миний хүү хамгийн доороос нь эхэлнэ ээ” гээд циркт цэвэрлэгч болгочихдог юм. Манай багш циркийн уран сайхны удирдаач байсан юм. Тэгээд цэвэрлэгчээ нэг жил хийлээ. Тэгсэн сүүлд нь намайг “эрэгтэй хүүхэд мөртлөө шал мал сайн арчдаг, энэ ер нь сайн цэвэрлэгч шүү” гээд “манайх гадаа цэвэрлэгчгүй болчихсон, одоо гадаа гарч цэвэрлэгч хийнэ ээ” гэдэг байгаа. Тэр үед чинь талбайн цэвэрлэгч гэж байсан юм. Гаднах навч мавч, хог мог түүдэг. Тэгээд би багшдаа хэлж байгаа юм. (Би чинь том багшийн шавь ш дээ) “Багш аа, би гадаа цэвэрлэгч хийгээд байхдаа яадаг юм бэ? Ичмээр байна ш дээ, онигоотой ш дээ, гадаа цэвэрлэгээ хиймээргүй байна аа. Би циркийн сургуульд оръё л доо” гэсэн. Тэгсэн багш маань “За за, миний хүү шал хангалттай угаалаа, одоо циркийн сургуульдаа ор ор” гэдэг юм. Тэгээд л би чинь циркийн сургуульдаа 2-р курсээс нь ордог байхгүй юү. Тэгээд манайхан чинь ангиараа тайзны цирк эстрад-д ажилласан шүү дээ. Тайзны цирк эстрад гэж тэр үед цахилгаан хөгжим ард нь тоглодог, аянд нь дуучин дуулдаг, дууны аянд бүжиглэдэг тийм хэлбэрээр тоглодог байсан юм. Цирк хамтлаг гэж байлаа ш дээ.

М.С. Тэр үед чи алиалагчаа хийдэг байсан уу?

Хадгаа: Хийнэ ш дээ. Бүгдийг нь л хийнэ ш дээ. 2003 он хүртэл хийсэн. 2003 оноос хойш би хувийн циркээ байгууллаа. Улсын циркийн байдал, явц энэ тэр нэг л биш санагдаад, ерөөсөө таалагдаж өгөхгүй, тэгээд л циркээ байгуулсан л даа. Анх, хэдэн найзуудтайгаа, дөрвүүлээ байлаа. Улсын заан Одгэрэл, нугараач Давааням, Болдням, тэгээд би. Одгэрэл, Болдням хоёр хүч тамир үзүүлдэг байсан юм. Давааням нугарна.

М. С. Ер нь ингэхэд чи хамгийн анх үзэгчдийн өмнө хэзээ гарсан юм бэ?

Хадгаа: Хамгийн анх 1983 онд байх аа, Улсын циркийн тайзан дээр гарч байсан. Шинэ жилийн хөтөлбөр байсан юм. Ботготойгоо хичээлдээ явдаг хүүхдийн тухай. Тэрэн дээр жаахан акробат энэ тэр хийж байсан. Инээдмийн үзүүлбэр байсан юм.

М. С. Циркчдийг хүмүүс нэг л үзүүлбэрээр нь сайн мэдэх боловч бусдынхаа бүх номероос заавал мэддэг байх ёстой гэдэг юм билээ. Чиний хувьд чухам шалгалт авах боллоо гэж бодоод юм үзүүл гэвэл, өөрөөр хэлбэл нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг шаардлага гарвал юу юун дээр тоглож чадах вэ?

Хадгаа: Ерөөсөө циркийн жүжигчид ингэнэ л дээ. Циркийн сургууль төгсөнө, тэнд боловсорно гэдэг бол циркийн бүх төрлийг эзэмшинэ гэсэн үг. Циркт үндсэн таван төрөл гэж байна л даа. Тэр таван төрлийг эхний хоёр жил эзэмшээд, дараагийн хоёр жилд нь ямар үзүүлбэрт авьяастай байна, тэрийгээ дагнаад сурдаг байсан юм. Яг одоо надаас шалгалт авна аа, чи юу үзүүлэх вэ гэвэл би юуг ч толгойн дээрээ тогтооно доо. Өвснөөс эхлүүлээд сандал, ширээ хүртэл толгойн дээрээ тавихад тогтож л байна. Энэ олон жилийн дараа энэ л үлдэж. Урд нь би гар дээрээ сайн тогтдог байсан юм аа.

 

Гурав: Мундаг аавын хүү шүү, би.

М.С. Чи түрүүн хэллээ, циркт хөтөлж оруулсан гол хүн аав чинь гэж. Манай ангийнхан бол танай аавыг Өглөө киноны Гүржавт тоглодог гэдгээр л мэддэг, бас зарим нь танай гэрт хийгээд тавьчихсан байдаг аавын чинь багийг их тод санадаг юм байна лээ. Аавынхаа тухай хуучлаач.

Хадгаа: Ямар ч л байсан нэг удаа би аавтайгаа хамт Цагаан сараар нэг айлд золгочхоод буцаад автобусаар явж байхад хүмүүс бүчээд, нөгөө автобусан дотор чинь хүмүүс аавтай золгоцгоогоод байсан. Тэгэхэд л би “ямар сайхан юм бэ” гэж бодож байсан. Манай ангийнхан яагаад тэр маскны тухай мэдээд байгаа юм бэ гэхээр аав далаад оноос маск хийж эхэлсэн хүн. Тэр чинь бас их сонирхолтой, амаргүй ажил байгаа юм л даа. Түүх дурсгалын баримал хийхэд бол хөдөлгөөнгүй царцангиар хийдэг дээ, харин аавын хийдэг тийм маск бүтээхэд тэр хүүхэлдэйг хүн шиг яаж амыг нь ангайлгах вэ, яаж амаар нь инээлгэх вэ, яаж нүдээр нь инээлгэх вэ, үс нь хөдлөх үү, гарын таван хуруу нь хөдлөх үү, яаж явах вэ, таягтай хүүхэлдэй байх уу, утастай хүүхэлдэй байх уу гэж бодож амилуулж хийдгээрээ бусад барималчдаас ялгаатай байдаг. Манай аав бас бурханы маск хийдэг байсан. “Арван Хангал” гэдэг бурханы маск хийдэг байсан юм. Тэрүүгээрээ л амьжиргаагаа дээшлүүлж, гадаад дотоодынхонд зардаг байсан юм шиг байгаа юм. Тэр үед ямар юмных нь жуулчин байхав. Орос, Чех, Унгар, Румыны мэргэжилтнүүд авдаг байсан юм шиг байгаа юм. Бас гадаад орны элчингийнхэн авдаг. Одоо би боддог юм аа, хөөрхий аав маань хоёр гурван маск хийгээд, цүнхлээд л аваад гардаг байсан юм. Одоо тэр чинь элчингийн хаалган дээр зогсдог л байсан гэсэн үг байх л даа айн, одоо бодоход.

М.С. Цаг хэцүү байсан үе дээ. Овоо баригддаггүй л байсан юм байж дээ?

Хадгаа: Өө, баригдана аа, баригдана. Баригдана, байцаагдана, тэгээд торгуулдаг ч юм уу, нэг юм болно ш дээ. Тэгж маскаа зараад надад дугуй авч өгч байлаа. 20 төгрөгөөр бил үү, 200 төгрөгөөр бил үү. Тэр үедээ би чинь хийлдэг дугуйтай, мундаг, айн, гэтэл миний муу найз Нандиа 75-ын дугуйтай л миний ард амьсгаадна шдээ (инээв). Нандиа ард жийж байхад би урд нь шарикдаж байлаа даа. Миний найзын 75-ын дугуй шарикддаггүй, шувт жийгээд байдаг, жийгээд байдаг, гэтэл би урд нь хөнгөхөн шарикдаад бамбалзаад явж байна шдээ. Гэм нь их хагардаг л байсан юм, миний дугуй.

М.С. Ямар ч байсан авьяасаараа хүүдээ дугуй аваад өгчихсөн л аав байна даа.

Хадгаа: Өөр олон авьяастай. Манай аав чинь бүжигчин байсан юм. Тэр үеийн 3-р хорооны клубын бүжигчин байсан, тэндээс л урлагийнхаа гарааг эхэлсэн гэдэг юм. Хорооны клубын жүжигчин гэдэг чинь бүгдийг нь хийдэг байсан юм биш үү. Хөгжмийг нь тоглодог, жүжигт нь жүжиглэдэг, бүжиглэнэ, дуулна, намаа магтан дуулна, эх орноо, Чойбалсангаа магтан дуулна. Ильичээ магтан дуулж л урлагийн замд орсон түүхтэй юм билээ. Бас баян хуур, хуучир ч тоглодог байсан байгаа юм.

М.С. Танайд байгаа тэр баян хуур ямар учиртай юм бэ?

Хадгаа: Тэрийг манай аав тоглож байсан юм. 1954 онд Монголд ерөөсөө хоёрхон ширхэг орж ирсэн юм гэнэ лээ. Цав цагаан, ясан товчтой тэр хоёрын нэг нь л одоо надад хадгалагддаг юм даа. Манай аав бас хуучир урладаг байлаа. Дөрвөн утастай, их гарын том хуучир. Тэрийг ерөөсөө тавхан ширхгийг хийсэн юм. Гэрт бол заавал нэг байдаг байсан юм. Тэгээд хийчихээр ерөөл магтаал хэлдэг хүмүүс ирээд хуучрыг нь худалдаж аваад явчихдаг байлаа. 5000 төгрөгөөр зарж байсан шиг л санаад байх юм. Үгүй ээ 500 байх аа. Тэр чинь тэр үеийн сарын цалин ш дээ. Манай аав 600 төгрөгийн цалин авдаг байсан санагдана. Далаад оноос хойш аав хүүхэлдэйн театрт ажилласан. Тэрнээс өмнө Ардын Дуу Бүжгийн Чуулгад гоцлол бүжигчин байлаа. Одоо энэ Сэвжид гэдэг хүний чинь шавь шүү дээ. Жараад он юм шиг байгаа юм. Тэгээд Төмөр Замын Чуулгад бүжгийн багшаар ажилласан, бас Драмын театрт драмын жүжигчин байсан байгаа юм. Завсраар нь хэд хэдэн кинонд тоглочихсон, хүмүүс Гүржаваар нь их таньдаг юм.

М.С. Ингэхэд чи циркээ хаяад поп урлагт нэг хэсэг хүч үзэх гэж байв уу, үгүй юу? Эсвэл “Цэцэг ичээм” гэж дууг хобби маягаар, ажлынхаа хажуугаар хийсэн юм уу?

Хадгаа: (инээв) Ямар юмных нь поп мопод хүчээ сорихов дээ. Тэр дуу яахав дээ, сэтгэл хөдлөлөөс л төрсөн дуу байгаа юм.

М.С. Сэтгэл чинь чухам яаж хөдлөхөөр тийм дуу төрж байна? Жаахан тодорхой яриач, хөө.

Хадгаа: За тэр дуу чинь 1999 онд УБ- Замын-Үүдийн 256-р галт тэргэнд төрж байлаа гэж. Яруу найрагч, циркийн илбэчин Баярсайхан бид хоёр бичсэн дээ хө.

М.С. Хоёулаа нэг бүсгүйд дурлаа юу?

Хадгаа: Сүртэй дурлаагүй л дээ, галт тэрэгний цонхоор харагдсан нэг проводник хүүхэн байсан юм. Их сайхан, дөлгөөхөн хүүхэн байлаа. Тэгээд л тэрэнд зориулаад бичсэн юм. Дараа нь ая нь гараад ирж байсан. Тэгээд нэг мэдсэн явсаар байгаад хит мит болчихсон тууж явсан шүү.

М.С. Хэдэн хоногт гарсан дуу вэ?

Хадгаа: Нэг долоо хоногт л гарсан дуу даа. Клипийг нь манай нэг найз, оператор Золжаргал хийж өгч байсан юмаа.

 

Дөрөв: Монгол улс циркээ анхаарах хэрэгтэй

М.С. “Хадгаа цирк”-ээ хэрхэн байгуулсан талаар яриач.

Хадгаа: Өөрийнхөө үзлээр, өөрийнхөө бодсоноор цирк байгуулъя гэж бодсон юм л даа. Циркийн бодлого, байдал миний санаанд хүрэхгүй байлаа. Цирк маань байгуулагдаад 8 жил болж байна. Энэ 8 жилийн дотор сайхан өргөжлөө. Их ч юм сурлаа, алдаж онож явсан үеүд ч байлаа, уйлаад явж байсан өдөр ч байлаа, гомдож ч, баярлаж ч их үзлээ. Одоо 60 жүжигчинтэй байна. Олон улсын төвшинд үзүүлбэр үзүүлдэг чадварлаг жүжигчид байна, бэлтгэгдэж байгаа 20 гаруй шавь нар маань байна.

М.С. Жүжигчдээ хаана бэлддэг вэ?

Хадгаа: Жүжигчдээ эндээ л бэлдэж байна л даа. Хуучин цирктээ бэлтгэлээ хийгээд л.

М.С. Одоо циркийн дунд сургууль байдаг юм уу?

Хадгаа: Циркийн дунд сургууль одоо Хөгжим бүжгийн коллежийн циркийн анги болсон. Тэрийг төгссөн хүүхдүүдээс манайд орж байна, зарим нь өөрсдөө биеэ даацгааж байна.

М.С. Танай циркийн нэрний тухайд?

Хадгаа: Circus Mongolia Khadgaa гэж байгаа юм л даа. Нэгдүгээрт хувийн гэдэг утгаараа, хоёрдугаарт үндэслэн байгуулсан хүн гэдэг утгаараа өөрийнхөө нэрийг оруулсан юм л даа.

М.С. Хаагуур хаагуур тоглолт хийж байна вэ?

Хадгаа: Бид нар анх циркээ байгуулаад 2003 оноос Японд хоёр жил ажилласан л даа. Японыг тойрсон, япончуудад өөрсдийгөө таниулсан. Тэгээд тэрнээс хойш өргөжиж эхэлсэн дээ. Туркэд тоглосон, Ирланд улсыг хоёр жил тойрлоо. Тайваныг тойрлоо, Францын алдартай циркт тоглолоо.  ОХУ-ын хэд хэдэн хотуудаар одоо зарим маань тоглож байна.

М.С. Танай циркт ямар ямар үзүүлбэрүүд байгаа вэ?

Хадгаа: За даа циркийн урын санд байдаг бүх төрлийн л үзүүлбэрүүд байна даа. Хүч тамирын үзүүлбэрүүд, агаарын гимнастикаас эхлээд бүгд байгаа байгаа.

М.С. Жүжигчдийнхээ тоглолтыг хараад сууж байхад юу бодогддог вэ?

Хадгаа: Бахархана шүү. Тэнд чинь би гэж нэг догдолсон л хүн байна шдээ. Алганы хөлс байнга гараастай. Алдчих вий, бэртчих вий гэж их санаа зовно. Сайхан тоглолтын дараа маш их бахархана

М.С. Гадаадад Монголын нэрийг циркийнхэн маш сайнаар гаргах юм даа. АНУ-д гэхэд л бүхий л алдартай циркэд заавал нэг монгол байх.

Хадгаа: Тийм шүү, манайхан мундаг аа мундаг. Тэд чинь Монголын циркчдийн чадвар чансааг харуулж байна даа.

М.С. Ийм сайхан үүх түүхтэй Монгол цирк гээч урлаг өдгөө ямар байдалтай байна вэ?

Хадгаа: Яахав дээ хө. Ер нь 90-ээд оны дунд үеэс байдал, циркийн амьдрал, ирээдүй муудаж эхэлсэн гэж хэлсэн. Одоо болтол циркийн урлаг маань өмнөх шигээ сэргэж чадахгүй л яваад байна гэж хэлмээр байна. Циркийнхныг дор дороо бие  даагаад, нэгдэж ажилласангүй гэж хүмүүс шүүмжилдэг юм л даа. Гэхдээ заавал нэгдэж ажилласнаар циркийн урлаг дээшээ хөгжиж босно гэж байхгүй. Цирк гэдэг урлагт заавал цаг хугацааны шаардлага байдаг. Олон жил сургуулилт хийж байж нэг үзүүлбэрийг гаргадаг юм. Тэгээд бас орон зай гэж нэг айхтар юм хэрэгтэй байдаг. Циркийг орон зайн урлаг ч гэж хэлдэг. Цирк гэхээр заавал тийм бөмбөгөр, дээшээ ашиггүй гэж санагдахуйц зайтай, тэнд нь нэг их олон юм байдаг биз дээ. Зайлшгүй тийм орчинд л цирк хийж байж л цирк гэсэн утгаа хадгалдаг л даа. Манайд тийм байр савны хувьд хэцүү л дээ. Гэхдээ тохируулаад л өөрсдийнхөө номерыг хийнэ шүү дээ хө.

М.С. Тэгээд Монголын цирк одоо унаж байна уу, буцаад сэргэж байна уу?

Хадгаа: Одоо айхтар хөгжиж байна гэж би хэлж чадахгүй. 90-ээд оноос хойш хөлөө алдсан циркийн урлагийг тэр хөгжиж байсан 80-аад оных төвшинд нь л аваачих гэж хичээж байна даа. Гадаад улсуудад ч тэр, цирк нь хөгжиж байгаа газрууд байна, унаж байгаа ч газрууд байна.

М.С. Дуурь, драм, ардын дуу бүжиг, балет гэх мэт олон сайхан урлаг, урлагийн байгууллагууд хувьчлагдаагүй. Төрийн дэмжлэгээр амжилттай хөгжсөөр байна. Циркийг бас тодорхой хугацаанд төрийн мэдэлд байлгаад дэмжээд явсан бол юманд хүрч мэдэх л байсан байх л даа. Нөгөө талаас бас циркийнхэн өөрсдөө их олноороо гадаад дотоод явсан, хоорондоо түнжин муутай байсан нь ч хувьчлагдахад нөлөөлөө байлгүй дээ. Зарим салбар ч яахав, хувьчлагдаад улам гялалзаад явах бол зарим салбарт, ялангуяа мөнгө их зарж байж тоглолтоо босгодог цирк мэтийн урлагийн салбарт бол яалт ч үгүй төрийн бодлого хүч хэрэгтэй л дээ.

Хадгаа: Ер нь цирк нь хэдэн зуун жилээр хөгжөөд ирчихсэн улсуудын циркүүд бол дандаа хувийнх байдаг. Холын ирээдүйд бол мэдээж энэ зам руу орох л байсан байх. Гэхдээ манай улсын түвшинд бол чиний хэлж байгаа шиг арай эртэдсэн байж ч магадгүй л юм. Жишээлбэл, Казакстаны цирк байна. Төр засаг нь циркээ хувьчилчихсан. Тэгэнгүүтээ сар болсны дараа буцаагаад төр нь авчихсан. Сар хувьчлаад л буцаагаад авсан байгаа юм.

М.С. За сүүлчийн асуултаа асууя. Далан жилийн ойгоор ард түмэндээ ямар бэлэг барих гэж байна даа?

Хадгаа: 70 жилийн ойгоороо циркийн тухай баримтат кино хийх төлөвлөгөөтэй байна. Циркээ магтан дуулсан 2 дуу хиймээр байна. “Манеж-70” гэсэн тоглолт хиймээр санагдаж байна. Яг одоо циркэд дур сонирхол нь татагдаж эхэлж байгаа өсвөр үеийнхнийг энэ урлагт улам дур сонирхолтой болгох зорилгоор “Бяцхан циркчдийн наадам”-ыг зохион байгуулъя гэж бодож байна даа.

М.С. За баярлалаа, амжилт хүсье.

 

 

Comments   

 
-1 #15 Guest 2011-03-29 15:06
сайхан ярилцлага болжээ баярлалаа багшдаа амжилт хүсэе
Quote
 
 
0 #14 Guest 2011-03-28 17:32
Саруул -Эрдэнэ сайн ярилцлага авсан байна. Тал бүрийн авъяастай циркийн авъяаслаг жүжигчин, дуучин Хадгаадаа уран бүтээлийн өндөр амжилт хүсч аз жаргал ерөөе.
Чикагогоос ...
Quote
 
 
0 #13 Guest 2011-03-28 14:47
mongold cirk uwdug suhursun gesen shuu getel ene humuus chini owoo huduluh geed baigaan bishuu
Quote
 
 
0 #12 Guest 2011-03-28 14:46
monogliin cirkiin tuluu zaluuchuud yum hiigeed l baigaan baina shdee
Quote
 
 
0 #11 Guest 2011-03-27 09:35
Сонирхолтой сайхан ярилцлага байна баярлалаа
Quote
 
 
0 #10 Guest 2011-03-24 16:00
Ene tom urlagiin golyg tasalchilgui, hadgalaad l yavaa sain zaluu baina daa. Manaihaan, tsirkiinheen, ta nar bugd genet Mongoldoo ireed, Tsirkee huuchnaas ni iluu bolgon hoegjuulehgui yum uu? Mon ch saikhan urlag shuu dee.
Quote
 
 
0 #9 Guest 2011-03-24 15:18
chi bas huviinhaa amidraliig yarihgui yaav aa
Quote
 
 
+1 #8 Guest 2011-03-24 14:40
wow my atmaanii mundag shuu ta shuu amjilt ;-)
Quote
 
 
0 #7 Guest 2011-03-24 14:33
unduruus undur amjiltiig hvsie!!....urag shaaaa..
Quote
 
 
0 #6 Guest 2011-03-24 14:27
ulam ihiig hiihiin toloo uragshaa dandaa temvvlj ywtsgaay amjilt hvsiye
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио